Улсын бүртгэлийн багц хууль хэрэгжиж эхэлснээр иргэд бүртгэлийн үйлчилгээг шуурхай авдаг болно
Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчлэл ирэх арваннэгдүгээр сарын 01-нээс эхэлж хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Уг хуулийг сурталчлахтай холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хуулийн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгөх, олон нийтийн байгууллагын үйл ажиллагаа, шинээр батлагдсан хуулийн талаар таниулж, сурталчлах сургалт өнөөдөр боллоо.

Үе үеийн Засгийн газар цахим засаглалд шилжинэ гэж ярьж ирсэн түүхтэй. Тэгвэл өнөөдөр цаасан засаглалаас цахим засаглалд бүрэн шилжиж чадсан уу. Иргэд төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдэлгүй шуурхай авч чадаж байгаа юу. УБЕГ-ын ачаалал багассан уу.

Улсын бүртгэлийн ерөнхий газар гэхээр иргэд 100 айлын замын ачаалал болон тус газрын үүдэнд дугаарласан иргэдээр төсөөлж боддог байх. Тэгвэл төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, ачаалал чирэгдэлгүй болгохын тулд тус газраас ачааллыг бууруулахыг зорьж байна.

Өнөөдөр төрийн үйлчилгээ авах гэж байгаа иргэдийн 60-70 хувь нь улсын бүртгэлтэй холбоотой үйлчилгээ байгаа юм. Тэгэхээр ачаалал ямар байх нь ойлгомжтой. Банкнаас зээл авахад бүрдүүлж байгаа 10 бичгийн 7 нь бүртгэлийн байгууллагаас гаргадаг лавлагаа мэдээлэл байна. Тиймээс төрийн үйлчилгээг иргэдэдээ илүү ойрхон, чирэгдэлгүй, ачаалалгүй болгохын тулд Улсын бүртгэлийн багц хуулийг шинэчлэн найруулж өнгөрсөн хавар баталсан юм.

Өнөөдрийн сургалтад УБЕГ-ын дарга Б.Баасандорж, хэлтсийн дарга, холбогдох албан хаагчид бүгд оролцлоо.
 

10 төрлийн үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр үзүүлнэ

 

 
Газрын дарга Б.Баасандорж багц хуулийн шинэчлэл болон ерөнхий газрын танилцуулгыг хийлээ.
 
...сумд, хороод, баг руу иргэний авах ёстой бүх төрлийн үйлчилгээг шилжүүлнэ...

Тэрбээр “Манай бүртгэлийн багц шинэ хууль шинэчлэн батлагдсан. Одоо хэрэгжиснээр УБЕГ дээр 2-3 төрлийн үйлчилгээг үзүүлж, бусад үйлчилгээ нь анхан шатны нэгж рүү шилжиж байгаа. Тухайлбал, сумд, хороод, баг руу иргэний авах ёстой бүх төрлийн үйлчилгээг шилжүүлнэ.

10 төрлийн үйлчилгээг харъяалал харгалзахгүйгээр үзүүлнэ. Төрсний, гэрлэсэний бүртгэл, гадаад паспорт, иргэний үнэмлэх гэх мэт бичиг баримтыг харьяалал харгалзахгүйгээр иргэн байгаа газраасаа авдаг болно. Мөн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэх гэж иргэд хоёр явдаг байсан бол нэг л явдаг болно.

Тодруулбал, хуучин хасалт хийлгэж байгаа дүүргээсээ хасалт бичүүлээд шинэ шилжиж очиж байгаа дүүрэгтээ бичилт хийлгэдэг байсан. Тэгвэл одоо шинэ хуулиар шилжин очиж байгаа дүүрэг дээрээ бичилтээ хийлгэхэд манай бүртгэлийн байгууллага хуучин дүүргээс нь хасалтыг хийсэн байх жишээний.  Ингэснээр иргэн цаг зав, мөнгө төгрөгөө хэмнэж байна гэсэн үг.

Мөн иргэний гадаад паспорт дээр нэг хүнд таван жилийн хугацаатай олгодог байсан бол ирэх сараас эхэлж Монгол Улсын бүх иргэд 10 жилийн хугацаатай авдаг болно. Гэхдээ 16 насанд хүрээгүй хүүхэд бол 5 жилээр авна.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд дээр улсын бүртгэлийн байгууллагын ямар мэдээлэл нь нээлттэй, ямар нь хаалттай байдаг гэдгийг хуульчилж өгөөгүй байсан. Үүнээс болоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр хувь хүний мэдээлэл тавигддаг. Энэ нь нууцад хамаарах ч юм шиг, хамаарахгүй ч юм шиг явж ирсэн. Харин шинэ хууль хэрэгжиж эхлэхээр иргэний ямар мэдээлэл нээлттэй байх, хуулийн этгээдийн юу нь нээлттэй байх, эд хөрөнгөтэй холбоотой ямар мэдээлэл нээлттэй, нөгөөтэйгүүр хаалттай байх талаар бүгдийг тодорхой зааж хуульчилж өгсөн.

Хэрвээ иргэний хаалттай мэдээлэл зөвшөөрөлгүй олон нийтийн сүлжээнд цацагдвал тухайн байгууллага болон мэдээлэл алдсан алба хаагч хариуцлага хүлээнэ. Иргэдийнхээ нууц байх ёстой мэдээллийг бид хангаж байх ёстой.

Шинэ хуулиар нээлттэй мэдээлэл дээр нэрийн сан, хуулийн этгээдтэй холбоотой мэдээлэл нээлттэй болж байгаа. Тодруулбал, нэр хаяг, хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч гэх мэт мэдээлэл нь нээлттэй болно.

Мөн эд хөрөнгөтэй холбоотой мэдээллүүд гэвэл тухайн үл хөдлөх хөрөнгийн байршил, барьцаанд байна уу, үгүй юу гэдгийг манай газрын burtgel.mn сайтаар ороод харах боломжтой. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар газар эзэмших эрхийн бүртгэлийг иргэн манай бүртгэлийн хэлтэст бүртгүүлдэг байсан. Газрын албанаас газрын гэрчилгээгээ авчихаад дээрээс нь манайд бүртгүүлдэг гэсэн үг. Тэгвэл одоо шинэчилсэн хуулиар иргэн газрын гэрчилгээгээ газрын даамалаас авахад л манай бүртгэлийн дугаар тавигдсан байх ёстой.

Ингэж төрийн байгууллагуудын уялдаа холбоог илүү сайжруулж, иргэндээ нэг үйлчилгээг цуг үзүүлдэг болно гэсэн үг. Гэх мэтчилэн манай Улсын бүртгэлийн дөрвөн багц хууль хэрэгжиж эхэлснээр зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орсон байгаа. Иргэн рүүгээ чиглэсэн, иргэндээ төрийн үйлчилгээг төвөггүй үзүүлэх, цаг хугацаа, санхүүг нь хэмнэсэн нэлээд том өөрчлөлт орсон” гэлээ.
 

Улсын бүртгэлийн багц хууль иргэдийн эрх үүргийг тодорхой болгож, төрийн үйлчилгээ авах замыг хялбар болгосон




Улсын бүртгэлийн тухай хуулийн танилцуулгыг ХЗДХ-ийн ХЗБГ-ын дарга П.Сайнзориг хийлээ.

Тэрбээр “Бид хуулийг батлаад орхидог асуудал байсан. Хамгийн гол нь баталсан хуулийг хэрэгжүүлэх нь чухал.
Одоо энэ багц хуулиар бол иргэдэд илүү боломж нээлттэй болсон. Төрийн үйлчилгээ хүрч чаддаг болсон гэдгийг сайтар ойлгуулах ёстой. Төрийн үйлчилгээ хүнд сурталтай, танил талаараа дамжуулан үйлчилгээ авдаг асуудлыг л байхгүй болгох нь чухал юм. Энэ бүртгэлийн тухай хуулиараа дамжуулаад цаашдаа танилтай хүн талын чинээ гэсэн ойлголтыг байхгүй болгоно.

Энэ хууль аливаа нэг байгууллагын эрх үүргийг нэмэгдүүлэхдээ биш, иргэд рүүгээ чиглэсэн хууль юм. Иргэдийнхээ эрх үүргийг тодорхой болгосон, төрийн үйлчилгээ авах арга замыг хялбар болгосон.

Эрх үүргээ мэдэж байгаа иргэн ямар ч үед дарга, цэргийн үүдийг сахихгүйгээр өөрт хэрэгтэй төрийн үйлчилгээгээ авах бололцоог бүрдүүлсэн юм. Хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгож, техник технологийн ололтыг нэвтрүүлж байна” гэв.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн зорилт:

Улсын бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, бүртгэлийн үйл ажиллагааг түргэн шуурхай чирэгдэлгүй болгох, хуульд зааснаас бусад тохиолдолд улсын бүртгэлийн талаарх мэдээлэл ил тод, нээлттэй хүртээмжтэй байх, олон улсын чиг хандлагад нийцүүлэхийг зорьжээ.

Хууль хэрэгжсэнээр гарах үр дүн юу бэ?

Улсын бүртгэлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн. Иргэн хуулийн этгээдэд цахим үнэмлэхийн хэрэглээ нэмэгдэнэ. Үйлчилгээний шат дамжлага багасна, хуулийн этгээд иргэнээс гарах санхүүгийн зардал багасна, өөрт холбогдох мэдээлэл лавлагааг интернет сүлжээ ашиглан хаанаас авах боломж бүрдсэн.

Төрийн байгууллагуудын ажлын ачаалал багасна, төсвийн зардал хэмнэнэ, уялдаа холбоо сайжирна. Мэдээллийн аюулгүй байдал сайжирна. Иргэн, хуулийн этгээдээс өөрт байгаа мэдээллийг шаардахгүй. Улсын бүртгэгчдийн хариуцлага дээшилнэ гэх мэт үр дүн гарах ажээ.
 
Дашрамд дуулгахад, УБЕГ нийслэл, аймгийн хэмжээнд 1200 гаруй алба хаагчтай. Үүнээс 850 гаруй нь улсын бүртгэгч, бусад нь захиргааны ажилтнууд байдаг аж.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2018-10-30 12:45:14
    Ene vnen bol vnexeer neg ch gesen sain zvil xiij bgaad talarxaj bna.Vnexeer tsag zaw aldaxgvi mön neg doroos saixan saixan.Demjij bna
    93.221.188.24
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-10-30 09:31:53
    1980-aad oni burtgeliin lablagaa tsahim mashinaas abah geed BGD-t 1 tsag ocherlood abch zadaagui. Getel 80- aad onoos umnuh burtgel tsahimjaagui uym bile...
    84.14.155.146
    Мэдэгдсэн Хариулах