Хайрын шүлгийн “Цагаан Уул” наадамд Б.Алтанхуяг түрүүллээ

Гэгээн хайрын сэдэвт яруу найргийн “Цагаан-Уул 2018” наадам өчигдөр/11.02/ болж өндөрлөлөө. Монголын Залуучуудын Холбооноос 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг наадамд Балдоржийн Алтанхуяг тэргүүлсэн байна. Харин удаах байруудад:
 

  • Дэд байр Бямбацогт Ганхүрэл
  • Гутгаар байр Тэрбиш Дарханхөвсгөл
  • Тусгай байр-Дашням Жамбалдорж
  • Тусгай байр- Сүхбаатар Очиртөмөр 
  • Мэндчулуун Дэвээжаргал нар тус тус шалгарчээ.


Хайрын шүлгийн гэсэн тодотголтой “Цагаан уул” наадамд энэ жил нийт 120 гаруй бүтээл ирснээс хоёрдугаар шатанд Улаанбаатар хотоос 43, хөдөө орон нутгаас 18 нийт 61 залуу яруу найрагчид шүлгээ уншиж танилцуулсан. Улмаар гуравдугаар шатанд 16, дөрөвдүгээр шатанд 6 оролцогч тус тус шалгарч 3 оролцогчийн оноо тэнцэж дахин шүлэг уншсан нь залуу яруу найрагчдын уран бүтээлийн чансааг шалгав.





Дашрамд дурьдахад, МЗХ-ноос тус шүлгийн наадмын тэргүүн байрт орсон яруу найрагчдын бүтээлээр эмхтгэл гаргахаар ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын дундуур номын нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж.
 

“Цагаан Уул” наадмын тэргүүн шүлэг
 

Борооны чийгтэй адилхан чиний үнэр 
Сэтгэлийг минь өөртөө цонх шиг татдаг
Болжморууд нойтон далавчаараа дусал хэрчин нисэх шиг
Бодол бүрээ уран суухуйд чиний тухай дурсамжууд арилдаг

Одоо надад үлдсэн ганц хайрцаг янжуур
Охидод уншсан шүлгийн мөрүүдээс ч үнэтэй санагдах
Эл хульхан гудамжаар ус туучин алхахуй 
Амар амгалан ганцаардлыг мэдэрнэм

Харанхуйн тухай цог шиг төсөөллийг минь гартаа атгаад
Хаа нэгтээ гүйж яваа жаахан минь 
Үзэсгэлэн гоо дотор чинь уй гуниг нуугддаг
Үүлс сэмэрхийг хараад л салхинд дургүй хүрдэг

Хагацалд цоо дүрүүлсэн шөнийг цолмон од сорох мөчид
Харцны чинь хүүхэн хараа томрохыг үзээд худлаа гэдгийг нь мэдсэн
Хавирган цаанаас нэг зүйл хатгуулдан өвдөж жигүүр минь хугарахад
Халуун цусаа асгаруулан байж өлмийд чинь унаад хайртай гэж хэлсэн

Даанч бидний хэн хэнд нь 
Дарвуулт хөлөг шиг бардам зан заяасан
Эрхэмсэг зан, үзэсгэлэн гоо чинь хүртэл
Эхлэлээс холдож чадаагүй төгсгөл байсныг ухаарсан
 

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.