Харааны бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан КОФЕ ШОП нээгдлээ
-Таны ууж буй нэг аяга кофе харааны бэрхшээлтэй иргэнд ажлын байр бий болгож өгнө-

Харааны бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүд олон бий. Тухайлбал харааны байдлаасаа болж хөдөлмөр эрхэлж чаддаггүй. Харин сүүлийн жилүүдэд харааны бэрхшээлтэй иргэдийг дэмжих, ажлын байраар хангах, амьдралд нь урам зориг өгөхөөр төрөөс их ажил хийж буй. Тэдний нэг бол БНСУ-д манай улсын хараагүй иргэдийг бариста мэргэжлээр сургаж ажлын байраар хангаж буй төсөл хөтөлбөр юм. Энэ төсөл хөтөлбөрт хамрагдсан харааны бэрхшээлтэй иргэд өнөөдөр ажлын байртай болж байна.




Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын XI дүгээр байранд Кафе  шоп нээжээ.

Өөрөөр хэлбэл, Солонгосчууд харааны бэрхшээлтэй 20 гаруй монгол хүнийг бариста мэргэжлээр сургаж, ажлын байраар хангасан байгаа юм. Бариста гэдэг нь кофе найруулж, чанаж бэлтгэх ажлыг хэлнэ.

Ингээд тус Кафе шопын газрын үйл ажиллагааг өнгөрсөн баасан гарагт сурвалжлав.

Үүдээр нь оронгуут эмэгтэй, эрэгтэй хоёр бариста найрсагаар угтаж авав. Шинээр нээгдсэн болохоор бүх зүйл нь цоо шинэ харагдав. Шинэ жил дөхөж байгаа болохоор гоё гацуур мод засчихсан байв. Нээгдээд нэг хонож байгаа гэхэд үйлчлүүлэгч цөөнгүй харагдав.

Эвтэйхэн авсаархан хөөрхөн ширээ, сандалтай, өнгө үзэмж ч гоё орчинтой аж.
 
Б.Янжмаа: Солонгост дөрвөн сар суралцаж дадлагажсан болохоор хүнд зүйл байхгүй ээ


 

Ийнхүү зорьж ирсэн учир явдлаа хэлэхэд бариста Б.Янжмаа дуртай хүлээж авч “Өчигдөр нээгдсэн. Өнөөдөр баасан гараг. Даваа гарагаас эхлээд үйл ажиллагаа жигдэрчихнэ” гэлээ.

Ингээд түүнтэй ярилцлаа.

-Хараагүй иргэдийг Солонгосчууд баристагаар сургаж, ажлын байраар хангасан нь их сайхан санагдлаа. Таны хувьд хэзээ сурч төгссөн бэ?

-Баярлалаа. Өнгөрсөн онд анх БНСУ-д харааны бэрхшээлтэй иргэд баристагаар сураад ажлын байран дээр гарч ажилладаг гэсэн мэдээллийг сонсч байсан. Монголын хараагүйчүүдийн үндэсний төв холбооноос дээрх төсөл Монголд хэрэгжихээр боллоо гэсэн. Гэхдээ анх удаа хэрэгжүүлж байгаа нь  энэ. Тухайлбал, БНСУ-ын Засгийн газрын Койка олон улсын байгууллага, мөн тус улсын хараагүйчүүдийн нийгэмлэг, манай холбоо гээд гурван байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Монголд харааны бэрхшээлтэй иргэдийн бариста бэлтгэх хоёр жилийн хугацаатай төсөл өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн.  Нийтдээ 22 баристаг хоёр жилийн хугацаанд сургасан.

-Таны хувьд хэддэх төгсөлтийнх нь бариста бэ. Төгссөн бариста нар хаана, хаана ажиллаж байна?

-Миний хувьд хоёр дахь ээлжийн бариста. Бид нараас 14 бариста нь яг ажлын байртай болсон. Энэ оны зургадугаар сард Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд  нэгдүгээр салбар нь одоо хоёр дахь нь энэ Засгийн газрын 11 дүгээр байранд ашиглалтад орлоо. Манайх дөрвөн бариста, нэг менежертэй ажиллаж байна.  

-Харааны бэрхшээлтэй иргэдэд ажлын байр хангалтгүй юм шиг санагддаг. Баристагаар сурахаас өмнө ямар ажил эрхэлдэг байв?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хөдөлмөр эрхлэх орон зай хязгаарлагдмал байдаг. Тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд бүр хэцүү шүү дээ. Бэрхшээлээс хамаарч жижиг ажил буюу цаасан уут, урлал хийх, оперторын ажил л олдог байсан. Миний хувьд үүнээс өмнө сайн дурын ажилтан байсан. Харин өнөөдрийн хувьд “кофе шоп”-д баристагаар ажиллах боломж нөхцөл олдож бүрдсэнд баяртай байна. Нөгөөтэйгүүр хөдөлмөр эрхлэх зах зээл нэмэгдлээ.

-Солонгост очиж суралцсан уу. Ер нь харааны бэрхшээлтэй хүн ийм ажил хийх хэр юм байна. Хүндрэл, ачаалал байна уу?

-Улсад нь очиж дөрвөн сар суралцаж дадлага туршлага олж авсан. Миний хувьд нэгдүгээр салбартаа ажиллаж байгаад хоёрдугаар салбартаа ирлээ. Бид нарын харааны бэрхшээлтэй учраас бүх зүйлийг баримжаалах, мэдрэмжээрээ ажиллах дадал хэвшлийг олж авдаг. Мөн аюулгүй байдал талаасаа маш сайн суралцсан. Яагаад гэвэл халуун орчинд ажиллана. Дөрвөн сар гэдэг багагүй хугацаа. Сайн суралцаж дадлагажсан. Тэгэхээр ажлын байран дээр хүнд хэцүү зүйл байхгүй.

-Үйлчлүүлэгчтэйгээ харилцаа үүсгэх тал дээр?

-Манай бариста нар сайн шүү. Эелдэг харилцаатай байна. Орчны цэвэрлэгээ үйлчилгээг ч сайн хийнэ. Магадгүй цаашлаад дизайн маркентинг чиглэл рүү ч өөрийгөө хөгжүүлэх боломжтой бий.

-Ажиллах орчны талаар ямар байна. Хэдэн хувийн хараагаа алдсан хүн ажиллах боломжтой вэ?

-Харааны байдлаасаа хамаараад зарим нэг зүйлийг яг нэг газар тавьж хэвшинэ. Кассын машинтай харьцаж чадахгүй болохоор менежертэй байна. Энд 00 хараатай хүн бол ажиллах боломжгүй. Харин 50-90 хувийн хараагаа алдсан хүн ажиллана. Миний хувьд 90 хувиар хараагаа алдсан учраас кассын машин ажиллуулж чадахгүй, кофе найруулж бэлтгэж, зөөх ажлыг хийж байна.

-Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-Манай харааны бэрхшээлтэй бариста нарыг маань бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа кофе шопууд нийгмийн хариуцлага талаасаа авч ажиллуулаасай. Тэд маань ч сайн туршлагаа бусдад түгээгээсэй гэж хүсье. Бид нарт ажиллах орчин бүрдсэн бол бусдын адил ажиллах боломжтой.
 
 
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.