Барилга баригдах хугацаанд иргэдийн аюулгүй байдлыг хангах нь тухайн компанийн үүрэг
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын архитектор Д.Хан-Уулаас тодруулга авлаа.
 
-Барилга барих зөвшөөрлийг давхраас нь хамаарч олгодог. Үүнийг тодруулаач?
 
-Нэгдүгээр ангилалд 17- гоос дээш давхар барилга байгууламж, эрчим хүчний эх үүсвэр, дулаан цахилгаан дамжуулах сүлжээ, цэвэр бохир усны шугам, төвлөрөл цэвэрлэх байгууламж, үерийн ус зайлуулах байгууламжууд гэх мэт дүрэмд заасан бүх барилга байгууламжууд хамаарна. Эдгээр барилга байгууламжийн ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах үйл ажиллагааг Барилга хот байгуулалтын яам хариуцан зохион байгуулдаг.
 
Хоёрдугаар ангилалд 17 давхар хүртэлх үйлдвэр, иргэний барилга байгууламж, дулаан, цахилгаан эрчим хүч түгээх сүлжээ, орон нутгийн чанартай авто зам, түгээх сүлжээ зэрэг хамаарч байгаа. Үүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа барилгын асуудал хариуцсан агентлаг хариуцна гэж заа­сан байгаа. Тодруулбал, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газрууд хамаарагдах юм.
 
-Оршин суугчдын нарны гэрлийг хаасан барилга барьж байна гэж иргэд гомдоллох боллоо. Танайх үүнд хяналт тавьж байна уу?
 
-Манай Ерөнхий төлөв­лөгөөний газрын хяналтын хороо гэж бий. Тэр байгууллага хяналт тавьдаг. Барилга барьж байгаа явцдаа иргэдийн аюулгүй байдлыг хангах нь гүйцэтгэгч компаниудын үүрэг. Аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байх шаардлагатай. Хэрвээ аюулгүй бүс нь шаардлага хангаагүй, иргэдийг баригдаж байгаа барилгын ойр орчим зорчиход цаагуур наагуур яв гэх хандлага гарч байгаа бол иргэд мэргэжлийн хяналтын газарт юм уу Ерөнхий төлөвлөгөөний газрын хяналтын албанд хандаад шаардлага хүргүүлээдд ажлыг нь зогсоох хүртэл арга хэмжээ авна.
 
-Жишээлбэл, үйлчилгээний төвтэй дээрээ орон сууцны хороолол бүхий баригдаж байгаа барилгыг ямар ч зай завсаргүй байршилд барих нь хэр зохимжтой байдаг юм бэ. Хуучнаар “Ардын эрх”-ийн буудлын хажууд яг ийм барилга баригдаж байна?
 
-Хотын төвд суурьшлын бүсийг барилгажуулах гэж байдаг юм. Тодруулбал, хэдэн жилийн өмнөөс хотын төвийнхөө дэд бүтэцтэй уялдуулаад төвөө нягтруулаад эхэлсэн. Одоо бол барилгажилт харьцангуй хотын зах руу тэлээд байна. Үүнтэй холбоотой тухайн барилгын захирамж тэр үед гарч байсан юм болов уу. Юуны түрүүнд иргэдэд болон, аж ахуйн нэгж байгууллагуудад газар олгодог. Газар олгоно гэдэг нь барилга баригдана гэсэн үг. Тухайн байршилд газар авчихсан иргэн барилга барих хүсэлтээ өгдөг. Түүнийг нь нийслэлийн холбогдох комиссын хурлаар ярилцаж, барилгын зөвшөөрлөө авна. Энэ нь яг хэзээ гарсан зөвшөөрлөөсөө хамаарах юм.
 
-Барилгажуулах явцад ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбайтай байх шаардлага тавигддаг биз дээ. Энэ тал дээр?
 
-Гол нь тухайн барилгын батлагдсан зургийг нь харах хэрэгтэй. Үнэхээр батлагдсан зургаасаа өөр, стандартад нийцэхгүй барилга баригдаж байгаа бол хяналтын хороо арга хэмжээ авах эрхтэй.
 
-Ер нь нийслэлийн Ерөн­хий төлөвлөгөөний газраас барилгын яг ямар дүрэм журам баримталдаг юм бэ?
 
-Замын ирмэгээс 15 метр, үйлчилгээтэй бол арай ойртуулж болно гэх мэт олон заалт байдаг. Орон сууцны төлөвлөлтийн хувьд 100 айлын орон сууц байлаа гэхэд 50 айл нь зогсоолтой байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа. Барилга барьж байгаа бүх байгууллага батлагдсан зураг төслөө хашаан дээрээ олны нүдэнд ил самбарт тавих ёстой.
 
-Явган хүний замын харалдаа орон сууц барих нь хэр зохистой юм бол оо?

-Үйлчилгээний барилга байгууламж бол болдог. Харин нийтийн орон сууцны хувьд орц гарц нь шууд зам руу гарсан байж таарахгүй.
 
-Хяналтын алба хэрхэн хянадаг вэ?
 
-Иргэдийн гомдлын мөрөөр шалгадаг.

Нийслэл таймс
М.Янжинлхам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.