“Хүрээлэн” төслийн удирдагч У.Ганбаяр: Бачка, Бархүү нартай хамт говь руу…

Таван жилд эх орноороо 150 гаруй мянган километр аялаж, “Амьд ертөнцийн цуврал”-ын 90 шахам дугаар бэлтгэсэн ”Хүрээлэн” төслийнхэн шинэ цуврал эхлүүлэх гэж байна. Энэ удаад тэд “Энержи ресурс” компанитай хамтран “Говийн 5 гайхамшиг” хэмээх шинэ төсөл эхлүүлжээ. Энэ талаар “Хүрээлэн” төслийн удирдагч, байгалийн гэрэл зурагчин У.Ганбаяраас тодрууллаа.

-Танай нэвтрүүлгээс цоохор ирвэс, зэрлэг цаа, борцгор хотон, мазаалай баавгай, монгол бөхөн гээд ховор амьтдын зургийг авч чадсандаа ихэд олзуурхаж буйг харж байсан. Харахад сайхан ч бас л амаргүй ажил байх?

-Тийм , жишээ нь ирвэс Монголд бүү хэл дэлхийд ховордсон амьтан. Маш нууцлаг энэ амьтныг олж авна гэдэг хүндрэл бэрхшээлтэй ажил байсан. Ямартай ч зургийг нь авч чадсан. Амьтдад ойртож чадахгүй олон хонох үе байна. Гэтэл гэнэт гарч ирэхэд нь аппарат хэрэгсэл гацаад зургийг нь авч чадахгүй зөвхөн нүдээр үзээд өнгөрөхөд их харамсдаг шүү. Зураг бүхэн, аялал бүр өөр өөрийн гэсэн адал явдал, зовлон бэрхшээлтэй, аз хийморь, ур ухаан сорьсон байдаг. Амьтдын ихэнхи нь шөнийн идэвхитэй амьдралтай учраас эрж хайж, олж зургийг нь дарж чадвал гоё агшин. Ер нь ойртож зураг авах, гэрэл, зохиомж таарч тохирох гээд аль ч амьтан амаргүй.



-“Хүрээлэн” шинэ төсөл эхлүүлэх гэж байна. Энэ удаад олны танил эрхмүүдээр хүчээ зузаатгажээ?

-“Хүрээлэн” төслийн хүрээнд “Амьд ертөнцийн цуврал”, “Их нүүдлийн мөрөөр”, “Адуу” гээд гурван ч цуврал бэлтгэсэн. Энэ удаад “Говийн таван гайхамшиг” нэртэй дөрөв дэх цуврал хийх гэж байна. Энэ төслийн онцлог гэвэл олны танил уран бүтээлчидтэй хамтран ажиллана. Жүжигчин Т.Бархүү, уулчин Б.Гангаамаа, шог зураач С.Цогтбаяр, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун, яруу найрагч Г.Аюурзана нарын салбар салбартаа тэргүүлж буй эрхмүүд хөтлөгч, редактороор ажиллах юм. Хамтдаа говь руу зураг авалтад гарна даа.



- Аяллын зардлаа хэрхэн зохицуулж байна?

-Бид бол чаддаг ажлаараа дамжуулан байгаль хамгаалах ажилд хувь нэмэр оруулахыг зорьсон, ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага шүү дээ. Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах үндэсний нийгэмлэг хэмээх энэ байгууллагыг бид “Хүрээлэн” төслийг эхлүүлж байхдаа 5 жилийн өмнө байгуулсан юм. Хүн таньж мэдээгүй зүйлээ хайрлаж хамгаалдаггүй. Гараг дэлхий, эх орныхоо байгаль, амьтдын тухай, амьдарч буй сум, орон нутгийнхаа тухай, эргэн тойрныхоо тухай мэдээсэй, мэдрээсэй гэдэг зорилго тавьсан.

Таван жилийн ажлаа тоолж тоочвол олон ч гэлээ бидэнд бол бүрэн хангалттай санагддаггүй л дээ. Учир нь  нэг удаа харсан, хоёр удаа зурагласан амьтан болгоноо “НЭГ” гэж тоолох хэцүү. Харин тархац нутаг, зан байдал, ороо хөөцөлдлөгөө, үржил, аюул занал бүгдийг цогцоор нь харуулж, түүнийгээ “НЭГ” гэж тоолох бол бидний чин хүсэл, мөрөөдөл. Үүнд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр  их орох нь мэдээж. “Говийн таван гайхамшиг” шинэ төслийн хувьд говийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Энержи ресурс” ХХК-иас бидэнд хандаж, хамтран ажиллах санал тавьсан. Байгаль, зэрлэг амьтдыг олон нийтэд таниулж ирсэн манай төслийн багийн туршлага, Энержи Ресурсын нийгмийн хариуцлагын хүрээндээ хийхийг зорьсон ажлын чиглэл хоорондоо маш сайхан зохицож, бид энэ хамтарсан төслийг эхлүүлэхээр болсон. Зөвхөн тухайн компаний үйл ажиллагаа явуулдаг хэсэгхэн газар, сумын тухай биш бүхэлдээ Монголын говийн тухай, тэнд амьдарч буй амьтдын тухай өгүүлэх удаан хугацааны, оюуны цогц төслийг дэмжин ажиллаж, зураг авах техник хэрэгслээр бүрэн хангаж байгаад баяртай байгаа.



-“Хүрээлэн”-гийн цуврал нэвтрүүлгүүд шиг үндэсний контентууд манайд их хомс шүү?

-Тийм ээ. Бусад улс орнуудад байгаль, амьтдын тухай өөр өөөрсдийн телевизийн контентүүд үйлдвэрлэдэг. Харин манайд энэ нь эхлэл төдий. Тиймээс ч байгаль, эх дэлхийгээ хайрлан, хамгаалах тухай ойлголт тааруу байх шиг санагддаг. Хүн таньж мэдээгүй зүйлээ хайрладаггүй шүү дээ. “Танья, хайрлая, хамгаалъя” гэсэн уриатайгаар “Хүрээлэн” төслийг эхлүүлж байлаа. Таван жилийн өмнө өдийд анхны аялалдаа гарч байлаа. Тухайн үед мэдлэг, туршлага багатай ч ёстой л мөрөөдөлдөө хөтлөгдсөн нөхдүүд өөр  өөрсдийн унаагаа хөлөглөөд гарч байсан. Саяхан мэт санагдаж байгаа ч таван жил өнгөрсөн байна. Өнгөрсөн хугацаанд Монгол оронд тэмдэглэгдсэн 138 зүйл амьтны 60 орчмыг, 500 орчим зүйл шувуудын 200 орчмыг, 22 зүйл мөлхөгчийн 8, зургаан зүйл нутагтны бүгдийнх нь гэрэл зургийг авсан байна. Мөн хоёр долоо хоногийн хугацаанд нэг шинэ нэвтрүүлэг бэлтгэн хүргэсээр, нийтдээ 80 гаруй телевизийн нэвтрүүлгийг бэлтгэж, үзэгдэд хүргэжээ. Таван жилийн хугацаанд автомашины километрийн заалтаар 150-160 мянган километр зам туулжээ. Өвөл, зун, хавар намар гэсэн жилийн дөрвөн улиралд цастай, бороотой, шуургатай, нартай олон өдөр хоногуудыг өнгөрүүлсэн байна. Мөн мориор, онгоцоор, завиар, тэмээгээр, явганаар ч их явлаа даа.

-Төсөл эхэлснээс хойш үзэгч, олон нийтэд ямар эерэг нөлөө үзүүлсэн гэж та бүхэн бодож байна?

- Нэвтрүүлэг гарч эхэлснээс хойш залуучууд зэрлэг амьтдын зураг авах, аялах тухай, хаана очиж юу үзэх тухай асууж сонирхдог болсон. Хамт аялах тухай, зураг хэрхэн авахыг зааж өгөөч гэдэг хүсэлт ч их ирдэг. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд нэвтрүүлгийг маань үзэх дуртай болсон нь илт мэдэгддэг. Хөдөө, орон нутгаар явахад автомашиныг маань зааж, дагаж гүйлдэх нь хөөрхөн. Бид хөдөө, орон нутгаар явуулын гэрэл зургийн үзэсгэлэн авч яваад хүүхэд багачуудад үзүүлдэг. Амьтдын тухай, тэр нутагт байгалийн ямар өвөрмөц тогтоц байдаг тухай, гэрэл зургийг нь хэрхэн буулгах талаар сонирхолтой ярилцлага өрнүүлдэг. Ан ав хийдэг байсан танил маань “Өнөөдрөөс би ангийн буугаа аппаратаар солилоо” гэж хэлж байсан ч удаатай. Энэ бүгдээс харахад, зүтгэж хийсэн ажил маань ямартай ч олон нийтэд танин мэдэхүйн бага ч гэсэн нөлөө үзүүлж байгаа болов уу.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажил, аялалд амжилт хүсье.


 

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.