Д.Гэрэл: Нууцтай танилцсан албан тушаалтны гадаадад зорчих, бусадтай харилцахыг зохицуулах шаардлага бий

Төрийн болон албаны нууцын тухай хуулийг шинэчлэн баталж, 2017 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж буй. Энэ хуулийн хэрэгжилтийн талаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлтэй ярилцлаа. 

-Та сайхан өвөлжиж байна уу. Ярилцлага авах хүсэлтийг минь хүлээн авсанд баярлалаа. Тагнуулын байгууллага төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж, нууц задруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Энэ хүрээнд Төрийн болон албаны нууцын тухай хууль УИХ-аар батлахад танай байгууллага хэрхэн оролцов гэдгээс яриагаа эхлэх үү?

-Тагнуулын байгууллагын тухай хуульд заасны дагуу манай байгууллага төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж, байгууллага, албан тушаалтанд мэргэжил, арга зүйгээр туслах, нууц хамгаалах тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу тагнуулын байгууллагаас төрийн нууцын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг 2008 онд эхлүүлж, 2016 оны арванхоёрдугаар сарын 1-нд Төрийн болон албаны нууцын тухай хуулийг батлуулсан. Хуулийг 2017 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж байна.

-Төрийн нууцын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг 2008 оноос эхлүүлсэн юм бол багагүй хугацаанд судалгаа хийсэн байх. Ер нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийг батлуулах хэрэгцээ шаардлага нь юу байв?

-1992 онд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуульд төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоож, хамгаална гэж заасны дагуу 1995 онд Төрийн нууцын, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийг УИХ баталсан. Эдгээр хууль 22 жил хэрэгжиж, өөрийн түүхэн үүргээ гүйцэтгэсэн.

Энэ хугацаанд манай орны гадаад, дотоод нөхцөл байдал, эрх зүйн хүрээнд олон өөрчлөлт гарлаа. Хуулиар нэмж зохицуулах шаардлагатай шинэ харилцаа, ойлголтууд бий болсон. Боловсронгуй болгох, нэмж тодорхойлох асуудлууд ч хуримтлагдсан юм. Төрийн болон албаны нууцын тухай хуулийг батлах шалтгаан нь энэ.

-Хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө.  Өнгөрсөн хугацаанд танай байгууллага чиг үүргийнхээ хүрээнд ямар ажлууд хийсэн бэ?

-Хууль хүчин төгөлдөр болсонтой уялдан уг хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай таван журам боловсруулж батлуулсан. Тухайлбал, Журам батлах тухай Засгийн газрын 2017 оны есдүгээр сарын 13-ны 246 дугаар тогтоолоор суурь журам гэж хэлж болох Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журмыг батлууллаа. Төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж шинэчлэн баталсантай холбогдуулан төрийн байгууллагуудын нууц хамгаалах ажилтан болон нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтыг 2017 оны сүүлчээр улсын хэмжээнд зохион байгууллаа.

Энэ онд уг хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж боловсруулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, бүх яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллагуудад хүргүүлж, биелэлтэд нь хяналт тавин ажилладаг. Мөн байгууллагуудад хүрч ажиллах үүднээс шинээр баталсан хууль тогтоомжийн талаар сургалт, мэдээлэл зохион байгуулах ажлыг хэрэгжүүлж байна.

-Төрийн болон албаны нууцын тухай хуульд орсон гол өөрчлөлт нь юу бол. Өөрөөр хэлбэл, өмнө нь мөрдөж байсан Төрийн нууцын тухай хууль болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуультай харьцуулахад юугаараа өөр болов?

-Төрийн болон албаны нууцын тухай хууль нь агуулга, хэлбэрийн хувьд өмнөх хуулиасаа өргөжсөн. Энэ хууль, түүнийг дагаж гарсан журмуудаар маш олон төрлийн харилцааг шинээр зохицуулна. Тухайлбал, өмнөх хуулиар албаны нууцыг тухайн салбар, байгууллагад нь хариуцуулдаг, үүнтэй холбоотойгоор албаны нууцад хамаарах мэдээллийг хуульд нийцүүлэн тогтоох, түүнийг хамгаалах асуудал тодорхойгүй байсан. Шинээр баталсан хуулиар төрийн болон албаны нууц хариуцсан байгууллага, албан тушаалтан нь тэдгээрийн аль алиныг нь хамгаалах үүрэг хүлээнэ.

Мөн төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг илүү тодорхой болгохыг зорьсон. Өөрөөр хэлбэл, хуульд заасан төрийн нууцад хамаарах мэдээллийн хүрээнд салбар, байгууллага бүрийн үйл ажиллагаанд хамаарах мэдээллийн жагсаалтыг Засгийн газраас тогтоож өглөө. Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг эрх бүхий байгууллагаас санал авсны үндсэн дээр зайлшгүй баталж байх зохицуулалт бий болсон. Түүнчлэн төрийн болон албаны нууц хариуцсан албан тушаалтан, иргэний нийтлэг үүрэг, хариуцлагыг тодорхой болгов. Монгол Улсын иргэн тодорхой нөхцөл, шалгуурыг хангасан тохиолдолд төрийн болон албаны нууцтай танилцах боломжтой. Төрийн болон албаны нууцын зэрэглэл, хугацаа шинэчлэгдэж, нууцад хамаарах мэдээллийг ил болгох зохицуулалтыг тодорхой болголоо. Зохих нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд нууцад хамаарах мэдээллийг гадаад улс, олон улсын байгууллагад шилжүүлэн өгч болох тухай зохицуулалтыг шинээр оруулсан зэрэг олон өөрчлөлт оруулсан.

-Нийтлэг чиг үүрэг гэдэг нь юу юм бол?

-Өмнөх хуулиар төрийн нууцыг хамгаалах үүрэг нь зөвхөн төрийн нууцтай танилцсан эрх бүхий албан тушаалтанд хамаарч байсан бол шинэ хуулиар албан тушаалтан төдийгүй төрийн болон албаны нууцтай зохих журмын дагуу танилцсан Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, мөн харьяалалгүй хүн ч нууц хамгаалах үүрэг хүлээнэ. Үүгээрээ төрийн болон албаны нууцыг хувийн болон бусад зорилгоор олж авах, ашиглах бололцоог хааж байгаа юм.

-Иргэд ямар шалгуураар төрийн болон албаны нууцтай танилцах вэ. Мэдээж нууцтай танилцах хүсэлтэй хүн бүхэнд зөвшөөрөл олгохгүй байх.

-Энд хоёр зүйлийг дурдах нь зүйтэй. Нэгдүгээрт, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэхтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээд нууцтай зайлшгүй танилцах хэрэгцээ гарсан тохиолдолд холбогдох нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр нууцтай танилцах эрх нээлттэй. Шалгуурыг нь хууль тогтоомжид тодорхой заасан. Хуучин ийм ойлголт байгаагүй.

Хоёрдугаарт, хуульд заасан нууцлах хугацаа нь өнгөрч, цаашид нууцлах шаардлагагүй болсон мэдээллийг нууцаас гаргаж, нээлттэй болгох ёстой.

 Өмнө нь дагаж мөрдөж байсан Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд зааснаар төрийн нууцад хамаарах мэдээллийн дөрөвний нэг хувь нь “байнга” нууцлах мэдээлэлд хамаарч байсан. Тэгвэл Төрийн болон албаны нууцын тухай хууль, журамд зааснаар гүйцэтгэх ажлын мэдээллийн эх сурвалж, тэдгээрийг халхавчлахтай холбоотой мэдээлэл болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиар хамгаалалтад авсан иргэний талаарх мэдээллээс бусад мэдээллийг тодорхой хугацаагаар нууцлахаар заасан.

 Нууцлах дээд хугацаа нь 30 жил байх юм. Энэ нь эргээд мэдээллийн ил тод байдал, иргэдийн мэдэх эрх чөлөөг хүндэтгэж байгаа хэрэг. Хуучин хуулиар ийм бололцоо байсангүй.Түүнчлэн өмнөх хуулиар олон төрлийн мэдээллийг байнга нууцлахаас гадна нууцлах хугацааны дээд хугацааг 60 жилээр тогтоож, ил болгохтой холбоотой зохицуулалт учир дутагдалтай байлаа.

Бид чинь бараг хүний идэвхтэй амьдралын 2-3 үе өнгөрөөд, нийгмийн тогтолцоо солигдчихоод байхад 1920-1930 оныхоо мэдээ, баримтыг хав дараад байгаа улс шүү дээ. Энэ нь иргэний мэдээлэл олж авах эрхийг хязгаарлаж байсны зэрэгцээ гадаад орнуудын нийтлэг чиг хандлагаас хоцрогдсон зохицуулалт. Одоо энэ бүхэн өөрчлөгдөж байна.

-Нууцын зэрэглэл, нууцлах хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулаад нэг зүйлийг тодруулъя. Тухайлбал, “маш нууц”-ын зэрэглэлтэй материалын хуульд заасан хугацаа дуусахад нууцаас шууд гарна гэсэн үг үү?

-Өмнөх хуульд төрийн нууцын гурван зэрэглэл тогтоосон ч албаны нууцын зэрэглэлийн талаар тодорхой зохицуулалт байгаагүй. Шинэ хуульд төрийн нууцад хамаарах мэдээлэл нь “онц чухал нууц”, “маш нууц” гэсэн хоёр зэрэглэлтэй, албаны нууцад хамаарах мэдээлэл нь“нууц” гэсэн зэрэглэлтэй байхаар тусгасан. Засгийн газраас баталсан Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтад төрийн болон албаны нууцад хамаарах мэдээллийг нууцын зэрэглэлээс нь хамаарч 10-30 жилийн хугацаанд нууцлахаар тогтоосон. Харин тухайн мэдээллийг үргэлжлүүлэн нууцлах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хугацааг хэрхэн сунгахтай холбоотой зохицуулалтыг хууль, тогтоомжид тодорхой заасан.

-Хууль хэрэгжих явцад засаж, өөрчлөх шаардлага гарч байна уу. Хууль тогтоогчид байсхийгээд л нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хэлэлцээд байдаг шүү дээ.

-Төрийн байгууллага, албан тушаалтнууд шинэ хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар харилцан адилгүй ажиллаж байна. Ер нь төрийн байгууллага, албан тушаалтны нийтлэг нэг дутагдал нь төрийн болон албаны нууцыг хамгаалах үйл хэрэг нь зөвхөн тагнуулын байгууллагын үүрэг гэж үзэж, өөрт хамааралгүй мэт ханддаг. Гэтэл эрхэлж буй ажил үүрэгтэй холбогдуулан олж мэдсэн төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах үүрэг нь тухайн байгууллагын удирдлага, албан тушаалтан бүрийн хуулиар хүлээсэн үүрэг.

 Иймд байгууллагын удирдлага, эрх бүхий албан тушаалтан бүр Төрийн болон албаны нууцын тухай хууль, тогтоомжоор  хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, хэрэгжүүлдэг байх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд шууд хамааралтайг зориуд тэмдэглэн хэлье. Шинээр баталсан хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд нь байгууллага, албан тушаалтанд мэргэжил, арга зүйгээр туслах, хууль тогтоомж сурталчлах ажлаа тагнуулын байгууллага цаашид үргэлжлүүлэх болно.

-Нууцтай танилцах зөвшөөрөл авсан хувь хүн, хуулийн этгээд хууль зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Өмнөх хуультай харьцуулбал нууцын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг илүү тодорхой болгосон. Тухайлбал, зөрчлийн төрлөөс хамаарч эрүүгийн, зөрчлийн, сахилгын хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Түүнчлэн төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах чиглэлээр хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд тагнуулын байгууллагаас тухайн байгууллагад хүргүүлсэн албан шаардлагыг хэрэгжүүлээгүй албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авхуулахаар түүний дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал хүргүүлэх тухай зохицуулалт шинээр бий болгосон.

-Нууц мэдээ баримттай танилцаж байсан эрх бүхий албан тушаалтнууд гадаадын тусгай албанд дамжуулсан гэх нэг бус хэргийг танайхан шалгаж байсан. Энэ төрлийн хэчнээн хэрэг шалгаж, шийдвэрлэв. Ер нь нууц хариуцаж байгаа албан тушаалтан ямар төрлийн зөрчил дутагдал ихэвчлэн гаргаж байна вэ?

-Тагнуулын байгууллага хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нууц төвлөрсөн байгууллагуудад нууцын хадгалалт, хамгаалалтын хяналт шалгалт явуулахад цөөнгүй зөрчил гардаг. Тухайлбал, нууцад хамаарах мэдээлэлтэй танилцах, хүлээлцэх болон албан хэрэг хөтлөлтийг журмын дагуу хэрэгжүүлээгүй зөрчил түгээмэл. Түүнчлэн гадаад орны байгууллага, албан тушаалтантай чөлөөтэй харилцдаг, хууль тогтоомжид заасны дагуу зохих зөвшөөрөл авахгүйгээр хилийн чанадад зорчдог, улмаар нууцад хамаарах мэдээллийг задруулах нь бий.

Энд эрүүгийн ямар нэг хэрэг яримааргүй байна. Тухайн хүний гэм буруутай, эсэхийг шүүх шийдвэрлэх учраас би олон зүйл ярих ёсгүй.

Иймд нууцтай танилцаж буй албан тушаалтан гадаад орны байгууллага, албан тушаалтантай харилцах, хилийн чанадад зорчихтой холбоотой харилцааг эрх зүйн хувьд зохицуулах шаардлага бий болсон.

-Нууц хариуцсан ажилтан, албан тушаалтан, хувь хүнд хандан анхааруулж юу хэлэх вэ. Мэдээж нууцтай харилцаж байгаа хүнд хариуцлага, болгоомжлол илүүдэхгүй байх.

-Нэг зүйлийг зайлшгүй хэлэх ёстой гэж бодож байна. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 27 дугаар зүйлд албан тушаалтан, иргэний үүргийг тодорхой хуульчилсан. Тухайлбал, хууль тогтоомжийг сахин биелүүлэх, нууцад хамаарах мэдээллийг задруулахгүй байх, нууц алдагдаж, үрэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг зургаан төрлийн үүргийг хуульчилсан байна.

Төрийн болон албаны нууцыг хамгаалах ажил нь зөвхөн төрийн байгууллага, албан тушаалтны бус, хуульд заасан нөхцөл, журмын дагуу нууцтай танилцсан иргэн, хуулийн этгээдийн хүлээх үүрэг юм. Нууцын хадгалалт, хамгаалалтад олон нийтийн оролцоог бий болгох зорилгоор тодорхой туслалцаа, дэмжлэг үзүүлсэн иргэн, хуулийн этгээдийг урамшуулах зохицуулалтыг мөн хуульд шинээр бий болгосон. Иймд нийт иргэд болоод албан тушаалтнуудыг хууль, журмаа сайтар судлан, мөрдөхийг ярилцлагынхаа эцэст зөвлөе.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нэргүй 2018-12-08 05:55:23
    Хүний тухай л их ярьжээ. Гэхдээ нууц гэдэг чинь компьютерт хадгалагддаг, тэрийг нь тагнуулууд хакерддаг болоод байна.
  • зочин 2018-12-08 05:52:51
    төр засагын нууц мэддэг хүн экс болохоор энд тэндгүй гадаадад тэнэх гадаадын аж ахуйн нэгжид зөвлөх хийж болохгүй биз дээ манайх ёстой замбараагүй
  • хуульч 2018-12-08 02:56:53
    ТӨР,ЗАСГИЙН АЛБАН ТУШААЛТАНД ГАРДАГ ЗҮЙЛ ???,,,ТИЙМЭЭС ЙИМ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ ??,, ЙИМ МЭДЭЭЛЭЛ ГАДНЫ ЦАХИМ ЕРТӨНЦ СОНИНД ГАРЧ ХУВЬ ХҮНИЙГ ЭВГҮЙ БАЙДАЛД ОРУУЛДАГ...