ХБИ-ийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд 21.2 тэрбум төгрөг зарцуулна
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов.

Тогтоолын хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэл хийсэн юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг амьжиргааны доод түвшний хэмжээнд хүргэх тухай Засгийн газраас шат дараатайгаар нэмэхээр төлөвлөн ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд 2019 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд 21.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгааг дэд сайд мэдээлэлдээ онцлов.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургахад тулгамддаг асуудал нь мэргэшсэн багш, боловсон хүчин дутмаг байдагтай холбоотой гээд мэргэшсэн багш нарыг бэлтгэх талаар ямар арга хэмжээ авч буйг тодруулсан. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар нийгэмд эерэг хандлага төрүүлж, зөв ойлголт өгөх талаар ямар ажил зохион айгуулж байгаа, МҮОНРТ энэ чиг үүргээ хэрхэн биелүүлж буй, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын ажлын явц, хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн хүн байдаг, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн талаар тодруулсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд нарын хариулснаар өнөөдөр улсын хэмжээнд зургаан сургууль тусгай хэрэгцээт сургалтын үйл ажиллагааг явуулж байгаа аж. Сурч буй хүүхдийн тоо нэмэгдээд байгаа ч нарийн мэргэжлийн багш нар дутмаг байгаа юм байна.

Гэсэн ч салбарын яамны зүгээс тодорхой арга хэмжээ авч Монгол Улсын боловсролын их сургуульд 30 жил завсарласны дараа Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим байгуулсан байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах багш бэлтгэх асуудлыг төрөөс дэмжсэний дүнд өнгөрсөн жил 60 гаруй, энэ жил 70 гаруй оюутан энэ чиглэлээр суралцаж эхэлжээ.

Түүнчлэн одоо ажиллаж буй багш нараа тэнхим дээрээ богино хугацаагаар мэргэшүүлэн ур чадварыг нь сайжруулах талаар яамнаас хамтран ажиллах боломж бий гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх зөв хандлагыг бий болгох зорилгоор 200 гаруй байгууллага дээр хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал гэсэн нөлөөллийн сургалтын ажлыг хийсэн байна.

МҮОНТ-ээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх цуврал нэвтрүүлгийг хийж байгаа гэсэн мэдээллийг дэд сайд С.Мөнгөнчимэг өгсөн.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг барьж эхэлжээ. Тус төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан сургалт, хөгжлийн арга хэмжээг зохион байгуулахаас гадна 250 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх, 250 хүүхдэд өдрөөр сэргээн засах үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай бөгөөд тус төвийг ирэх оны эхний улиралд багтаан хүлээн авч, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр ажиллаж байна гэлээ.
Монгол Улсад 2017 оны байдлаар 103,6 мянга буюу нийт хүн амын 3.3 орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа аж. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 44,6 хувь нь эмэгтэй, 54 хувийг эрэгтэйчүүд, 2 хувь нь 16-аас доош насны хүүхэд байна. Тэдний 42 хувь нь төрөлхийн, 58 хувь нь олдмол шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр насны 19974 хүн хөдөлмөр эрхэлж буй бөгөөд тэдний 3018 нь тэтгэврийн насныхан байгаа аж. Хөдөлмөр эрхэлдэггүй хөгжлийн бэрхшээлтэй хүн 73285 байна гэсэн судалгаа гарсан байна.

Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа.

Тэрбээр, яамд агентлагууд, Засгийн газрын харьяа байгууллагууд хоорондын ажлын уялдаагаа хангаад, тодорхой журам актуудаа нарийвчлан гаргаад явах боломж байна. Хүний эрх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөж буй асуудалд ХЭҮК хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран шаардлага тавьж ажиллаач гэж хэлмээр байна. Ажлын байр нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар далайцтай ажил зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар олон нийтийн дунд эерэг хандлага бий болгох асуудалд онцгой анхаармаар байна гэлээ.

Эцэст нь тэрбээр хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр 2019 онд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо эрчимтэй ажиллана гэдгийг онцолсон юм.

Ингээд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2017 оны 46 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын  төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганболдоор ахлуулан байгууллаа.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.