Халх голын дайн төмөр замаас үүдэлтэй гэв

ОХУ-ын урт хугацааны зээлээр манай улсын анхны төмөр зам 1938 онд баригдсан байдаг. Харин Халх голын байлдаан төмөр замын асуудлаас болж гарсан гэдэгт гадаад дотоодын зарим эрдэмтэн санал нэгдэж байна.

Өчигдөр Монгол, Япон, Британи, БНХАУ-ын эрдэмтэд Халхын голын дайн  төмөр замтай хэрхэн холбогдож байгаа болон төмөр замын түүх, өнөөгийн хөгжлийн талаар “Халх голын дайн ба төмөр зам” олон улсын эрдэм шинжилгээний хуралд  илтгэл тавилаа. 1939 онд Монгол-Оросын цэргийн хамтарсан хүчээр япончуудыг бут цохисон Халхын голын дайны 75 жилийн ойн хүрээнд сал­­барын яам холбогдох бай­­гууллагуудаас олон бү­тээлч ажил хийж байгаа.

Тэгвэл энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурал нь ялалтын ойд зориулж байгаагаараа онцлог байв. Эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Кембрижийн Их сургуулийн Монгол, Өвөр Азийн судалгааны төв, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран зохион байгуулсан  юм.

Эх орон газар нутгийг бидэнд үлдээсэн түүхэн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын ач холбогдлыг Монголд геополитикийн сэтгэлгээг хөгжүүлэх, төмөр замын улс төр эдийн засгийн стратегийн  ач холбогдлыг тодорхойлох хэмээн эрдэмтэд тайлбарлав. Мөн Халхын голын байлдааны сэдвийг өргөжүүлж,  төмөр замтай холбож судалж байгаа нь шинэлэг зүйл гэдгийг  хуралд ирсэн хүмүүс хэлж байлаа.

Р.Болд:

ИХ ГҮРНҮҮД МОНГОЛЫГ ТӨМӨР ЗАМ ТАВИХ ШИНЭ ОРОН ЗАЙ ГЭЖ ҮЗСЭН

Эрдэм шинжилгээний хурлыг  “Халх голын дайн ба төмөр зам”  гэсний учрыг Австрали улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Р.Болд “Халх голын тулалдаан ба төмөр зам” илтгэлдээ ингэж тайлбарлажээ. Түүний дэвшүүлсэн  санаагаар бол 1939 оны Халх голын байлдааны гол шалтгаан төмөр замаас үүдэлтэй нь Их гүрнүүдээс Монголыг төмөр зам тавих шинэ орон зай гэж үзсэнтэй холбоотой гэнэ.  Яагаад ингэж үзэж байгаагаа тэрээр “1939 оны тавдугаар сард Халхын голын дайн эхлэхэд дайн болох ноцтой  шалтгаан мөн хоёр талаасаа цэрэг армийн том хүч байгаагүй. Халхын голд хамгийн ойрхон нь  Японы Хянганы нурууны  Халуун рашаан хүртэлх төмөр зам байсан. Харин Халхын голын байлдааны районд хамгийн ойр байсан Зөвлөлтийн төмөр зам 750 км зайтай байсан. Ийм байхад яагаад цэрэг стратегийн ач холбогдолгүй, дэд бүтэцгүй, зэлүүд талд дайтах болов. Японы Манжуураас Халуун рашаан хүртэлх төмөр замыг  цааш нь Хайлуур хүртэл үргэлжлүүлэхэд Монгол Улсын хилд хэтэрхий ойрхон байсан учраас хил орчмыг Халхын голоор зурсан. Дайны дараа Зөвлөлтийн гадаад хэргийн сайд,Японы элчин сайдтай хэлэлцээ хийхдээ төмөр зам тавихад  саад болж байгаа Монголын газар нутгийн талаар тохиролцсон” гэв.

Хөгжилт:

СИ ЗИНЬПИНИЙ АЙЛЧЛАЛ МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫН ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАНА

Эрдэм шинжилгээний хуралд ирсэн гадаад дотоодын зарим эрдэмтэн төмөр замаас болж Халхын голын дайн эхэлсэн гэдэгтэй санал нийлж байгаагаа хэлэв. Энэ үеэр Британи, Японы профессорууд Халхын голын дайн болон төмөр замтай холбоотой сонирхолтой илтгэл тавьсан юм. Харин  БНХАУ-ын Өвөр Монголын их сургуулийн профессор Хөгжилт  манай улсын төмөр замын өнөөгийн байдлын талаар тавьсан “БНХАУ ба Монгол Улсыг төмөр замаар холбох бодлого, үйл явцад хийсэн дүн шинжилгээ”  илтгэлдээ  тус улсын ерөнхийлөгч Си Зиньпиний айлчлал  Монгол Улсын төмөр замын хөгжил хурдацтай урагшлахад нөлөөлнө гэдгийг онцолж байлаа.

Д.Шүрхүү:

ДАЙНЫ ҮЕД ТӨМӨР ЗАМ ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ БАЙЖЭЭ

ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Шүрхүү Халхын голын дайн ба төмөр замын эдийн засгийн ач холбогдлын талаар “Монголын төмөр замын хөгжлийн түүх, ач холбогдлыг иргэдэд ойлгуулах их чухал. Өмнө нь судлагдаагүй зүйл ч их байгаа. Дайны үед их гүрнүүдийн нөлөөгөө тогтоох гол хэрэгсэл бол төмөр зам байсан. Дайны дараа төмөр замын бүтээн байгуулалтыг түргэтгэсэн. Байлдааны үед ханган нийлүүлэлт өртөг зардал гээд төмөр замын эдийн засгийн асуудал том. Халхын голын дайны үед 75 мянган тонн ачаа тээвэрлэх асуудал гарч ирж байсан. Үүнд олон мянган машин цэрэг шаардагдаж байсан нь тээвэрлэлт, эдийн засгийн тал дээр төмөр зам маш чухал ач холбогдолтой гэдгийг харуулж байна. Бид төмөр замын улстөржсөн, ашиг хонжооны талаар их ярьдаг.  Гэвч төмөр замтай холбоотой түүхэн баримтуудыг сонирхохгүй өнгөрч болохгүй. Дайны өмнө Хаант Оростой төмөр замын гэрээ байгуулсан байдаг. Одоог хүртэл төмөр замыг тойрсон зөрчилтэй асуудал үргэжилж байна” гэсэн юм. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын хувьд өнгөрсөн зун төмөр замын хөгжлийн асуудал, бүтээн байгуулалтын асуудлаар эрдэмтэд илтгэл тавьж байжээ.


Зууны мэдээ
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өнөр 2021-12-16 06:37:51
    Ёстой сонин түүх байна. Анх удаа сонслоо.Баярлалаа. С.Уянга.
  • хөөе 2014-09-07 14:14:55
    Чита хотыг эзлэх, ЗХУыг 2 хуваах зорилго нь яасан? Налайхын нарийн төмөр замыг бөмбөгдөхгүй дээ
    112.72.13.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-09-04 00:54:36
    аан төмөр замын царигаас болсон юм уу тээ?
    202.170.93.2
    Мэдэгдсэн Хариулах