Т.Ихтамир: Хүний эрх нь дотроо  үүрэг, хариуцлагыг хамт багтааж байдаг
Өнөөдөр олон улсын Хүний эрхийн өдөр тохиож байна. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 70 дэх жилтэйгээ золгож байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалт хэлтсийн дарга Т.Ихтамиртай ярилцлаа.

-Олон улсын хүний эрхийн өдрийг угтаж танайхаас ямар арга хэмжээ зохиох вэ?

-Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсан өдөр буюу жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг Дэлхий нийтээрээ олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Эл тунхаглал батлагдаад 70 жил болжээ. Уг ойтой холбогдуулан манайхаас үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө гаргаж, тунхаглалыг олон нийтэд сурталчилан таниулах ажлыг явуулж байна. Тухайлбал, Комиссоос 21 аймагт бэлтгэсэн хүний эрхийн сургагч багш нарыг оролцуулан сургалт, сурталчилгаа хийгдэж байна. Дүүргүүдийн алслагдсан хорооны иргэдэд хүний эрхийн сургалт хийх, сурталчилгааны ажлууд, хууль зүйн зөвлөгөө өгөх ажлууд хийгдэж байна. Мөн Гадаад харилцааны яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр "Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа" сэдэвт онол практикийн бага хурлыг, Хүүхдийг ивээх сан болон Хүүхэд гэр бүл хөгжлийн газартай хамтран хүүхдийн эрхийн асуудлаар хэлэлцүүлгийг, Монголын Эмнести Интернэшнл байгууллага, БСШУЯ хамтран Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь Симпозиумыг зохион байгуулах зэргээр маш олон ажлыг зохион байгуулж байна.

-Танай байгууллагад жилд хичнээн гомдол ирдэг вэ? Гомдлын өнгө аяс ямар байна вэ?

-Комисст нийслэл болон орон нутгийн иргэдээс жилд дунджаар 500-700 орчим гомдол ирдэг. Сүүлийн жилүүдэд иргэдээс манайд ирүүлж байгаа гомдлын дийлэнх хувийг халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх,  хилс хэргээр шалгагдаж байгаа буюу хууль тэгш үйлчлэхгүй байна гэсэн агуулгатай гомдол эзэлж байсан бол шинэчилэн найруулсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлснээс хойш энэ төрлийн гомдлууд ирэх нь эрс багассан.

Харин уул уурхай болон бизнесийн үйл ажиллагаанаас үүдэн бий болж байгаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлаар, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, хүйсээр нь шашин шүтлэг, арьс өнгө, өмссөн зүүссэнээр гаднах төрх, байгаа байдлаар нь ялгаварлан гадуурхах зэрэг гомдлууд ирэхээс гадна гомдлын дийлэнх хувийг хөдөлмөрлөх эрхийн зөрчилтэй холбоотой гомдлууд эзэлж байна.

Тухайлбал, ажлын байрны дарамт, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, ажлаас үндэслэлгүй халагдсан гэх зэрэг. Ажлаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн асуудал нь шүүхээр ордог. Шүүхээс хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн байна гэдэг нь тогтоогдож ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарсан байхад үүнийг хэрэгжүүлэхгүй байна, ажилд нь эргүүлэн авахгүй байна гэсэн гомдол ч бий.  Эсвэл бичиг баримтыг нь тухай ажил олгогч нь хурааж авчихаад өгдөггүй. Үндэслэлгүйгээр төлбөр мөнгө нэхдэг, мөнгө төлсний дараа бичиг баримтаа ав гэх шаардлага тавьдаг, хөдөлмөрийн харилцаа дууссан байхад нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийг нь өгөхгүй байх тохиолдууд гарч байна.

- Комисс гомдлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ? Эрх нь зөрчигдсөн хэн ч хандах боломжтой юу?

-Гомдлыг Комиссын гишүүд хууль заасны дагуу гомдол гаргагч болон холбогдох хүмүүсийг дуудан ирүүлж тайлбар тодруулга авах, холбогдох байгууллагуудаас баримт материалыг нь гаргуулан авах, хяналт шалгалт хийх, тусгай мэдлэг шаардсан асуудлаар шинжээч томилуулах болон эрх нь зөрчигдсөн асуудлаар тухайн иргэнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах зэрэг ажиллагааг явуулж хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шалгаж шийдвэрлэж байна. Манай байгууллагад Монгол улсын иргэд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, аж ахуйн нэгж байгууллага хэн ч бай эрхээ зөрчигдсөн асуудлаар хандаж гомдол гаргах эрхтэй.

-Хүний эрх, эрх чөлөө гэж эрхэм зүйл бий. Гэтэл эрх чөлөө нь зөрчигдөх, эрхээ эдэлж чадахгүй байх тохиолдолууд их гардаг. Ер нь хүн өөрийнхөө эрх зөрчигдөөд байгааг яаж мэдэх вэ?

-Хүн амьдарч байгаа газар их, бага хэмжээгээр зөрчил гарна. Ерөнхийдөө бол хүний эрхийн зөрчлийг хэвтээ болон босоо тэнхлэгтэйгээс үүдэлтэйгээр бий болдог гэж үздэг. Тухайлбал, иргэдийн хооронд, аж ахуйн нэгжүүдийн хооронд эсвэл иргэн, аж ахуйн нэгжийн хоорондох харилцаанаас үүдэлтэй хүний эрхийн зөрчил нь хэвтээ тэнхлэгээс үүдэлтэй зөрчлийг бий болгож байгаа хэлбэр юм. Харин босоо тэнхлэгээс үүдэлтэйгээр үүсдэг хүний эрхийг зөрчил нь төрөөс хүний эрхийг хангаагүй батлан гаргасан хууль тогтоомж, бодлогын шийдвэр, дүрэм журмууд нь хүний эрхийг зөрчлийг бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцаагаар бүрэн зохицуулж чадаагүй хийдэлтэй эрх зүйн актууд нь хүний эрхийн зөрчлийг бий болгодог гэсэн үг. Хүн өөрийнх нь эрх зөрчигдөөд байгааг өөрөө ч мэдэхгүй байж болно. Тэгэхээр иргэн өөрийнхөө эрхийг мэддэг байх, эрх нь зөрчигдөж байгаа бол түүнийг арилгуулахыг шаардах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр холбогдох байгууллагад ханддаг байх нь зөв юм. Тэгж байж иргэд маань өөрийгөө хамгаална, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлнэ. Эрхээ эдэлнэ гэдэг нь хязгааргүй боломж биш бөгөөд энэ нь үүрэг, хариуцлагыг хамтад нь багтааж байдаг. Өөрөөр хэлбэл эрхээ эдлэхдээ бусдын эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн үг юм.

-Тэгвэл зөрчлийг яаж, ямар арга замаар бууруулах боломжтой юм бэ?

-Иргэд маань эрхийнхээ талаар мэдлэгтэй, мэдээлэлтэй байх, эрхээ зөрчигдсөн гэж үзвэл хүний эрхийн болоод холбогдох хууль хяналтын байгууллагад мэдэгдэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаарддаг байх ёстой юм. Мөн хүний эрхийн зарчим, хандлагад суурилсан хууль тогтоомжийг батлах нь хүний эрхийн зөрчлийг бууруулна.

-Хүүхдүүд өөрсдөө гомдол гаргах тохиолдол байдаг уу?

-Үдийн цайнаас хордлого авсан гээд, мөн хөгжлийн бэрхшээлтэй гэртээ хэвтрийн дэглэмд байдаг хүүхэд телевиз үзэх гэсэн чинь надад зориулсан, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг гарахгүй миний мэдээлэл авах эрхийг зөрчиж байна гэх зэргээр хүүхдүүд маань манайд гомдол гаргаж байна. Үүнээс үзэхэд хүүхдүүд мэдээлэлтэй, эрхээ зөрчигдвөл хаана хандахаа мэддэг болсон нь маш том ахиц дэвшил гэж харж байгаа.

-ХЭҮК-оос хүргүүлж байгаа шаардлага, зөвлөмжүүдийн биелэлт хэр байдаг вэ?

-Холбогдох байгууллагуудад хүргүүлэх шаардлага зөвлөмж нэмэгдсэн. Хүний эрхийн зөрчлийг таслан зогсоохоор арилгуулахаар хүргүүлж байгаа шаардлага, хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийн хүрээнд хөдөлмөрийн харилцаатай асуудлууд бий. Шаардлага зөвлөмжийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлдэг. Биелэлтийн хувьд шаардлага хүлээж авснаас долоо хоногийн дотор хариу өгнө. Зөвлөмжийг бол хүлээж авснаас хойш 30 хоногийн хугацаанд хариу ирүүлэх ёстой.

-Хариуг хуулийн хугацаандаа өгөөгүй тохиолдолд яах вэ?

-ХЭҮК-kkс шаардсан шаардлага, зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцно. Мөн шүүхэд хандаж болно. Комиссын гишүүн шаардлага зөвлөмжийнхөө талаар олон нийтийн сүлжээнд мэдээлж, хэвлэн нийтлэх эрхтэй. Тэгэхээр Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг заавал биелүүлэх үүрэгтэй.

-Хуулийн зөвлөгөөг иргэдэд яаж өгдөг вэ? Танайд иргэд гомдлоо хэрхэн гаргах вэ?

-Утсаар болон биечлэн, цахимаар, Комиссын 21 аймаг дахь ажилтнуудаар дамжуулан гомдол гаргахаас гадна үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөөг авч болно. Мөн манай хэлтсийн ажилтнууд биечлэн хүлээж авч зөвлөгөө уулзахаас гадна 7000-222 дугаарын утсаар хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.