БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Ховд аймагт ажиллаж байна
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа  Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт/11.03/ НАМЭХ-ны баруун бүсийн зөвлөгөөнд оролцсон бол өчигдөр өглөө/11.04/ Ховд аймгийн соёлын ажилтын анхдугаар зөвлөгөөний нээлтэд оролцож, үг хэллээ.



Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран энэхүү соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөнийг “Соёл урлаг-Орон нутгийн хөгжил” сэдвийн хүрээнд энэ сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд зөвлөгөөний зорилго нь соёл урлагийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлэх, соёлын өвийг өвлүүлэн уламжлуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад соёлын ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Зөвлөгөөнд 16 сумын Засаг дарга, Соёлын төвийн эрхлэгч, соёлын өвийн ажилтан, Соёлын төвийн хөгжмийн багш, номын санчид болон аймгийн Хөгжимт драмын театр, музей, нийтийн номын сангийн удирдлагууд, уран бүтээлчид, соёл урлагийн ажилтнуудын төлөөлөл болох 170 гаруй хүн оролцож байна.



Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас гадна Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн, МУСГЗ Ц.Дамбадаржаа нар оролцож, зөвлөгөөний үйл ажиллагаа, орон нутгийн соёл урлагийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэлэлцүүлэгт зөвлөмж өгч, амжилт хүслээ. Анхдугаар зөвлөгөөн өнөөдөр дуусна.

Зөвлөгөөний нээлтэд оролцсоныхоо дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өчигдөр/11.04/ үдээс хойш Дөргөн, Мянгад, Буянт сумдад ажиллалаа.


Дөргөн сум 2019 онд шинэ Соёлын төвтэй болно

 
Тэрээр сумдын боловсрол, соёл урлагийн байгууллагуудын ажил байдалтай биечлэн танилцахын зэрэгцээ салбарынхаа багш, ажилтнуудтай уулзаж, тэдний санаа бодлыг сонсч мөн Засгийн газраас боловсрол, соёл урлагийн салбарт баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа. 



Дөргөн сум 724 өрх, 2885 хүн амтай. Уламжлалт ахуй, соёл, зан заншлаараа Монгол Улсын хэмжээнд өвөрмөцөд тооцогдох дөрвөд ястан нийт хүн амын 99.6%-ийг эзэлдэг. Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль 480 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 623 хүүхэд суралцаж байна. Үндсэн багш 40, нийт 67 хүний бүрэлдэхүүнтэй, хоёр хичээлийн байр, нэг дотуур байртайгаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Дотуур байранд 120 хүүхэд амьдардаг.

Сумын цэцэрлэг 1979 онд байгуулагдаж байсан. Долоон бүлэг, 28 багш ажилтантай, 213 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Сумын хэмжээнд сургуулиас өмнөх боловсролд хамрагдах ёстой 303 хүүхэд байдгаас 88 хувийг СӨБ-д хамруулж байна гэлээ. Ирэх онд 40 жилийн ойгоо тэмдэглэх тус цэцэрлэг гал тогооны тоног төхөөрөмж, дуу хөгжмийн кабинетын тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоом наадгай зэрэг дотоод тохижилтын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг салбарын сайдаас хүслээ.



Сумын Соёлын төв 1959 онд Улаанбулан нэртэйгээр байгуулагдаж байсан бол 2000 оноос Соёлын төв болон өргөжсөн. Энэ оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ Соёлын төвийн барилга баригдаж байгаа бөгөөд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Соёлын төвийн барилгатай биечлэн танилцаж 2019 оны гуравдугаар улиралд багтааж ашиглалтанд оруулахыг гүйцэтгэгч компанид үүрэг болголоо. Ингэснээр Дөргөн сум ирэх онд 1300 орчим ам метр талбайтай хоёр давхар, орчин үеийн шийдэлтэй Соёлын төвтэй болох юм.



Мянгад сум 150 ортой шинэ цэцэрлэгтэй болно

Ховд аймгийн Мянгад сум 1924 онд байгуулагдсан, 3665 хүн амтай, дэд бүтэж харьцангуй хөгжсөн сумдын нэг гэгддэг.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус сумын төвд шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын үйл явцтай танилцаж мөн салбарын багш, ажилчидтай уулзлаа.  Ирэх онд шинэ цэцэрлэг ашиглалтанд орсноор 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болно. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй хуучин цэцэрлэг 75 хүүхдийн ортой ч 117 хүүхэд хүмүүжиж байгаа аж. Сумын хэмжээнд сургуулиас өмнөх боловсролд хамрагдах шаардлагатай 1-6 насны 400 гаруй хүүхэд байдаг гэлээ.



Банзаржавын Баасанжавын нэрэмжит улсын тэргүүний сургууль 1930 онд байгуулагдаж байсан. Өдгөө 32 багш, 28 ажилчин, 480 хүүхэдтэй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Сургуулийн дотуур байранд 90 орчим хүүхэд хүмүүжиж байна. Сургуулийн одоогийн барилга 1975 онд ашиглалтанд орсон. Спорт заалгүй. Нэг удаа урсгал засвар хийгдэж байснаас өөрөөр засвар хийгдэж байгаагүй аж. Сумын удирдлагууд спорт заал болон сургуулийн их засварын санхүүжилтийн асуудлыг ирэх оны төсөвт суулгаж, шийдвэрлэж өгөхийг салбарын сайдаас хүслээ.





Эх сурвалж: БСШУСЯ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.