Ч.Бадрал: Бид дэлхийн сонгодог урлагийн тавцанд орон зайгаа эзэлж чадсан

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж,  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Итали улсын нэр хүнд бүхий театруудад  урилгаар ажиллаж буй дуурийн дуучин Ч.Бадралыг урилаа.

 

УРЛАГИЙН ХҮНД ТӨРӨЛХИЙН АВЬЯАСААС ГАДНА ХУВЬ ТОХИОЛ ГЭЖ БИЙ

 

-Урлаг гэдэг нэгэн өрх айл юм. Энэ утгаараа Монголын урлагийн салбар богино хугацаанд ололт, дэвшилттэйгээр хөгжиж байна.

Урлагийн салбарын  салаа мөчир дундаас сонгодог урлаг, дуурийн дуулаачдын хувьд Монгол Улс хагас зуун жилийн түүхтэй хэрнээ 600-700 жилийн өмнө энэ урлаг үүсч хөгжсөн улс орнуудын хэмжээнд дөхөж очсон нь хурдацтай хөгжиж байгаагийн илрэл.

Харин цаашид хэрхэн бусад улс орнуудын хэмжээнд хүрч хөгжих вэ гэдэг нь одоо ажиллаж байгаа залуус бидний хичээл, зүтгэл, үүрэг хариуцлагаас  хамаарна. Нөгөө талаас төрийн оновчтой бодлого, салбарын яам, мэргэжлийн урлагийн сургуулиудын сургалтын систем, материаллаг баазаас шалтгаалах юм. Энэ бүхэн цогцоор хөгжиж чадвал дахиад хагас зуун жилийн дараа гэхэд Монголын урлагийн салбар, тэр дунд дуурийн дуулаачид дэлхийн хэмжээнд очлоо гэж ярих боломжтой. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх, үнэлэгдэх нөөц боломж байгааг зөвхөн бид биш багш нар, алтан үеийнхэн нээж зам мөрийг нь гаргаж өгсөн. Энэ замыг тодотгоод явж байгаа залуус ч бий. Ер нь манай улсын урлагийн салбар хөгжлийнхөө замд орсон гэж боддог.


Дуурийн дуулаачдаар жишээ авах юм бол Монгол дуучдад давуу тал олон бий.  Мөн дутагдалтай тал нь түүнээсээ их. Монгол хүн тал нутаг, байгалиас заяасан унаган авьяастай нь үнэн. Монгол хүнд хоолойны өнгө аяс, цээл хоолой, амьсгааны багтаамж гээд олон сайхан давуу тал бий. Энэ талаас нь харвал сонгодог урлаг өндөр хөгжсөн газруудад очоод дуулахад ур чадвар дутахгүй. Харин хөгжмийн боловсрол, гадаад хэлний мэдлэг зэрэг хувь хүний хөгжил талаас анхаарах зүйлс олон байна. Тухайн орныхоо төрөлх хэл дээр нь дуулж байгаа бүтээлээ бүрэн хэмжээнд гаргах бол тэргүүний шаардлага. Энэ тал дээр Монголын дуучид бид жаахан дутмаг байдаг. Хамгийн гол нь байгалиас заяасан төрөлхийн авьяасаа нээж, өөрийгөө хөгжүүлэх л чухал байна.

Монголын урлагийн салбар боловсон хүчнээ боломжийн түвшинд бэлтгэдэг гэж боддог. Монгол Улсын Консерватори, СУИС гээд мэргэжлийн талаас нь маш сайн анхаарч, өндөр түвшинд сургаж, дадлагажуулж байна. Мэдээж анхаарах зүйлс бий. Урлагийн хүнд төрөлхийн авьяасаас гадна хувь тохиол гэж бий. Тухайн хүний хөгжмийн мэдрэмж их чухал. Тэр дундаа дуурийн дуучин бол төрөлхийн төгс мэдрэмжтэй байхаас гадна оюун ухаан, гадаад төрх зэрэг бүгдийг цогцлоож байж хүлээн зөвшөөрөгдөнө. Энэ байгалийн өгөгдөл дээр хувь хүний хичээл, зүтгэл, хөдөлмөр шингэж байж амжилтад хүрнэ.

 

АВЬЯАСТАЙ ЗАЛУУЧУУДДАА ХАРИУЦЛАГА ҮҮРҮҮЛЭЭД БОДЛОГООР ДЭМЖЭЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ


-Урлагийн салбарын хөгжилд хамгийн их нөлөөлдөг нь хэзээ, хаанаас үүсч хөгжсөн буюу үндэсний гэх тодотгол. Тухайлбал, Италийн хувьд дуурийн эх орон. Хоёрдугаарт, улс гүрнийх нь бодлогоос бүх зүйл хамаарч байна. Урлаг, спортоор улс гүрнээ сурталчилж соёлын дархлаагаа тогтоодог нь бичигдээгүй хууль. Тиймээс урлаг, соёл нь хөгжсөн улс орнуудын энэ салбарын бодлого маш сайн байдаг. Урлаг, спортоо бодлогоор бүрэн дүүрэн дэмжиж дархлаа суулгадаг. Манай улсын хувьд бодлого дутагдаж байгааг хэн хүнгүй  мэднэ. Түүнээс  эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж, амжилттай яваа Э.Амартүвшин, Г.Ариунбаатартай адил олон залуус бор зүрхээрээ л зүтгэж байна. Тусалж дэмждэг хүмүүс байдаг ч гэсэн төрийн бодлого алга. Харин амжилттай яваа, авьяастай залуучууддаа өндөр хариуцлага үүрүүлээд төр нь бодлогоор дэмжээд өгөх юм бол олон залуус эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулах боломжтой. Аль нэг улсын тэр театрын гоцлооч гэхээсээ Монгол гэдэг нэрийг хамгийн түрүүнд гаргаж таниулж байх нь чухал шүү дээ.

Дуурь бол италичуудын цусанд нь бий. Мөн дуурийн урлаг хэдэн зуун жилийн өмнө хөгжсөн болохоор бага наснаас нь бүх хүмүүст нь энэ боловсролыг эзэмшүүлдэг. Харин тэндээсээ дуурийн дуучин болох нь мэргэжлээ сонгоод явдаг. Манайхаар бол морин хуургүй айл, морин хуур сонсч сонирхдоггүй Монгол хүн байдаггүйтэй адил. Үүнтэй адил дуурь сонсдоггүй, театрт орж дуурийн тоглолт үздэггүй Итали хүн байдаггүй байх. Орос ч мөн адил, 50-хан  жилийн хугацаанд хурдацтай даацтай хөгжсөн манай Сонгодог урлагийн суурийг тавьж алтан үеийнхэн ч Орос школоор л суралцаж ирсэн нь өнөөдрийн Монгол сонгодгийн чухал түүх гэдгийг мартаж болохгүй. Энэ агуу оронд боловсрох завшаан надад ч бас тохиосон нь миний өнөөдрийн амжилтад нөлөөлсөн. Оросын томоохон театрууд дуулаачийн үнэлгээг шинэчилсэн, мундаг дуучид нь зөвхөн гадаадад биш эх орондоо ажиллаж амьдрахыг илүүд үздэг, уралдаан тэмцээнүүд нь өндөр шагналтай зэрэг нь  сонгодог урлагын нэгэн эх орон гэдгээс гадна  Засгийн газрын бодлоготой нь холбоотой. Томоохон дуучдынхаа нэрэмжит уралдаануудыг олон улсад нэр хүндтэй байлгах гэж тэдгээр авьяастануудаараа бахархах гэж үндэстнээрээ, Засгийн газар нь бодлогын хэмжээнд дэмжиж санхүүжүүлдэг жишээ олон бий. Тухайлбал, саяхан миний оролцсон Унгарын алдарт дуучин Ева Мартоны уралдаан байна. Тиймээс  Монголын төр засаг, бодлого боловсруулагчид урлагийн салбарт анхаарах цаг ирсэн. Дэлхийд зөвхөн Чингис хаан, спортоор бол сумо, жүдогоос гадна сонгодог урлагийн нэтворкад  манай дуучид аль хэдийн орон зайгаа эзэлсэн. Харин дуурийн урлагийг сонирхож, боловсролыг нь эзэмшиж яваа залуучууд хөдөлмөрч, өндөр боловсролтой, даруу,  шаргуу байж цаашлаад улс орон нь дэмжиж чадах юм бол хүрэхгүй газар, чадахгүй амжилт алга.
 

ЭХЛЭЭД БИ БЭЛЭН БОЛЧИХЛОО ГЭДГЭЭ ХАРУУЛЖ, ХҮНИЙ ӨМНӨӨС ХЭЛЭХ ҮГТЭЙ БАЙХ ХЭМЖЭЭНД ХҮРЭХ ХЭРЭГТЭЙ

 

-Монголд урлагийн салбарыг дэмжихгүй байна гэж ярьдаг. Үүнийг хоёр талтай гэж ойлгодог. Нэг талаар анхнаасаа бодлого нь буруу явчихсан. Харин нөгөө талаас улс орон эдийн засгийн хямралтай, өр зээлтэй байгаа энэ үед залуучууд өнөөдрийн цалин ярихаас илүү үр хойчид үлдээх эх орноо бодох уу гэдэг асуудал байна. Тиймээс бэлэнчлэхгүйгээр өөрсдөдөө өндөр шаардлага тавьж, илүү хөгжих хэрэгтэй. Хэсэгхэн хугацаанд тэвчээд улс орон зөв бодлогоор хөгжих юм бол зөвхөн урлаг гэлтгүй бүх салбарынхны үнэлэмж дээшлэх байх. Ид хөдөлмөрлөх насныхан, ялангуяа залуучууд бэлэн зүйл нэхэхгүйгээр өөрсдийгөө хөгжүүлж, хөдөлмөрлөж, хичээх хэрэгтэй. Харин хүүхэд, хөгшид рүүгээ төр халамжийн бодлогоо орхигдуулахгүй байх ёстой.

Урлагийнхан гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцъё, эх орныхоо нэрийг гаргая, сурталчлая гэхээр шулуухан хэлэхэд төрийн дэмжлэг байдаггүй. Хүн болгон л нэр хүндтэй тэмцээн уралдаанд оръё гэж бодно. Гэхдээ хүн өөрөө хичээх л юм бол болохгүй, бүтэхгүй зүйлгүй. Хөдөлмөрлөсөн хүнд заавал гарц олддог. Залуус маань эхлээд өөрийнхөө төлөө явж, зөөгч хийгээд ч болтугай олсон мөнгөөрөө бэлтгэл сургуулилт хийж хөгжих хэрэгтэй. Түүнээс нэгийгээ уриалан дуудаж буй бэлэнчлэх систем залуучуудын сэтгэхүйд нөлөөлж улам ядууруулж байна. Би дуучин гээд хүмүүсээс хандив гуйж, ивээн тэтгүүлээд  үр дүн гарахгүй бол яах юм. Мэргэжлийн дуулаачдын тэмцээн уралдаанд тэр бүр үр дүн гарахад хэцүү ч гэсэн эхлээд би бэлэн болчихлоо гэдгээ харуулж, хүний өмнөөс хэлэх үгтэй байх хэмжээнд хүрэх хэрэгтэй. Түүнээс өөрийгөө бүрэн бэлтгээгүй байж  хүнээс мөнгө гуйгаад яах юм. Овоо босгож байж шаазгай сууна шүү дээ. Мэдээж урлагийнхныг дэмждэг, тусалдаг олон сайхан хүмүүс бий. Тэд бидний амжилтын том тулгуур болж байгааг хэлэх хэрэгтэй.
 

ДОТРОО ЭРГЭЛДЭЖ ӨӨРДСИЙНХӨӨ ХЭМЖЭЭНД ХАНАЧИХААД ДЭЛХИЙ ЯРИАД НЭМЭРГҮЙ

 

–Дуурийн театрт мундаг удирдаач, найруулагчид бий. Энэ хүмүүсийг улсаас бодлогоор Итали, Австри ч юмуу дэлхийн сонгодог урлагт тавигдаж буй стандарт шалгууруудыг ягштал барьж ажиллаж буй аль нэг театртай гэрээ хийгээд ажиллуулах, эргээд тэднээс  солилцоогоор удирдаач уран бүтээлч нарыг  авчирч чадвал Монгол дуучдын ур чадвар богино хугацаанд дээшилнэ. Тэнд  хоёр жил дуурь удирдаад ирсэн хүний ур чадвар, сэтгэхүй ямар хэмжээнд хүрэх вэ. Мөн хоёр дуучнаа солилцоогоор явуулаад, тухайн орны дуучдын цалин мөнгийг нь өгч, амьдрах байраар нь хангаад монголчуудыг гадаад хүнтэй ажиллуулъя. Үүнээс л эхлэх ёстой. Тэгэхгүй бол дотроо эргэлдэж өөрдсийнхөө хэмжээнд ханачихаад дэлхий яриад нэмэргүй.

Италид болон европт  урлагийнхныг ур чадвараар нь үнэлдэг. Дуурийн гол, туслах дүр, хоорын дуучид гээд бүгд үнэлэмж нь тусдаа. Гэтэл өнөөдөр дуурийн театрын нэг  гоцлол дуучин Э.Амартүвшин гэдэг дэлхийн дуучнаас илүү цалин авч байгаа нь үнэ­лэмж, бодит байдал ямар байгааг харуулж байна. Харин ур чадварыг хэн тогтоох вэ гэхээр гадаадад ажиллаж туршлагажаад ирсэн мэргэжлийн хүн, эсвэл мэр­гэж­лийн баг  хатуу бод­логоор тогтоох ёстой. Урлагийнхны хөдөлмөрийг улс орон удирдаж байгаа хүмүүс нь ойлгох цаг ирнэ байх.

Миний хувьд одоогийнхоо байгааг Монголынхоо урлагийн салбарт оруулж буй өчүү­хэн хувь нэмэр гэж бодож хичээдэг. Монголдоо ажиллаж, мэдсэн сурснаа тайлагнаж, залуусдаа зааж сургаж чадахгүй байгаа ч гэсэн Монголыг, урлагийн салбарыг гадаадаас харах бас нэг өнцөг болж байгаа юм болов уу гэж хичээдэг.

Олон нэр хүндтэй тэмцээн уралдаанд оролцохдоо Монголын сонгодог урлаг, урлагийн салбар ийм байгаа шүү гэдгийг бусад улс оронд харуулж байна гэж боддог. Магадгүй Монгол Улс урлагийн салбарынхны ингэж бэлтгэдэг юм байна гэсэн ойлголтыг өгч байж болно. Хичээл, зүтгэлээрээ энэ урлагт дурлаж, тэмүүлж, зорьж байгаа  дараагийн үеийн залуустаа шинэ хаалга, боломж нээж өгөхийг хүсдэг. Бидний гаргасан амжилтыг давуулж, ахиулах дундаршгүй авьяастанууд маш олон бий.  Мэдээж 10-20 жилийн дараа мэдэж, сурснаа олон хүмүүст зааж сургана. Туршлага ололт амжилт, соёлоо салбартаа нэвтрүүлж хувь нэмрээ оруулна.

Мэргэжлийн хоёр гол сургууль буюу Монгол Улсын Консерватори, СУИС боловсон хүчнийг сайн бэлтгэж байгаагийн илрэл нь улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж байгаа Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нараас эхлээд харагдаж байна. Би бас л энэ сургуулийн бүтээгдэхүүн. Урлагийн насжилт тийм ч урт биш. Гадаадад ажиллаж байхдаа оюутан байхад ямар их боломж цаг байсан юм бэ гэж харамсдаг шүү. Олсон жаахан амжилтандаа бүү бард, олдож байгаа цаг бүрийг ашиглаж биеэ дайчлаарай залуусаа гэж хэлмээр байна. Мөн урлагийнхныг гадаад бэлтгэж, мэргэшүүлэх шаардлага ч бий. ОХУ гэхэд оюутнуудыг тэтгэл­гээр сургаж урлагийн салбарт маш том хөрөнгө оруулалтыг хийж байна. Харин бүх зүйл залуусаас өөрсдөөс нь л шалтгаална.

Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tegeed eeriigee beldeh tal deer?.... 2018-10-29 09:41:23
    ene zyiliig nehen sergeej yag chag yed ni helsend bayarlalaa!Badralaa chamaar Mongolchyyd baharhaj baigaa ni ynen syy!deer ni ene heregtei medeelel hellee!!!sin...
  • zochin 2018-10-29 04:44:22
    Бодууштай зүйл байна. Монголын сонгодог урлагийн залуустаа амжилт хүсье