Ховд аймгийн ХДТ-ын өвөл цагийн уран бүтээлийн нээлт боллоо

Монгол Улсын АЖ, Төрийн шагналт Ж.Чулууны нэрэмжит “Алтангадас одонт” Ховд аймгийн Хөгжимт драмын театрын 81 дэх жилийн “Өвөл цагийн уран бүтээл”-ийн нээлт өчигдөр аймгийн Хөгжимт драмын театрын урд талбайд боллоо. Энэ жилийн өвөл цагийн уран бүтээлийн нээлт нь Ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулууны мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог юм.
 


Театрын нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, Төрийн соёрхолт, АЖ Ж.Чулууны хүү МУУГЗ Ч.Чинбат болон театрын ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчдийн төлөөлөл оролцлоо.
 

 


БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Баруун бүсийн хөгжлийн тулгуур төв болсон Ховд аймгийн Хөгжимт драмын театрын нээлт, энэ нутгаас төрөн гарсан Монголын сод авьяастнуудын нэг АЖ, Төрийн шагналт Ж.Чулуун агсаны 90 жилийн ой нэг дор болж, энэ сайхан үйл явдалд өөрийн биеэр оролцож байгаадаа маш их баяртай байна. Нээлтийн үйл ажиллагаанд Ж.Чулуун гуайн үр хүүхдүүд, тодруулбал МУУГЗ Ч.Чинбат уран бүтээлчидтэйгээ зорин ирж оролцож байгаад мөн талархаж байна. Ер нь Ховд аймаг, ард иргэдийнх нь тухайд олон ястны өлгий нутаг, олон соёлын уулзвар, нэгдэл, ялгарал болсон нутаг гэдгээрээ онцлог. Энд Монголын 13 ястны биет бус соёлын өв тээгчид амьдарч, өвөг дээдсээс уламжилж ирсэн соёлоо тээж, хөгжүүлж байна. Тийм учраас БСШУСЯ-ны зүгээс Ховд аймгийн Хөгжимт драмын театрыг хөгжүүлэх, урын санг баяжуулах, урлаг, соёл нь шинэ шатанд гарахад үе шаттай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно” гэлээ.

Харин МУУГЗ Ч.Чинбат “Нар ээсэн энэ сайхан өдөр аавын маань нэрэмжит театрын нээлт болж байна. Энэ театрт Монголын олон ястан, үндэстний соёл, тэдний дуу хөгжим шингэсэн, хадгалагдаж буйгаараа хайрлах ёстой, хүндлэх ёстой театр. Миний хувьд Монголын Улсын Консерваторийн багш, уран бүтээлчид, оюутнуудтайгаа, уран бүтээлтэйгээ ирж оролцож байна. Дээрээс нь яамны сайд ирж өөрийн хүндэтгэлийг үзүүлж байгаад талархалтай байна” гэлээ.

Театрын нээлтийн үеэр соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан хөдөлмөрлөж яваа ХДТ-ын уран бүтээлч П.Насан-Очир, Х.Амаржаргал нар “МУСТА” цол тэмдэг, Д.Төгөлдөр, Д.Алтансүх, М.Болормаа нар БСШУСЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдав.

 

Ховд аймгийн ХДТ-ын уран бүтээлчид нь “Өвөл цагийн уран бүтээл”-ийнхээ хүрээнд “Төрийн соёрхолт, АЖ Ж.Чулууны 90 жилийн ойн хүндэтгэлийн концерт”, “Чиполино” хүүхдийн жүжиг, “Мөнхийн гавьяа”, “Хоёр эзний нэг зарц” жүжиг зэрэг уран бүтээлүүдийг үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн байна.


Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.