Соёлын өвийн дархлааны асуудлаар зөвлөлдөж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас хамтран зохион байгуулж буй "Соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн" Улаанбаатар хотноо эхэллээ.

Өвөг дээдсээс бий болгосон соёлын өвийг хадгалж, хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал улс үндэстэн бүрийн хөгжлийн онцгой зорилт болсоор байна. Монгол угсаатан оршин байхын үндэс “Соёлын өвийн дархлаа”-ны асуудлыг төр захиргаа, мэргэжлийн байгууллага, судлаачдын түвшинд анхааран зөвлөлдөж дүгнэх шаардлага бий болсон. Тэр утгаараа анхдугаар зөвлөгөөнийг “Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлаа” сэдвээр зохион байгуулж байна.

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Хөгжингүй орнуудын жишгээр бид юун түрүүнд соёлын бодлогоо тодорхойлох хэрэгтэй, үүний дараа салбар бүрийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчинг сайжруулах нь зүйтэй. Соёлын салбарт хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа энэ үед соёл урлагийн байгууллагын удирдлагууд өв соёлоо хадгалах, түгээн дэлгэрүүлэх, орлогоо нэмэгдүүлэх зөв менежментийг өөрсдөө хийх хэрэгтэй. Ийм санхүүгийн хөшүүргийг бий болгох үүднээс орлогоо захиран зарцуулах эрхийг удирдлагад олгохоор ирэх оны төсвийн тодотголд тусгасан” гэлээ.

ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Соёлын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн хатагтай Хималчули Гурунг “Тогтвортой хөгжил – 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд соёлын үүрэг” сэдвээр илтгэл тавихдаа Соёлын бодлогын асуудлыг мөн хөндөж байлаа.

Соёлын өвийн тулгамдсан асуудлаа хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой уг зөвлөгөөнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн ЗДТГ - ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Боловсрол, соёл урлагийн газрын дарга, соёл, урлаг хариуцсан мэргэжилтэн, улс, орон нутгийн музейн захирал, зарим номын сангийн захирал, эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, соёлын өв хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн 250 гаруй хүн оролцож буй юм.

Энэхүү анхдугаар зөвлөгөөнд оролцогчдын хэлсэн санал, дэвшүүлсэн санаа бүхэн соёлын өвийг хадгалж хамгаалах, ашиглах, хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр байх болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.







Эх сурвалж: БСШУСЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.