Төмс, улаан буудайн дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрджээ
УИХын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдөр/10.23/-ийн хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн “Мал тооллого, малын тэжээл, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хүнсний ногооны хангамж”-ийн талаар мэдээлэл хийв.



2018 онд нийт 19.2 сая мал төллөж, 18.2 сая толгой төл хүлээн авсан. Одоогийн байдлаар 84.6 сая толгой мал намаржиж байна. Аймаг, орон нутгаас авсан мэдээллээр 2018-2019 оны өвөл, хавар улсын хэмжээнд 69.4 сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. 2018 оны жилийн эцсийн мал тооллогыг бүх шатны мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хадлан, тэжээл бэлтгэл аймаг, сумдын түвшинд 10 дугаар сарын байдлаар 79.2 хувьтай байна. Үүнд,1014.1 мянган тонн өвс, 42.1 мянган тонн ногоон тэжээл, 16.8 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 42.7 мянган тонн гар тэжээл, 2.4 мянган тонн дарш, 62.9 мянган тонн давс, хужир, шүү бэлтгээд байгааг салбарын сайд танилцуулгадаа онцлов.

Мөн тэрбээр, малчдын түвшинд хадлан, тэжээл бэлтгэл одоогийн байдлаар өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 100.0 мянган тонн өвс, 20.0 мянган тонн ногоон тэжээлээр илүү байгаа бөгөөд Газар тариалангийн ургацын урьдчилсан балансаар 86.3 мянган тонн ногоон тэжээл, гурилын үйлдвэрүүдээс 100-аад мянган тонн тэжээл үйлдвэрлэхээр тооцоо гарсан нь хүчит тэжээлийн хангамж хүрэлцэхүйц байхаар байна. Ашиглагдахгүй байгаа нөөц бэлчээрийг ашиглах, гантай байсан аймгуудад усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2018 онд 17 аймаг, 2 отрын бүс нутагт 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 174 инженерийн хийцтэй худаг гаргах ажлыг зохион байгуулж байна. Аймаг, орон нутгаас ирүүлсэн мэдээллээр 69.0 сая толгой мал өвөлжиж, 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал ирүүлээд байна. Үүнээс 460.0 мянган тонн мах бэлтгэх боломжтой байна гэж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд танилцуулгадаа, 2018 оны ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн  тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тооцогдсон. Ургац хураалтын ажил 09 дүгээр сарын 10-наас жигдэрч эхэлсэн хэдий ч 9-10 дугаар сард тариалангийн бүс нутгийг хамарч орсон бороо, цасны улмаас хүндрүүлсэн нөхцөлд хураалтын ажлыг үргэлжлүүлж байна. Ургац хураалтын явц 10 дугаар сарын 19-ний байдлаар нийтдээ 442.1 мянган тонн үр тариа, үүнээс  330.4 мянган тонн улаанбуудай, 160.1 мянган тонн төмс,  91.8 мянган тонн хүнсний ногоо, 89.9 мянган тонн тэжээлийн ургамал, 13.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы хураалт 75.3 хувьтай үргэлжилж, төмс, хүнсний ногооны хураалт дууссан. Энэ жил төмс, улаан буудайг дотооддоо 100 хувь хангахаар ургацын урьдчилсан дүн гарчээ гэж байлаа.

Цаашид Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 10 дугаар сарын сүүлийн 10 хоногийн эхээр  нийт нутгаар хур тундас, нойтон цас орох төлөвтэй байгаа тул ургац хураалтын ажлыг шуурхайлах арга хэмжээ авч энэ сарын 25-ны дотор талбайн ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Мөн ургац хураалтын ажилтай зэрэгцүүлэн чанар сайтай сортын үрийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхайлах, буудайн борлуулалтыг эрчимжүүлэх, шинэ ургацаас хүнсний буудай худалдан авсан гурилын үйлдвэрүүдийн арилжааны банкнаас авсан зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлэх асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн салбарт үрийн болон тэжээлийн буудай, ногоон тэжээл нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэлийн хангах ажлын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний эцсийн тайлан мэдээг 2018 оны 11 дүгээр сард Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.




Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Энхбаяр нар асуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс ногоон тэжээл тариалах асуудлыг салбарын зүгээс бодлогоор дэмжих ажлын явц, бэлчээрийг сайжруулахад авсан арга хэмжээний талаар илүүтэй тодруулж байлаа.

Засгийн газар 7 аймгийн 60 сумыг тариалангийн бүс нутгийг тогтоосон. Үүнийгээ түшиглэж эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд малын ногоон тэжээл тариалах шаардлагатай хэмээн бодлогоо тодорхойлсон. Энэ хүрээнд тэжээлийн үйлдвэрийг дэмжихээр БНХАУ-аас 24 сая ам.долларын хөнгөлттэй зээл авч, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар олгохоор болсон. Уг сан хадлан, ногоон тэжээл тариалах жижиг үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийг иргэдэд урт хугацаанд, бага хүүтэй нөхцөлөөр зээл олгохоос гадна салбарын яамны зүгээс ногоон тэжээлийн стандартыг тогтоож,  улсын нөөцөд байгалийн цагаан өвсний оронд авах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна гэж Б.Батзориг сайд хэлж байлаа. Мөн өнгөрсөн онд бэлчээрийг сайжруулах, багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан огтоно, царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулснаар 2018 онд 16 аймгийн 750.0 мянган га талбайг эргэлтэд оруулсан хэмээн тайлбарыг өглөө.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.