Ядаж утаан дахь хүнд металлаа хэмждэг болчих!

Их утаа айсуй. Хэдийнэ сааралтаад эхэлчихсэн Улаанбаатар хотынхон удахгүй хажуудаа байгаа нэгнийгээ харахад бэрх болно. Эвлэрчихсэн энэ үнэнийг давж гарахын тулд биднийг ухаалаг бай гэсэн. Ядаж байгаа газрынхаа агаарын чанарын үзүүлэлтийг хараад аюултай төвшинд байвал гэр, орноосоо гаралгүй амиа хамгаал гээд байгаа.

Өнгөрсөн арван жилд 1.4 дахин өссөн гэр хороолол, 331 мянган тээврийн хэрэгслийн үйлдвэрлэж байгаа агаарын бохирдлыг бууруулах гэрэл гэгээтэй ирээдүй ойрын үед харагдахгүй байгаа учир ядаж л бултаж зугтаад байх ухаантай байхыг шаардаж байна. Агаарын чанар ямар байгааг Улаанбаатарт суурилуулсан 15 харуул хэмждэг. Тэгвэл эдгээр харуул нь байсхийгээд л эвдэрчихдэг, ашиглалтын хугацаа нь дуусчихсан, хүний эрүүл мэндийг хохироодог гол үзүүлэлтүүдээ хэмжиж чадахгүй байна гэсэн ноцтой дүгнэлтийг төрийн аудит хийчихлээ.
 

ХҮНД МЕТАЛЛ ХЭМЖИХ ЗАРДАЛ ӨНДӨР ТУЛ ХИЙЖ БАЙГААГҮЙ

 


Нийслэлийн хэмжээнд 2008 онд агаарын чанарыг хянах суурин харуул дөрөв байсан бол 2009 оноос хойш гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 11 станц нэмэгдсэн. Зөвхөн хүхрийн давхар исэл, азотын давхар исэл гэсэн хоёр үзүүлэлтийг хэмждэг байсан бол 2010 оноос том ширхэглэгт тоосонцор, нарийн ширхэглэгт тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, озоныг хэмждэг болсон.

Үндэсний аудитын газраас хийсэн “Цэвэр агаарын сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлын үр дүн” сэдэвт аудитаар агаарын чанарыг хэмжих харуулууд нь хар тугалга, хром, цайр, зэс, кадми зэрэг хүний биед хамгийн их хорт нөлөө үзүүлдэг хүнд металлыг хэмждэггүй гэсэн дүгнэлтийг хийсэн. Энэ талаар УЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсээс тодруулахад уг нь дээж аваад хүнд металлын агууламжийг хэмжих боломжтой, лаборатори нь бий гэв. Гэвч зардал мөнгөний хувьд асар их гардаг учраас өнгөрсөн хугацаанд судалгаа хийх, дүгнэлт гаргах хэмжээнд агаарын бохирдол дахь хүнд металлын агууламжийг тодорхойлж байсан түүх байхгүй гэлээ. 

Зөвхөн хар тугалга л гэхэд хүний эрүүл мэндэд ямар хортойг бүгд гадарладаг. АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн багш судлаачид гэр хорооллын хамгийн их бохирдолтой бүсэд амьдарч байгаа хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ маш өндөр төвшинд хүрсэн талаарх судалгааг танилцуулж байсан. Хар тугалга нь хүүхдийн сэтгэн бодох чадвартай шууд хамааралтайгаас гадна жирэмсэн эхчүүдийн ургийн хөгжлийг зогсоож байгаа гол хүчин зүйлийн нэг болдог харамсалтай мэдээлэл бий. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй хүнд металлын шинжилгээг үндэсний хэмжээнд ажил хэрэгчээр хийх шаардлага зүй ёсоор тулгарч байгааг харуулсаар байна.
 

СТАНЦУУД УНТРААСТАЙ БАЙНА

 

Түүнчлэн суурин станцуудад 2016 оноос эвдрэл гэмтэл үе үе гарч, хэвийн бус ажиллагаатай болсноос тоосонцор болон бусад бохирдуулагчдад тогтмол хэмжилт хийх боломжгүйд хүрсэн. Тухайлбал, нийслэл дэх суурин станцуудын багаж, төхөөрөмжид гэмтэл гарсан үед “Мишээл экспо” төвийн гадна байрлах зөөврийн станцаас хэмжигч төхөөрөмжийг авч шилжүүлж байснаас уг станц ашиглах боломжгүй болсон зэрэг дүгнэлтийг аудитаар хийсэн нь агаарын чанарыг хэмжих үйл ажиллагаа нь үр дүнгүй, учир дутагдалтай байгааг нотолсон юм.

Өчигдрийн байдлаар Амгалан, Баруун дөрвөн зам, Зурагтын суурин станцууд унтраастай байлаа. Харин Багшийн дээдийн станц 2017 оны арванхоёрдугаар сарыг зааж байсан нь хэзээний үзүүлэлт вэ гэдгийг ойлгоход хэцүү байв. Манайд өвлийн улиралд агаарын бохирдол асар өндөр болдгоос станцууд нь хэвийн ажиллахад хүндрэлтэй, эвдрэл гэмтэл гарчихаад байдгийг УЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийнхэн учирласан юм.

Улаанбаатарт суури­луулсан 15 харуулаас гурав нь автомат биш зохицуулгатай учир хоёрхон үзүүлэлтээр л гаргадаг. Яаралтай шинэчлэх шаардлагатай хуучнаараа байгаа энэхүү гурван станц нь агаарын бохирдлын голомт гэж хэлж болохоор Хайлааст, Офицеруудын ордон, Дамбадаржаад байрлаж байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулж чаддаггүй юм гэхэд бүрэн дүүрэн, зөв хэмждэг болчихвол дээр хэлсэнчлэн иргэд нь ухаалгаар бултаж, зугтаагаад эрүүл мэндээ бага ч болов хамгаалахсан. Утааны асуудал зөвхөн нийслэлд гэлтгүй Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь, Орхон, Ховд, Өвөрхангай аймгийн төвд стандартаас хэтрээд байна. Гэтэл орон нутагт байдаг гар ажиллагаатай 25 станц нь зөвхөн хүхэр, азотын давхар исэл гэсэн хоёрхон үзүүлэлтээр л хэмжих жишээтэй.


СТАНДАРТ НЬ ХҮРТЭЛ ДЭМБ-ААС ЗӨВЛӨСНӨӨС ХОЁР ДАХИН БАГА


Агаарын чанарт хэмжилт хийсэн станцуудын 2008-2016 оны мэдээнээс үзвэл хорт бодисын агууламж өвлийн саруудад эрс нэмэгдэж зөвшөөрөгдөх хэмжээнээс хүхрийн давхар исэл 6-20 дахин, азотын давхар исэл 2-13 дахин, нарийн ширхэглэгт тоосонцор 9-26 дахин өндөр болдог. Тэгвэл зөвшөөрөгдөх хэмжээ гэж нэрлээд байгаа, үүнээс давбал эрүүл мэндэд аюул учирна шүү гэж зааглаад байгаа хэмжээ нь хүртэл асуудалтай байх юм. Тодруулбал, ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс манай улсын стандартад заасан хэмжээ нь хоёр дахин бага байгаа тул чангатгах зөвлөмжийг өгч байжээ. Жишээ нь, Австрали улсын агаарын чанарын стандартад нарийн ширхэглэгт тоосонцрын хүлцэх агууламжийг дэлхийн хэмжээнд хамгийн хатуу буюу өндөр тогтоосон байдаг. Харин манай улсад 24 цагийн дундаж хүлцэх агууламж Австрали улсынхаас хоёр дахин, жилийн дундаж хүлцэх агууламж гурав дахин доогуур байдаг аж.

Манай улс агаарын чанарын одоо хэрэглэж байгаа стандартаа 2007 онд баталсан байдаг. 11 жилийн өмнөх агаарын бохирдлын нөхцөл байдалд тааруулан баталсан стандартаа сайжруулах, шинэчлэх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа нь дээрх баримтаас тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол нь аймшигтай, түүнийг бууруулахаар хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр нь ч үр дүнгүй, чанарын үзүүлэлт нь ч учир дутагдалтай, ерөөс энэ асуудалд болж бүтэж  байгаа, урагшилж байгаа нэг алхам ч алга гэсэн харамсалтай дүгнэлтээр төгсгөл хийж таарах нь.

Зууны мэдээ
Б.Солонго

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Дебил монголууд 2018-10-31 04:06:13
    УБ-чуудын цус дахь тугалга 2-5 дахин их бгаа.чи одоо узуул дээ. Итгэхгуй бол. Уб-ын хуухдууд их дебил болж бгаа нь утааны туглагын ач. Машинтай дебил vртэй МУ.
    126.166.136.137
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-31 02:11:55
    54 саяаар индукцийн утаа бууруулагч тавья гэхээр тэнэгтээд болиулаад байсан, одоо утаандаа хордоод байж байхаас малнууд,, хайран мөнгө
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-10-31 07:31:55
      Тэрбум сая 2ыг ялгаж чаддаг болчоод дебилт эргүү мал минь
      202.126.89.192
      Мэдэгдсэн Хариулах