Б.Пагма: Манай багш нарын 90 гаруй хувь нь цалингийн зээлтэй
Төв аймгийн Эрдэнэ сумын ЕБС-ийн захирал Б.Пагматай салбарынх нь талаар ярилцлаа.

-Сургуулийн түүхийг сонмрхмоор санагдлаа?

-Манай сургууль 1924 онд байгуулагдсан. Сургууль маань анх Жанчивлингийн хийд байсан газарт 25 сурагчтайгаар байгуулагдсан түүхтэй. Түүнээс хойш 1957 онд бага сургууль, 1971 онд долоон жилийн сургууль, 1976 оноос найм, 1980 оноос 10 жилийн сургууль болж өргөжсөн. Энэ хугацаанд манай сургуулийг нийт 15 мянга гаруй хүн төгсөж, ажил, амьдралд хөл тавьсан байдаг. Эдний маань дундаас Төрийн соёрхолт зохиолч Д.Гармаа, МУГЖ Д.Хоролсүрэн зэрэг олон алдартнууд төрөн гарсан. Тиймээс дээрх төгсөгчдөөрөө хойч үе нь үргэлж бахархаж явдаг.

-Танай сургуулийн бахархал юу вэ?

-Тэшүүрийн спорт бол бидний бахархал. Манай сурагчид сүүлийн таван жил аймгаа төлөөлж УАШТ-нд оролцож байна. 2013 онд улсад түрүүлсэн. Мөн манай нэг сурагч БНСУ-д болсон Азийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр алтан медаль хүртсэн. Түүнчлэн Сингапурт болсон тэмцээнээс хоёр хүрэл медальтай ирсэн. Харин энэ жилийн УАШТ-ээр манай сургуулийн баг улсад гуравдугаар байрт шалгарсан.

Бид энэ хичээл­ийн жилийн зорилтдоо бүгдээрээ тэшүүр­чин болъё гэдэг зорилт оруул­сан байгаа. Дунд болон ахлах ангийн сурагчдыг бүгдийг нь тэшүүрчин болгох зорилт тавьсан. Ер нь сурагчид маань энэ спортод их элэгтэй. Маш их сонирхдог.

-Шинэ хичээлийн жилд хэдэн сурагчтайгаар хичээл­лэж байна?

-Бид энэ хичээлийн жилд 450 гаруй сурагч, 25 багш, нийт 50 ажлагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн улсын хэмжээнд хэрэгжиж буй бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Үүнтэй холбоотойгоор манай бага боловсролын багш нар сургалтад хамрагдсан. Энэ хөтөлбөрийн тухайд хүүхэдтэй ажиллахад илүү дөхөм болсон гэж бодож байгаа. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд багш нарынхаа мэдлэг, чадвар, арга зүй, хандлагыг нь өөрчлөх ажлуудыг мөн хийж байна.

Манай багш нарын хувьд чадварлаг залуу багш олонтой. Өнгөрөгч хичээлийн жилд сургалтын менежер Хосбаяр, гадаад хэлний багш Адьяа нар аймгийн мэргэжлийн тэргүүнээр шалгарсан. Мөн манай сургууль түүхэндээ хоёр удаа аймгийн Хөдөлмөрийн аварга хамт олон. Харин улсын хэмжээнд хоёр жилд нэг удаа шалгаруулдаг улсын топ 20 менежменттэй сургуулийн нэгээр 2012 онд шалгарч байсан. Ер нь манайхан багаар ажиллаж, бүтээж чаддаг хамт олон. Тиймээс ийм сайхан хамт олонтойгоо боловсролын төлөө зүтгэж байгаадаа баяртай байдаг.

-Хичээлийн байрны хүрэлцээ хэр байдаг вэ?

-Сургуулийн багтаамж, хүрэлцээ дутмаг. Байр маань уг нь 320 хүүхдийн багтаамжтай. Гэтэл нөхцөл байдлаасаа болоод одоо 450 гаруй сурагчтайгаар хичээллэж байна. Энэ барилга 1978 онд ашиглалтад орсон. Түүнээс хойш нэг удаа их засвар, мөн нэг удаа хэсэгчилсэн засвар хийгдэж байсан. Гэтэл сүүлийн үед сургуулийн дээвэрт асуудал үүсч дусаал гоожих нь энүүхэнд болсон. 2013 оны төсөвт 320 хүүхдийн шинэ сургуулийн барилга баригдахаар төсөвлөгдсөн. Энэ байр маань хоёр, гурван жилийн дараа ашиглалтад орох байх.

Шинээр баригдах байр маань мөн л 320 хүүхдийн багтаамжтай учраас сурагчид маань бас л багтахгүй. Цаашдаа хүүхдийн тоо ч нэмэгдэнэ. Тиймээс бид одоо байгаа сургуулийн байраа засварлаж, бага сургууль болгох бодолтой байгаа. Үүний тулд нэн тэргүүнд дээврийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Тиймээс бид дээврийн зураг төсөл гаргуулсан байгаа.

-Сурагчид дүрэмт хувцсаар бүрэн хангагдаж чадсан уу?

-Энэ хичээлийн жил сурагч нэг бүрийг дүрэмт хувцасаар бүрэн хангана гэсэн зорилттой байгаа. Өнөөдрийн байдлаар манай сургуульд нэгдүгээр ангид элсэн орох 72 хүүхэд байна. Гэтэл бидэнд 20 дүрэмт хувцас л ирсэн.

Гэрээт байгууллага болох “Төмөрт трейд” ХХК дүрэмт хувцсаа хугацаандаа нийлүүлнэ гэсэн боловч гэрээгээ зөрчиж байна. Энэ асуудал манай аймгийн хэмжээнд нүүрлээд байна.

-Тэгвэл нэгдүгээр ангийнхны сурах бичиг?

-Нэгдүгээр ангийн сурагчдын сурах бичиг мөн бүрэн ирж амжаагүй. Ямар ч байсан хичээл эхлэхээс өмнө ирэх байх. Бидний зүгээс бол өнөө шөнө /Наймдугаар сарын 31/ ирсэн ч хамаагүй очоод л авна. Харин эхний ирсэн сурах бичгүүд нь өнөөдрөөс тараагдаж байгаа. Тэгэхгүй бол өглөө хүүхдүүдийнхээ хэнд нь өгөөд хэнийг нь орхилтой билээ.

-Сургалтын байрандаа сүүлд хэзээ засвар хийсэн бэ?

-Шинэ хичээлийн жилд бид сургуулийн байрны гадна талаа будаж шинэчиллээ. Түүнчлэн сурагчдын гал тогоонд гэх зэргээр олон засвар хийлээ. Мөн дотуур байрандаа урсгал засвар хийсэн.

-Дотуур байранд хэдэн хүүхэд амьдардаг вэ?

-Дотуур байрны тухайд 150 орчим хүүхэд амьдардаг. Уг нь 64 хүүхдийн байр. Гэсэн хэдий ч суръя гээд ирж байгаа хүүхдүүдийг бид буцааж болохгүй шүү дээ. Тэднийхээ хоол ундны асуудлыг бүрэн шийдчихсэн. Өнөөдрөөс эхлээд хүүхдүүдээ хүлээж авч байна.

-Төлбөрийн хувьд?

-Төлбөргүй. Хоол хүнс нь ч гэсэн төлбөргүй болчихсон. Өмнө нь сурагчдын эцэг, эхчүүдээс мах авдаг байсан. Тодруулбал нэг айлаас гурван хүүхэд сурдаг бол эхнийх нь 64 кг, дараагийнх нь 40, сүүлийн хүүхдээс мах авдаггүй байсан. Тэр үед хоёр, гурван хүүхэд нь сургуульд явдаг айлууд хүүхдүүдээ айлын хашаанд гэр барьж өгөөд суулгачихдаг байлаа шүү дээ. Харин одоо хүүхдүүдийн хоолны мөнгийг төсвөөс гаргаж байгаа учраас байранд суух хүүхдийн тоо харьцангуй олширсон.

-Багш боловсон хүчний тухайд, хотоос шинэ багш нар ирэх сонирхол хэр байдаг вэ. Гэхдээ бас тэднийг авч ирэхийн тулд нийгмийн асуудалд нь сайн анхаарах нь чухал. Тухайлбал байр гэдэг ч юм уу?

-Дээхэн үед багш нарын байр гэж байдаг байсан. Одоо бол орон нутагт ийм байр бараг байхгүй. Сургууль өөрөө тэр хүмүүсийг суулгах байргүй. Тиймээс хотоос ч гэдэг юм уу шинэ боловсон хүчин авч ирэхэд хүндрэлтэй байна. Би “Та нар сургуулийнхаа хашаанд гэр бариад суу” гэдэг юм. Гэхдээ хотын унаган хүүхдүүдэд энэ чинь хэцүү юм. Өглөө босоод гал түлэхээс авхуулаад бэрх асуудлууд их бий.
Үүнийг бодлогоор шийдчихдэг бол уг нь амар байна. Багш нарыг хөдөө орон нутаг руу татахын тулд багш нарын байр эсвэл зөвхөн багш нар гэлтгүй төрийн албан хаагчдын байр барьж яагаад болохгүй гэж. Уг нь сүүлийн үед залуучууд ирэх дуртай болчихсон. Тиймээс багш нарыг хүүхэдтэйгээ тулж ажиллах бололцоог нь хангахын тулд нийгмийн асуудлыг нь анхаарах шаардлага зайлшгүй тулгарч байна.Манай багш нарын хувьд л гэхэд дийлэнх нь эмэгтэйчүүд. Ихэнх нь ганцаараа ажил хийж гэрээ авч явдаг. Нөхөртэй хүн ховор, тэд нь ажилтай байх нь бүр ховор. Ажил хийж байгаа нэг нь галч эсвэл манаач гэсэн түр зуур л хөдөлмөр эрхэлж байна. Тэгэхээр тэдгээр хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ар гэрийн асуудлаас толгой өндийж чадахгүй хүн ажлаа сайн хийнэ гэдэг асуудалтай.

-Орон нутгийн багш нарын цалин хөлс хотынхтой адил уу?

-Сонсоод байх нь ээ багш нар өндөр цалинтай. Багш нарын дундаж цалин сая төгрөг гэж ярих юм. Гэтэл байдал дээрээ тийм биш шүү дээ. Би л гэхэд улсад 30 жил ажилласан. Миний үндсэн цалин 734 мянган төгрөг. Гэхдээ энэ чинь захирлын цалин шүү дээ. Гэтэл манай шинэ багш нар өнгөрсөн хавар цалин нь нэмэгдээд 500 гаргаж л авч байгаа. Түүн дээрээ анги даалтын арван хувь, кабинет хариуцсан бол таван хувийн нэмэгдэл авдаг. Ингээд бодохоор тэр хүн ар гэрээ яаж авч явах вэ гэдэг ээ асуудал. Гэхдээ орон нутгийн багш нарт таван жилд нэг удаа зургаан сарын цалинтай тэнцэхүйц тэтгэмж олгодог. Энэ бол орон нутагт ажиллаж байгаа багш нарт үзүүлж буй дэмжлэг. Улаанбаатарын багш нар ийм цалин авахгүй. Гэхдээ л энэ бүхэн амьдралд хүрэлцэхгүй байна. Манай багш нарын 90 гаруй хувь нь цалингийн зээлтэй. Цалингаа аваад л зээлээ төлнө.

Үлдсэн хэдэн төгрөгөөрөө ёстой л хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө гээч болно шүү дээ. Хэрвээ цалин хөлс нь амьдрал ахуйд нь хангалттай хүрдэг бол бид багш нараа “Чи сайн ажилла” гээд шахаж болохсон. Гэтэл ар гэртээ асуудалтай хүнийг шахаад, зовоогоод байх бас хэцүү.
Өглөөний сонин
М.Санчир
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • багш  2015-10-29 01:01:54
    Багш нар цалингийн зээлээ төлөөд үлэгдэл мөнгө нь 20-50 мянган төгрөг тэдэнд үлдэж байна. энэ байдалдаа бид бухимдаж өдөр шөнийг аргацааж л ажиллаж байна даа. ...
    27.123.213.186
    Мэдэгдсэн Хариулах
  • багш  2015-10-22 14:49:47
    багш нар цалинтай ядуусын эгнээнд эс хүссэн ч орж байна. монгол улс боловсролдоо ингэж ханддаг юм байна цалин муутай тэрнээсээ болоод юм юм нь тааруухан багш на...
    103.10.22.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2014-09-09 02:35:29
    Шимтгэл төлөөд гар дээр 500 хүрдэггүй ш дээ.
    202.179.10.118
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-09-09 02:34:20
    Huduu oron nutgiin bagshiin tsalin nemmeer yum
    202.179.10.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2014-09-09 02:32:12
    Захирал яг үнэн хэлсэн байна. Багшийн амьдрал ийм л байна шүү дээ.
    202.179.10.118
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-09-03 17:45:24
    Malchdaas yadahdaa huuhduudiinh ni ideh mahiig ni av l daa, Avilgchihdaa
    76.165.245.250
    Мэдэгдсэн Хариулах