Дизайнер Р.Отгонлхам Тайландын торгоны шоунд оролцов

Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Тайландын нийслэл Бангкок хотноо “Celebration of Silk: Thai Silk Road to the World 2018” загварын шоуны нээлт боллоо. Торгоны шоуг тус улсын Ерөнхий сайд генерал Прают Чан-o-ча нээж, Тайландын төр, засгийн өндөр албан тушаалтнууд, Бангкок дахь дипломат корпус болон бизнес, загварын ертөнцийн төлөөлөгчид оролцов.

Энэ жилийн арга хэмжээнд Бангкокт суугаа 48 орны Элчин сайдын яамдын төлөөлөгчид өөр өөрсдийнхөө орны шилдэг дизайнераа урьж оролцсон юм. Мөн “Ертөнцийн мисс 2017” тэмцээний оролцогч 35 орны гоо бүсгүйчүүд тай торгоор урласан даашинзны шоу үзүүлсэн нь онцлог болов. Тус арга хэмжээнд зориулж нийт 3,500 метр тай торгыг дэлхийн 40 гаруй орны дизайнеруудад хүргэжээ.


Монгол Улсыг төлөөлж “Ринчин Есүй” брэндийн үүсгэн байгуулагч, дизайнер Р.Отгонлхам тай торгоор бүтээсэн монгол дээлээр оролцсон байна. Түүний урласан дээлийг Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын гэргий Ц.Должинсүрэн өмсөж танилцууллаа.

Мөн тус шоунд Дэлхийд алдартай дизайнер Жимми Чүү тус арга хэмжээнд оролцож, Сирикит хатанд тай торгоор урласан гоёлын гутал бэлэглэсэн нь энэ удаагийн шоуны хамгийн онцлох үйл явдал болов.

Тай торгыг дэлхий нийтэд сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээг Цог жавхлант хатан Сирикитийн ивээл дор Тайландын жуулчдын туслах сангаас Бангкокт суугаа элчин сайд нарын гэргий нарын холбоотой хамтран 2009 оноос хойш зохион байгуулж байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.