Д.Ганхуяг: Ижийнхээ нэрээр их урлагт хөл тавьснаа нуухгүй
Монгол Улсын гавьяат жүжиг­чин Д.Ганхуяг хэмээх түмэн таних энэ эрхмийн тухай элдвийг өгүүлэх нь илүүц. Харин түүнд цагаахнаар атаархаж болно. Их урлагийн тайзнаа арслан бар шиг дүүхэлзэн үзэгчдийн сэтгэлийг өөр дээрээ татаж чаддаг Ш.Дулмаа ахайтны сөөсгөр бор хүүг “Уран бүтээлч” булангийнхаа хойморт урьж, ярилцлаа. Алтан үеийн хөгшчүүл түүнийг ийн эрхлүүлдэг юм билээ.

-“Сүх жанжны гэрт хацраа таргаар “мялаачихсан” худлаа залж суудаг Жаргал хүүгийн дүрийг та бүтээсэн. Энэ нь таны дэлгэцийн бүтээлд хөл тавьсан анхны дүр үү?

-Үгүй. “Толбот хивс” киноны Чимгээгийн дүүгийн дүрд анх тоглосон. Дараа нь “Улаан дарцаг”-ийн Идэр, “Тунгалаг тамир”-ын Жаргал, “Тэмцэл” киноны ардын хоршооны Аюуш, “Мартагдашгүй намар”-ын Ганзориг гээд нэлээд хэдэн кинонд тоглож.

-Их урлагт хөл тавихад тань яруу найрагч ижийн нөлөө, нэр алдар нь хэрэг болсон уу?

-Ижийнхээ нэр нүүрээр их урлагт хөл тавьснаа нуухгүй ээ. Миний багад манайх олны хөлд дарагдсан айл байв. Яруу найрагчид, зохиолчид, хөгжмийн зохиолчид, кино найруулагчид гээд ирэхгүй хүнгүй. Дээр нь ижийн нутгийн оюутнууд өдөр шөнөгүй цувж байдаг. Тийм л орчинд өсч торниж буй би урлагт дурлахгүй яах юм. Хүүхэд байхын орсон гарсны инээдийг барсан хөгийн “амьтан” байсан юм гэж хөгшчүүл дурсах нь бий.

Анх “Толбот хивс” кинонд тоглох хүүхэд шалгаж байна гэж дуулаад ээж ах бид хоёрыг дагуулж очсон. Киноны комиссынхон “инээ” гэхээр хүүхдүүд тэрүүхэндээ мушийж байхад би “ха ха” гээд үнэн сэтгэлээсээ инээсэн. Тэр байдал тэдэнд таалагдсан биз. Тэгээд гол дүрийн Чимгээгийн дүүд тоглуулсан. Нас бага болоод тэрүү, кинонд тоглохыг их амархан зүйл мэт бодож байлаа.

Найруулагчийн хэлсэн, биеэр үзүүлснийг тоть шиг давтаад л гүйцээ. Тэгээд зааж өгснийг нь сайн гүйцэтгэвэл магтуулж, чихрээр шагнуулж байгаа юм чинь. Өнөөдөр эргээд бодож байхад Идэрийнхээ дууг өөрөө оруулдаг байж дээ гэх бодол төрдөг юм. Жаахан дультраа хэлтэй хүн дуу оруулсан нь надад таалагддаггүй.

-Эдүгээ тэр чигээрээ л кино жүжигчний мэргэжил сонгодог байж гэх бодол төрдөг үү?

-Арван хэдтэйгээсээ кинонд тоглосон болоод тэрүү кино жүжигчин болох нь миний мөрөөдөл. Даанч аравдугаар анги төгссөн тэр жил кино драмын ангийн хуваарь өнжиж таарсан. Тэгтэл кино үйлдвэр намайг ажилд авна гэх сураг дуулдлаа. Гүйгээд очтол гэрэлтүүлэгчийн орон тоо байна гэхээр нь ажилд оролгүйгээр Хөгжим бүжгийн дунд сургуулийн найрал дууны ангид орж суралцсан. Тэр үед би гитар тоглож, дуулдаг байсан. Сургуулиа онц төгсөөд Улсын филорманид хуваарилагдав. Бас л залуу насны хөөрүү зангаар филорманийн үндсэн бүрэлдэхүүнтэй дуулах юм гэж санатал юу гэж миний санаснаар байхав дээ. Тэгээд дээд боловсрол эзэмшихээр шийдэн шалгалт өгтөл хэлний бэлтгэлгүйгээр Орост суралцах эрхтэй боллоо.

Би болохоор эстрад чиглэлээр Болгарт сурах санаатай байдаг. Аргаа бараад ээжийг зовоон Соёлын яамны сайд дээр оруулаад ч нэмэр болоогүй. Тэгээд л бурхны зурсан зураг төөргийн дагуу дуурийн дуучин болсон. Сургуулиа төгсөөд ирсний дараа ч эстрадын дуучин болно гэж зүтгэж үзсэн. Орост сурч байхдаа Элчин сайдын яаманд ажиллаж байсан Ухнаа гуайтай хуйвалдчихсан “за, зүй” болсон байсныг яана. Соёлын яамны боловсон хүчин “Чи улсын хөрөнгөөр сурч ирчихээд юу яриад байгаа юм. Дуурьт дуулахгүй бол Баян- Өлгий яв гэдэг байгаа. Би юу боллоо гэж тийшээ явахав. Тэгээд л дуурьтаа үлдэхгүй юу.

-Дуурийн дуучнаар суралцаж байхдаа ч хувь заяатайгаа эвлэрэхгүй байсан хэрэг үү?

-Үнэнийг хэлэхэд, дуурь бол том биетэй хүний дуулах урлаг. Яагаад гэвэл бие том байхын хэрээр хоолойн чадал нь сайн байдаг юм. А.Энхтайван бид хоёр нэг ангийнх. Түүнийг биеэрхүү гэдгийг надаар хэлүүлэлтгүй та бүхэн мэднэ. Тэгвэл манай ангийн охидууд Энхтайванаас биеэрхүү гээд төсөөл. Манай сургуульд над шиг намхан нуруутай оюутан байгаагүй. Гэхдээ хоолойн цараар тэднээс ер дутаагүй. Тэгээд л хамтран дуулагч нартайгаа чацуу харагдахын тулд тусгай захиалгын гутал өмсч байгаад л дуулна даа.

-Та дуурь бол биерхүү хүн шаарддаг урлаг гэж онцоллоо.Гэтэл та биеэр бага ч бэлчээр холтой дуучин гэдгээ харуулж чадсан нэгэн. Энэ амжилтад хүрэхэд цуцах үе байв уу?

-Маш их хөдөлмөрлөсөн. Яагаад гэвэл хүн өөрийнхөө байгаа хэмжээнд дуугарна. Гэхдээ яахав би өөрөөсөө давсан хэмжээнд дуугарч чадсан. Тийм хоолойн чадал надад заяаж. Хоолойн чадлаа харуулахын тулд цуцалтгүй хөдөлмөрлөсөн. Нөгөөтэйгүүр, дуурийн гол дүр баатарлаг, сайхан хүн байхыг шаарддаг урлаг. Жишээлбэл, над шиг жижигхэн хүн Юүндэнд тогловол ямар байхав. Тэр л байхгүй юу. Ийм учраас би дуурийн дуулаачийн ангид элсэгчдэд биеийн хэмжээ зааж өгөх тухай асуудлыг олон жил ярьж байна.

-Тэгвэл та намхан нуруу­тайгаасаа болоод мөрөөдөж явсан дүрээ өөрийн болгож чадаагүй тохиолдол бий юу?

-Байхгүй.

-Өндөр өсгийтэй гутал өмсөөд дуулахын хажуугаар жүжиглэх нь эрчүүдийн хувьд хэцүү асуудал мөн үү?

-Жүжигчин хүнд энэ зэргийн хүндрэл асуудал биш. Гагцхүү үзэгчид түүнийг нь мэдэх учиргүй. Тайзан дээр би Долгор, Мөнхшүр хоёроос намхан харагддаггүй биз дээ.

-Тэгвэл таны амьдралын хань биеэр өндөр үү, нам уу?

-Манай хүн залуудаа надаас өндөр л харагддаг байсан. Одоо чацуу л харагддаг болсон байна лээ.

-Гэргийгээ танилцуулах­гүй юу?

-Миний гэргийг Чимгээ гэдэг. Хэвлэл чимэглэлийн үйлдвэрийн зээгт наамлын тасагт ажиллаж байгаад зах зээлд шилжмэгц “Торгон урлал” компанид монгол дээл оёж байгаа.

-Та хоёр хэрхэн танилцаж байв, нууц биш бол?

-Бид хоёр арван жилийн сурагч байхдаа танилцаж үерхсэн.” Улаан дарцаг” кинонд тоглодог жил гэхээр 1970 юм байна. Чимгээ тэр үед тавдугаар ангийн сурагч, би наймдугаар анги. Түүнийг манай байранд амьдардаг найзындаа ирэхэд танилцсан. Өсгөлүүн биетэй, хөөрхөн охин байсан. Бидний гэрлэлтээ батлуулсан түүх их инээдэмтэй. Гэрлэлтээ батлуулах гээд Хуримын ордонд очлоо. Хуудас бөглө гэсний дагуу бичиж байтал “Анх танилцсан байдал” гэсэн асуултын учрыг ололгүй хүнээс нь асуутал “Та хоёр хэдэн онд танилцсан юм, түүнийгээ л бичихгүй юу” гэх нь тэр. Тэгэхээр нь анх танилцсан жилээ 1970 он гээд бичихлээ. Гэрлэлтийн баталгаа гараад ирсэн чинь “1970 онд танилцаж гэр бүл болсныг 1977 онд бүртгэв” гээд гараад ирдэг байгаа. Тэгэхээр бид хоёр чинь нэг нь наймдугаар, нөгөө нь тавдугаар ангидаа гэр бүл болсон болж таарч байгаа юм.

-Танайх ам бүл хэдүүлээ вэ?

-Манайх хоёр хүү, нэг охинтой.Том охин Г.Онон маань урлаг талдаа. “Боолын гэрээ”,”Төрийн дайсан” зэрэг киноны хөгжмийг бичсэн. Дунд охин Г.Одзул маань гадаад хэлний орчуулагч мэргэжилтэй. Бага хүү маань аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Тенор хоолойтой.

-Ид мандаж байсан үеийн бүтээлээс дуулах хүсэлтийг тавих зориг хүүгээс тань гарч байна уу?

-Бид хоёр том хүүгээ Хөгжим бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурын зургаадугаар ангид сурч байхад нь гаргачихсан юм. Тэгтэл хүү маань энгийн сургуульд сурч байгаа мөртөө хичээлийнхээ завсар зайгаар хөгжмөө тоглосоор аравдугаар анги дүүргэсэн. Нэгэнт урлагт сэтгэлээ өгсөн л бол түүнийг хорьж цагдаад ч дийлдэггүй юм билээ. Эхнэр маань ахынх нь энэ байдлаас залхсан уу яасан бага хүүг хөгжмийн хүн болгохгүй гээд аравдугаар анги төгссөн жил нь “Цахим” дээд сургуульд оруултал хичээлдээ явж өгдөггүй. Аргаа бараад “Чамд ямар бодол байгаа юм” гэтэл “Аав аа, би дуучин болмоор байна, Таны дуулж амжаагүй дуунуудыг дуулмаар байна гэж хариулсан. Тийм хүний хүслийг нь дагуулахаас яахав.

-Яагаад эхнэр тань урлагаас элэг буруулах болов?

-Нүүр буруулсандаа биш ээ. Урлагийн хүний цалин хөлс амьдралд нь хүрэлцдэггүй учраас тэр. Нөгөөтэйгүүр, урлагийн хүн гэрийн бараа хардаггүй, ар гэрээ золиослодог гэдгийг та бүхэн гадарлана шүү дээ. Надтай хамт Хөгжим бүжгийн сургууль төгссөн ангийнхан маань өнөөдөр хачин бага, хэдхэн зуун мянган төгрөгийн тэтгэмж аваад тэтгэвэрт гарч байна. Энэ мөнгөөр өнөөгийн нийгэмд амьдарч чадах уу. Иймэрхүү байдал нөлөөлс­нийг үгүйсгэх аргагүй.

-Гэхдээ цаг үе өөр болсон шүү дээ?

-Үнэнийг хэлэхэд, дуурийн урлаг нэгэн үе мөхлийн ирмэгт хүрч байсныг бидний үеийнхэн бор зүрхээрээ зүтгэж гэмээнэ өнөө цагтай золгуулсан юм шүү дээ. Монголын ард түмэн үүнийг өнөөдөр мэдэж суугаа. Дуурь бүжгийн эрдмийн театр гэх их айл Монголд төдийгүй Азид ганцхан байгууллага. Үүнийг дэлхийн жишигт авч явах нь тэнд ажиллаж байгаа уран бүтээлчийн үүрэг бус, төрийн анхааралд зүй ёсоор байх зүйл.

-Та бүгдийн ач буянаар Монгол Улс өдгөө дууриа авч үлдэж чадаж. Тэгээгүй бол япон бүсгүй манай театрын тайзнаа дуулж, Австри, Италийн найруулагчид та бүхэнтэй хамтарч ажиллах санал тавихгүй байсан биз ээ. Ингэж гадныханд боломж олгох нь зөв зүйл үү?

-Зөв байлгүй яах вэ. Дуурь бол дэлхийн хэмжээний урлаг. Монгол Улсын хөгжил дэлхийн хаана явааг үзье гэвэл дуурь үзэхэд л хангалттай. Үүссэн түүх нь ч хэдэн зуун жилээр яригдана. Гадны уран бүтээлчдэд бид боломж олгож байгаа мэт харагдаж байвч цаад утгаараа тэднээс авах зүйл зөндөө бий гэдгийг бодолцох учиртай.

-Дуурийн дуучид Итал­ийн их театрын тайзнаа дуу­лахыг мөрөөддөг юм билээ. Танд тийм хувь тохиов уу?

-Үгүй.

-Ардын жүжигчин Жавзан­­дулам хатагтай “Надад Италиас сурах зүйл байхгүй” хэмээн ам бардам хэлсэн нь бий. Харин танаас ингэж асуувал?

-Орос бол аугаа гүрэн. Дэлхийн хоёрдугаар дайны үед ч дуурийнхаа, залгамж халааг авч үлдэж чадсан ард түмэн. Тэгвэл манайх тэнд боловсон хүчнээ бэлтгэсний хувьд дэлхийтэй өрсөлдөх хэмжээнд очсон уу гэвэл очсон. Манай “Ламбугайн нулимс” гэхэд л дэлхийн хэмжээний бүтээл болж чадсан. Монгол Улс дэлхий дээр өвөг ард түмний хувьд дуурийг өөрийн хэмжээнд цогцоор нь хөгжүүлэх учиртай. Монгол дуурийг дэлхийн хэмжээнд гаргаад ирвэл л бидний хүсэл зорилго биелнэ.
Өглөөний сонин
Ч.Ууланнуга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.