Жижиглэн худалдаа эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа хэлэлцэнэ
-Зөрчлийн тухай хууль жижиг худалдаа эрхлэгчдэд том дарамт болж байна гэв-

Өнөөдөр Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ жил Монгол Улсад үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой  тохиож байгаа аж.

Иймээс Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ-аас санаачлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Монголын Хүнсчдийн холбоо,  ХҮИС-тай хамтран арванхоёдугаар сарын 6-7-ны ѳдрүүдэд “Их хүрээ 2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгуулахаар болжээ. Дээрх чуулган дөрөвдэхь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөө жил “Үндэсний худалдаа” гэх уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой аж.

Өнөөдрийн хэвлэлийн хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Байгалмаа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны зөвлөх, ХҮИС зөвлөх багш Д.Нарантуяа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Чулуунбаатар, Монголын Хүнсчдийн холбооны ахмадын зөвлөл Д.Вандан-Очир, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны хүндэт гишүүн Д.Лхагважав, мөн орон нутгийн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл нар хүрэлцэн ирж мэдээлэл хийлээ.
 
Худалдаа эрхлэгчдийн хууль эрхзүйн орчныг илүү боловсронгуй болгоно


Д.Нарантуяа "Өнөөдрийн хуралд 21 аймгийн худалдаачдын төлөөлөл ирсэн байгаа аж. Орон нутагт худалдаачдад тулгамдаж байгаа асуудал нь мэргэжлийн худалдагч байхгүй, худалдааны салбарт ажиллах хүч дутагдалтай байна. Энэ асуудлыг бодлогын хүрээнд хэлэлцэнэ.
Хоёрдугаарт гадаадын технологи инновацийг үндэсний үйлдвэрлэлдээ нутагшуулах, мөн стандартуудыг шинэчлэх, худалдааны зохицуулалтын хуулийг шинэчлэх зэрэг олон асуудлыг чуулганаар хөндөнө. Дараагийн нэг асуудал бол үйлдвэрлэлийн асуудал байна. Худалдаа дангаараа хөгжинө гэж байхгүй. Үйлдвэрлэлтэйгээ хоршиж худалдаа хөгжинө. Хэрэглэгчийн хэрэгтэй хүсч байгаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлээр дамжуулж бэлтгэж, зах зээлд гаргах нь чухал байгаа юм. Үйлдвэрлэл, худалдаачид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцана. Мөн чуулганаар зөвхөн дотоодынхоо худалдаачдын асуудлыг хөндөхгүй гадаадаас экспертүүдийг сургалт болно. Цаашид худалдааны салбарыг хөгжүүлж сайжруулна" гэв.

Манай улсад гадны маш олон сүлжээ дэлгүүрүүдийг оруулж ирдэг хэрнээ дотоодын худалдаа үйлчилгээний салбарыг тэр чигт нь орхигдуулсан. Энэхүү салбар нь Монгол Улсын нийт хүний нөөцийн 15 хувийг бүрдүүлдэг. ЖДҮХС-аас ямар нэгэн хөнгөлттэй зээл олгох ямар ч эрх зүйн зохицуулалт байхгүй байсаар байна. Хэрэв зээл авах боломж олговол ажил эрхлэлт нэмэгдэж, эдийн засагт тодорхой хувь нэмэрээ оруулахад бодлогын хүрээнд цогцоор нь шийдэх хэрэгтэй гэдгийг онцгойлон хэлж байна.

Мөн баярын өдрүүдэд ам.долларын ханш огцом өсдөг нь худалдаачдийн нуруун дээр маш том ачаа болдог талаар тэд онцоллоо. Худалдаачдад банкнаас маш өндөр хувийн зээл олгодог нь цаашид өссөн дэвжихийг хааж байгаа асуудал юм. Учир нь тэдний энэ их хүү төлж байгаа байдал зээлээс зээлийн хооронд амьдрах боломж руу түлхэж байгаа хэрэг болж  байна гэв. Хэвлэлийн хурлын үеэр тус салбарт тулгамдаад буй асуудлыг олон нийтэд хүргэх зорилгоор болон 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс төлөөлөл иржээ.
 
Зөрчлийн тухай хууль амьдралд нийцэхгүй, хэн ч хэрэгжүүлж чадахгүй байна
 

Сүхбаатар аймгийн худалдаачдын төлөөлөл Ц.Мөнхцэцэг "Жижиглэн худалдаа эрхлэгчдийн салбарыг төрөөс бодлогын хүрээнд дэмжих зайлшгүй шаардлагатай байна. Учир нь жижиглэн худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжийн иргэд түрээс, татвар, торгууль гэх эдгээр дарамтан дунд амьдралаа залгуулахад хүндрэлтэй байгаа. Тухайлбал, Зөрчлийн тухай хууль бидний ар нуруун дээр хүнд ачаа болж байна. Амьдралд нийцэхгүй хууль. Жишээлбэл, жижигхэн дэлгүүрт  нэг уут чихрийн хугацаа дууссан байлаа гэж бодоход хувь хүнийг 500 мянгаар, аж ахуй нэгжийг 5 саяар торгож байгаа юм. Гэтэл 5 сая төгрөгийн чадамжгүй дэлгүүр байвал яах юм бэ. Хэн ч хэрэгжүүлэх чадамжгүй хууль. Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд бидэнд ЖДҮХС-аас зээл авах боломж байдаггүй" гэлээ.

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн “Их хүрээ” чуулганы хүрээнд энэ сарын 6-нд буюу маргааш өглөө МЖХЭХ-ны их хурлаар эхэлж, үдээс хойш 14.00 цагт Сүхбаатарын талбайд ойн баярт зориулсан Монгол Улсын есѳн дүүрэг хорин нэгэн аймгийн жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдийн төлөөлөл оролцсон баярын цуглаанаар үргэлжилэх аж. Түүнчлэн энэ сарын 7-ны баасан гарагт үндэсний худалдаа эрхлэгчдийн “Их хүрээ 2018” чуулганыг зохион байгуулахаар болжээ.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.