“Даяар монгол” бүлгэмээс УИХ, Засгийн газрын гишүүд өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрөөс хөрөнгөжиж төрсөн тэрбумтнуудыг олсон эд хөрөнгийнхөө тал хувийг Монгол Улсын өрийг дарахад хандивлахыг уриалж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийв.
Хонхэрээдийн Б.Энхбат “Манай бүлгэм ард түмнийхээ төлөө явж байга. Цаашид ч явсаар байх болно.
Бид өнгөрсөн хугацаанд төрөөс төрсөн тэрбумтнууд болох нэр бүхий этгээдүүдийг шалгуулахаар ТЕГ, АТГ-т хандсан.
Тухайлбал, Сангийн сайд Д.Хүрэлбаатар, АМГТГ-ын ерөнхий дарга ерөнхий газрын дарга Х.Хэрлэн, БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Мөнхбат нарыг шалгуулах хүсэлт гаргасан. Шалгаагүй, заримыг нь шалгаж байгаа гэх ч хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан байна.
Д.Оюунхорол гишүүнтэй холбоотой баримтыг гаргаж шалгахыг хүссэн ч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан хариуг прокуророос надад өгсөн. Хууль хяналтын байгууллага нь арга хэмжээ авч хариуцлага тооцож чаддаггүй юм бол бид тооцно шүү.
Харин өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газарт ажилладаг нэр бүхий найман гишүүнийг дахиад Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгуулах хэлтэст өгч, шалгуулахаар болсноо мэдэгдэж байна. Зөрчлийн хуулиар хэн нэгний нэрийг дурдвал асуудалд холбогдох учир, ард түмэнд нэрийг нь дурдалгүйгээр шалгуулах гэж байгаагаа мэдэгдэж байна. Хэрвээ эдгээр хүмүүсийг шалгаж гэм бурууг нь тогтоож, хариуцлага тооцохгүй бол нэрсийг олон нийтэд дэлгэх болно.
Эрх барьж олгирах болсон эрх дархтнууд Эрүүгийн хуулиас Гүтгэх гэсэн зүйл заалтыг авч хаясан. Хэрэв энэ зүйл заалт байсан бол шүүхээр хэрэг нь шийдэгдэх ёстой. Одоо бол Зөрчлийн тухай хуулиар торгуулаад өнгөрч байгаа. Хуулиар өөрсдийгөө өмгөөлөх аргаа олчихсон хулгайчид байна.
Дээр нь манай бүлгэмийн гишүүдийг цагдаа тагнуулаас байнга дуудаж байцаадаг болсон. Тиймээс бид өнөөдөр хар даавуугаар маск хийж залуучууддаа өмсгөлөө. Тэгэхгүй бол энэ хурал тараад л тагнуулаас дуудаж магадгүй.
Тэгэхээр аль ч улсын үндсэрхэг үзэлтнүүд ялангуяа бидэнд ард түмнээс өөр алдах зүйл байхгүй. Улстөрийн энэ тогтворгүй байдал, хууль бус залилангаар хөрөнгөжсөн мафижсан нөхдийн хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд бид ташуураа бариад босно шүү. Монголчууд ташууртайгаа байхдаа ялдаг юм.
Засгийн газрыг унагаахыг бид дэмжихгүй байна. Эсвэл Засгийн газар, УИХ хоёулаа тарахыг шаардаж байна. Ардын намыг У.Хүрэлсүх гэж ганцхан толгойтой нам гэж ойлгодог. Гэтэл нөгөө олон толгойнууд нь арзалзаж эсэргүүцэж байна. Хэрвээ Засгийн газар тарах юм бол УИХ тарах ёстой шүү. Энэ бол сүрдүүлэг бишээ, түүнээс дараагийн ээлжний луйварчид гуравдугаар ээлжиндээ орох гэж улайрч байгаагаа боль. Хэрэв Засгийн газрыг унагана гэж УИХ далжигнавал бид ташуураа бариад босно шүү. Энэ бол сүрдүүлэг биш. Эвээ олоод ажиллаж чадахгүй бол хоёулаа татан буугд.
Манай хөдөлгөөн УИХ-ыг тараах нь зөвүү гэсэн иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байгаа. Өөр зам байхгүй. Ингээд явахаар миний найз болон бүлгэмийн залуусыг цагдаа нар байцааж, бүлгэмээс гарахыг шаардаж байна. Бид нар айхгүй ээ, бид нараар тоосоо гөвөхийг хүсч байгаа бол гөвөөд өгье. Гэхдээ манай бүлгэм дотоод дүрэм журамтай. Хөрөнгөжсөн хүмүүс хөрөнгийн эх үүсвэрээ шалгуул. Яаж хөрөнгөжснөө нотол. Хууль шүүхийн байгууллагад шударгаар шалгуул” гэв.
О.Гэрэл
Оллоо.mn