ХААН банк өөртөө үйлчлэх банк буюу КИОСК төхөөрөмжийг танилцууллаа
Мэдээллийн технологийн эрин зууны хөгжил дэвшлийг ашиглаж төлбөр тооцоог цахимаар хялбар хурдан, шуурхай, тасралтгүй гүйцэтгэх шинэ боломж нэмэгдэж байгаа олон нийтэд таниулан сурталчилж иргэдийн санхүүгийн боловсролд хувь нэмэр оруулах зорилготой "Дижитал гарц" өдөрлөгийн Монгол банк, Монгол банкны холбооноос арилжааны банкуудтай хамтран өнөөдөр зохион байгууллаа.

Банкны цахим үйлчилгээг сонирхох иргэдийн хөл хөдөлгөөн их байв. Хүн бүр өөрт хэрэгтэй байх болов уу гэсэн банкны үйлчилгээг нэг дороос цогцоор нь авч байсан.  

Тодруулбал, Монголын банк санхүүгийн байгууллагын төлөөллүүд иргэд харилцагчдад цахим бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар танилцуулсан өдөрлөгийн үеэр ХААН банкны зүгээс харилцагчдадаа зориулан цахим төлбөр тооцооны давуу талуудыг олон нийтэд сурталчлах, санхүүгийн боловсрол олгох, шинэ дэвшилтэд технологи, боломжуудыг таниулсны зэрэгцээ нэгэн гэнэтийн бэлгийг задаллаа.

Дэлхий нийтээрээ бэлэн бус төлбөр тооцоог дэмжиж, цахим төлбөр рүү эрчтэй шилжиж буй өнөө цагт ХААН банк ч ялгаагүй энэ хөгжил дэвшилттэй хөл нийлүүлэн алхахыг эрмэлзэж "Өөртөө үйлчлэх банк" буюу Киоскийн төхөөрөмжөө танилцууллаа.

Энэхүү төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар иргэд банкны үйлчилгээ авах гэж заавал салбар тооцооны төв зорих шаардлагагүй болох юм.

Тухайлбал, та харилцах дансны тодорхойлолт, хуулга, зээлийн үлдэгдэлтэй эсэх тодорхойлтыг энэ төхөөрөмжөөс шууд хэвлэн авах бүрэн боломжтой.

Мөн ХААН банк дотор болон банк хооронд бэлэн бус гүйлгээ хийх, дебит картын захиалга, нөхөн авалт, сунгалт, кредит картын төлбөр хийх, карт идэвхтэй, идэвхгүй болгох, мөн интернэт банк аппликэйшн, мобейл банк, ухаалаг мэдээ үйлчилгээнд бүртгүүлэх зэрэг үйлчилгээг Киоскоос өөрөө авах боломжтой аж.

Хэрэв та тухайн төхөөрөмжийг хэрхэн ашиглахаа мэдэхгүй бол Киоскон дээр суурилуулсан харилцуураар онлайн оператортой холбогдож видео дуудлага хийснээр мэдээлэл, үйлчилгээний зааварчилгаа, хүссэн мэдээллээ авна.

Киосктай танилцах иргэдийн урт дараалал үүссэн байв. Иргэний үнэмлэхээ, хурууны хээтэйгээ уншуулсны дараа бүх үйлчилгээг дэлгэн дээрээс авна. Зарим харилцагч ойлгохгүй байгаа үйлчилгээгээ харилцуураараа оператортой холбогдож байгаад авч байсан. Эндээс харахад их ажлыг хөнгөвчилж, илүү олон боломжийг бий болгосон амар үйлчилгээ мэт харагдсан. Яг ТҮЦ машин шиг нэг дороос банкны бүх үйлчилгээгээ авна гэдэг амар юм билээ.

Энэ өдөрлөгтэй Монголбанкны удирдлагууд хүрэлцэн ирж үйл ажиллагаатай танилцав.
 
С.Энх-Ирээдүй: Нийслэлийн хэмжээнд 10 ширхэг Киоск төхөөрөмж байршуулахаар төлөвлөсөн
 

ХААН банкны цахим банк, АТМ-ын сувгийн газрын дарга С.Энх-Ирээдүй уг арга хэмжээнд илтгэл тавьсан юм.
Тэрбээр "Бид цоо шинэ төхөөрөмжийг нэвтрүүлж, өнөөдөр нээлтээ хийж байна. Иргэний үнэмлэхээрээ хурууны хээгээ баталгаажуулаад Киоск машинаас үйлчилгээ авна. Цахим үйлчилгээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, банкны биет салбарыг дараагийн түвшинд гаргах гэж байгаа том ажил. Манай банкнаас одоогоор хотын хэмжээнд 10 ширхэг Киоск байршуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, Хаан банк цамхаг тооцооны төвийн дэргэдэх АТМ-ын сууринд туршилтаар хоёр Киоск байршуулсан нь хамгийн анхных болж байна. Ирэх долоо хоногт тус тооцооны төв дотор нэгийг нэмж суурилуулна" гэв
 
Киоскоос авах боломжит үйлчилгээнүүд

-Дансны тодорхойлолтоо хэвлэх, имэйлээр авах,

-Гүйлгээ хийх, үүнд ХААН банкны данс руу, бусад банкны данс руу,

-Картын үйчилгээ, үүнд дебит картын захиалга, нөхөн авалт, сунгалт, кредит картын төлбөр, картаа гээсэн бол идэвхгүй болон идэвхтэй болгох,

-Цахим үйлчилгээ, үүнд интернэт банк болон Кhan bank application-д шинээр бүртгүүлэх, мобейл банк үйлчилгээнд бүртгүүлэх, ухаалаг мэдээ үйлчилгээнүүдэд бүртгүүлэх боломжтой.

-Танд үйлчлэх 24/7 Онлайн оператор гэх мэт үйлчилгээнүүдийг нэг дороос авна.

 


О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus