Барилга дахь аюулгүйн хяналт хаана явна, Үүл дарга аа
Манай улс хөгжиж байна. Хөгжлийн тод жишээ бол их хотын хаа сайгүй сүндэрлэх олон давхар барилга. Дэгсдүүлж хэлэхэд, унтаад сэрэх хооронд л шинэ байшин, барилга сүндэрлэх болж. Гэтэл хөгжлийн тэpгүү эгнээнд яваа гэх барилга, түүнийг дагасан хар мөр балрахгүй л байна.

Шинээр барьж буй барилга дээр осол аваар гарч, хэн нэгний буруутай, хариуцлагагүй үйлдлээс болж эрдэнэт хүний амь эрсэдсээр л байна. "Барилга дээр ажиллаж байсан хүн нас баржээ" гэсэн мэдээлэл сонсох үед заримдаа бүтээн байгуулалтаас ч татгалзмаар санагдаад болдоггүй.

Нийслэл маань өнгө төрх нэмж, өндөр барилгуудтай болох нь сайхан ч хаанаас, хэзээ, юу унаад ирэх бол гэхээс айх юм. Манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль бий. Гэвч хэрэгждэг бил үү.

Зөвхөн барилгын салбар гэлтгүй бусад салбарт ч энэ байдал түгээмэл ажиглагдаж байна. Уг нь аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулах нь хамгийн гол зүйл.

Ажлын байранд үйлдвэрлэлийн осол гарч байгаа үндсэн гол шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, стандартыг аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгодоггүй, байгууллагын дотоод хяналт хангалтгүй, мөн дээрх асуудлыг хариуцсан бүтэц орон тоо хангалттай байхгүйтэй холбоотой.

Нийслэлийн Цагдаагийн газар болон Мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр 2012 онд баригдаж буй барилгатай холбоотой 161 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчигдсөн 37 хэрэг бүртгэжээ. Үүнээс 26 буюу 70.2 хувь нь хүний амь нас хохирсон байна.

Ер нь ноцтой нь ослын дийлэнх барилга, уул уурхайн салбарт гарчээ. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас гаргасан судалгаагаар барилгын салбарт гарч буй ослын нэгдүгээрт өндрөөс унах, хоёрдугаарт, аюулгүй ажиллагааны дүрэм журам алдагдсанаас, гуравдугаарт, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлээс болж осол гарч байна.

Жишээ нь, барилга дээр дүүжин шатыг олноор ашигладаг. Гэтэл тэр нь зэврэх, ролик нь эвдрэх, тасрах зэрэг олон шалтгаан үүнд нөлөөлж байгаа. Хамгийн гол нь энэ бүхэн барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны нотолгоо.

Өнөөдөр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг ихэнх аж ахуйн нэгж хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эpүүл ахуйн холбогдох хууль тогтоомж, заавар дүрмийг хэрэгжүүлэх санаачилга муу нь нууц биш.

Мөн барилга угсралтын явцад гарч болзошгүй эрсдлийг тооцдоггүй, аюултай хэсэгт анхааруулах дохио санамж тавьдаггүй, гадна засал хийх, өндөрт ажиллах үед хамгаалалтын тор ашиглахгүй амь дүйсэн нөхцөлд барилгачид ажилладаг. Ажилчид нь ч хайхрамжгүй ажиллаж холбогдох албан тушаалтан инженер, техникийн ажилтнууд ч үүнд дасдаг нь энэ төрлийн зөрчил дутагдал байнга гарахад хүргэдэг.

Гэтэл бизнесийн нэр хүнд хийгээд өөрсдийн эрх ашгийг бодсон зарим компанийн дарга, захирлууд ийм хэргийг хав дараад өнгөрөх юм уу, эсвэл ажилтныхаа аюулгүй ажиллах нөхцөл бололцоогоор нь хангаж ажиллаагүйгээ гэмт хэрэг гэж боддоггүй бололтой. Мэргэжлийн хяналтын газрынхны барилгуудын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны байдалд хийсэн шалгалтаар "маш муу" гэсэн үнэлэлт өгдөг.

Энэ сэдвийг дахин хөдсөнөөрөө хүний амь эрсэдлээ гэж муу ёрлох гэсэнгүй. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлж хотын хөл хөдөлгөөн улам нэмэгдлээ. Тийм учраас хяналт тавьдаг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч хяналтаа сайжруулаач гэдэг өнцгөөс нэгэн барилгын үйл явцыг жишээ болгон бичиж байна.

Бид дээр, доргүй анхаарлаа хандуулж холбогдох хууль дүрмээ нэг тийш болгохгүй бол үнэхээр болохгүй байна. Хамгийн сүүлд болсон үйл явдал л гэхэд хуучнаар "Ардын эрх"-ийн буудлын хажууд машины зогсоол байсан талбайд "Астра бюлдинг" ХХК-ийн барьж буй үйлчилгээ, орон сууцны зориулалттай 12 давхар барилгын ажлын явц байна.

Энэ барилгын эргэн тойронд үйлчилгээний төв, автобусны буудал гээд олны хөл ихтэй газар л даа. Гэтэл энд наад захын хөдөлмөр аюулгүй ажиллагаа хангагдахгүй байна. Хэд хоногийн өмнө энэ барилга дээрээс юм унаад зогсоолд тавьчихсан байсан машин эвдэлсэн тохиолдол гарлаа.

Хүмүүсийн орж гарах гарцыг дулааны шугам тавих гэж байгаа бололтой ухаад хаячихаж. Энд хамгийн олон үйлчлүүлэгчтэй "Хаан" банкны зээлийн төв ажилладаг болохоор машин бүү хэл хүн зөрөх аргагүй болтол нь орц, гарцыг нь таглаад шороо ухаад хүн явах ээлжгүй болгочих юм.

Өдөржингөө л төмөр балбаад амар тайван ажиллах нөхцөл алга. Үгүй дээ л гэхэд замын хөдөлгөөнд ихээхэн саад болж байна. Дугаараар хязгаарлаад ч багтахгүй байгаа машинууд "Авто плазаг"-ийн хажуугийн энэ нарийн зам дээр зөрөх гэж ёстой уран жолоодлого хийх.

Замын тэмдэг тэмдэглэгээг хаагаад анхааруулга самбараа хадчих юм. Тэгээд энэ хавиар явсан хүмүүсийг барилгын ажил явагдаж байхад үүгээр юугаа хийгээд яваад байгаан гээд хэдэн хамгаалагч нь хүртэл зандчаад байх.

Нөгөө барилгын аюулгүй ажиллагааг хангасан хаалт, хамгаалалтын тор татах чинь яасан бэ. Замын зорчих хэсэг дээгүүр хаалт хийж байгаа бололтой хэдэн төмөр холбоод бүрэн битүүлсэн ч юм алга арзайсан юм л байж байна.

Энэ барилга 12 давхар баригдах бөгөөд дөрвөн давхар хүртлээ үйлчилгээний төв байх аж. Харин таван давхараасаа эхлээд орон сууц гэж байгаа. Тэгвэл энэ давчуухан газарт хүүхэд, хөгшид нь хаанаа нарлах вэ.

Энд орсон айлуудаас ядаж нэг, хоёр нь машинтай байлаа гэхэд машинаа хаана байрлуулах уу гээд нөгөө л барилгын стандарт шаардлага чинь сөхөгдөх нь. Хотын удирдлагуудын хийж хэрэгжүүлэх гээд байгаа нөгөө хот төлөвлөлт энд нэг л харагдаж өгөхгүй байна.

Өөрөөр хэлбэл, барилгачдын амь, бизнесийнхний нэр хүндээс хямдхан болж. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй ажиллгаанд хаа хаанаа анхаарч, хариуцлагатай хандах хэрэгтэй болов уу.

Түүнээс биш "байдаг л нэг" осолд дөжирч орхисон барилгын эзэд, ажил олгогчид хийгээд ажилчид нь зөвхөн хамгаалалтын малгай өмссөнөө хөдөлмөрийн аюулгүй байдал хангачихлаа хэмээн хайнга хандахгүй байгаасай.

Уг нь бол хуулиндаа хөдөлмөрийн аюулгүй байдлын төсөвт өртгөөс нэг хувийг хөдөлмөр аюулгүй байдлыг хангахад зориулна гэж заасан байдаг. Гэтэл төсөвт өртөг тусгагдсан байдаг уу гэдэг нь ч ил биш.

Эндээс барилга бүрийн ард албан тушаалын болон авлигын хэрэг нуугдаж байгаа нь харагдаж байна. Өнгөрсөн онд ИХ-ын даргын захирамжаар Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгах үүрэггэй байгуулагдсан ажлын хэсгийн мэдээлснээр 596 барилгад шалгалт хийхэд 70 гаруй хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байсан.

Нийслэлийн хэмжээнд 43 мянган аж ахуйн нэгж байдаг, харин улсын хэмжээнд ердөө хөдөлмөрийн хяналтын 45 байцаагч ажилладаг гээд бод доо. Хяналт хийх хүн нь хүрэлцэхгүй байхад хэрэгжилт, хариуцлага сул байхаас ч яах билээ.

Эндээс бодлогын хэрэгжилт, хяналтын тогтолцоо хоёрын уялдаа холбоо маш муу байгааг харж болно. Зөвхөн барилгын салбараар дүгнэхэд хуулийн хэрэгжилт ямар байгаа нь ийн харагдаж байна. Бусад салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад ч энэ бүхэн хамаатай.
Нийслэл таймс
П.Дөлгөөн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.