Монголчуудын хүүхдээ сурган хүмүүжүүлэх арга ухаан

Монголчууд сайн үгийг эмтэй, муу үгийг сумтай зүйрлэдэг.
 

Үг гэдэг их хүчтэй. Хүүхдийг шаргуу дайчин болгодог үгийн хүмүүжлийн үнэ цэнийг өндөрт тавьсаар иржээ. Сайхан үг хүнийг ажил амьдралын замаа зөв сонгож, өсөн дэвжихэд тус дэм болдог бол, бодлогогүй хэлсэн болчимгүй үг нөхрийн санаа сэтгэлд хар толбо үлдээдэг болохыг харгалзан монголчууд сайн үгийг эмтэй, муу үгийг сумтай зүйрлэдэг. Тухайлбал:

“Үг хатуу боловч амьдралд тустай:

Эм гашуун боловч аминд тустай”

“Инээсэн бүхэн нөхөр биш

Уурласан бүхэн дайсан биш”

“Эргүү магтуулах дуртай

Илжиг ачуулах дуртай” гэх мэт. Иймээс “Магтлаа гэж бүү баяс, мууллаа гэж бүү гунь” гэж хүүхэддээ сурган тэдний дэргэд өөрсдийг нь магтдаггүй, хатуу гараар биш, хатуу үгээр сургадаг.

Үгийг ухааран ойлгож чадах хүнд тодорхой эзэнтэй, улигдахгүй зөв хэлж сургахыг аргачлан заадаг байна.

Жишээ нь: “хэлэх үгийг эзэнд нь, тавих морийг ижилд нь”, “Үг давтвал билэг, Ном давтвал билэг”, “Үг мэдэхгүй хүнд хэлсэн үг, Үнсэнд хаясан сувд хоёр яг адил” гэж сургадаг.

Энэ нь ямар нөхцөлд, ямар хүнд юу гэж хэлэх вэ? гэхчилэн оюун ухаанаараа бодон тунгааж, үгээ дүгнэн цэгнэж, ямар ч хүнтэй зөв үгээр харьцаж сурахад чиглүүлэн хүмүүжүүлдэг байжээ.

Үсэг бичиг бий болоогүй байсан эрт дээр үеэс эдүгээ үед хүрч иртэл Монголчууд үндэстнийхээ эрхэм нандин заншил суртлыг уламжилж баримтлахын төлөө үе улиран хүүхэд багачуудын нас, сэтгэц, ой тогтоолтын онцлог, чадварт тохирсон, авсаархан ил тайлбарт сургаал үгс ба далд утгат сургаал үгсийг санаачлан зохиож хүүхдийг хэлд, хөлд орж, ярих, гүйхээс ахуй ертөнцтэй танилцаж, амьдралын замд орох хүртэл хүн болгон хүмүүжүүлэхэд хэрэгсэл болгож ирсэн түүхтэй.

Сургаал үгс нь гүн гүнзгий, өргөн дэлгэр агуулгатай, хүүхдийг аргадахаас эхлээд анхааруулах, айлгах утга санааг багтаана. Хүүхдийн мэдээ орохыг дагалдан сургах үг, өгүүлбэр нь агуулгын хувьд аяндаа гүнзгийрч байдаг. Хүүхдийн эцэг, эхдээ хамгаас хайртай байдаг онцлогийг үндэслэж айлгах, Жишээлбэл: Хуруугаа бүү үмх ээж чинь үхнэ” “Нусаа бүү ид, мартамхай болно” Хүний өөдөөс бүү нулим, амны хишгээ хүнд өгнө” гэх зэргээр ариун цэвэрч, ёсонд сургах зүг хөтөлж байснаа аажмаар далд утгат дан үгсийн сургаал олширч, хүүхдийн сэтгэхүйг дээшлүүлэх сэтгэн бодох чадварыг нь сайжруулж байдаг. Жишээлбэл: “Идэхээ бүү чамла”, “Өвсийг бүү зангид” “Ачийг бүү март” “Өглөө бүү оройт” гэх ба “Өглөөний сайхныг сайханд бүү бод” “Өсөхийн жаргалыг жаргалд бүү бод” гэхчилэн амьдралын замд жолоодон хөтөлж оруулсан байдаг.

Хүүхэд багачуудын тухай сургаал үгс нь аль нэгэн талаар Монгол үндэстний оршин тогтнолтой салшгүй амьд харьцаа холбоотой.

Ариун нандин сургаалыг хүлээн авч шингээсэн хүүхэд багачууд бага наснаасаа томоотой өсөн бойжиж, эцэг эх, нутаг усныханыхаа хүрээллийг олдог. Одоо ч гэсэн монголчуудын гэрийн сургаал үгс нь сургуулийн өмнөх насны хүүхдэд сургаал болж, сургуульд суусны хойно ч тэр, насны зэрэгт хүрч, ажил амьдралын замд орсны дараа ч тэр, “Зуу хүрэвч журам ёсыг дагана” гэдэгчилэн хүн болж төрөөд өтөлтөл нь сургаал болсоор байдаг билээ.

Давуулал, зүйрлэл, тонгоруулал зэрэг сургаал үгсийг тун эвлэг хэрэглэдэг учраас монгол үндэстний багачууд хүүхдийг багаас нь цэцэн сэргэлэн, дууч, шүлэгч авъяастай болгон хүмүүжүүлдэг байна.

Монголчуудын хүүхэд багачуудад хэлэх сургаал үгс нь урт удаан түүхэн суурьтай болохоор нийгмийн анги давхарга, тухайн цаг үед улиран хувирч байсан нийгэм, төрд үйлчилж байдаг боловч хүмүүнлэг үзлийн сургаал нь голлох байраа ерөөс алдаагүй өнөөг хүрч иржээ.

Монголчуудын гэрийн сургаал үгс нь урт удаан хугацааны түүхэн цаг үеийг туулж, бусад ямарваа зүйлээр орлуулж болшгүй эрхэм үүргээ биелүүлж байснаар барахгүй нийгмийн дэвшлийг дагаж урагш хөгжсөөр ирсэн байна.

Өвгөдийн үгээс иш татаж, үлгэр, домгоор дүрслэн сургах явдал нь эртний Монголчуудын сурган хүмүүжүүлэх үндсэн арга хэлбэр болж байв. Үлгэр, домогт сурган хүмүүжүүлэх утга шингэж, үнэн дүрээр дамжуулан санаагаа илтгэх нь хүүхдийг хүмүүжүүлэх, сургах нөлөө их.

Монголчуудын хүүхэд багачуудын гэрийн сургаал үгэнд үндэстний зан заншил, түүний онцлог агуулагдаж, гэр бүлийн хүмүүжлийн талаарх түүхэн судалгаанд үнэ цэнэ бүхий эх сурвалж болоод зогсохгүй залуу эцэг эхчүүдээс үр хүүхдээ хүмүүжүүлэх сайн гарын авлага болдог.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баатар 2018-12-16 10:30:26
    Хайр нь дотроо хал нь гаднаа гэмээр цэгц шудрага, үнэнч тууштай, тусархуу зангаар өсгөж хүмүүжүүлсэн хүүхэд за гэвэл ёогүй МОНГОЛ ХҮН болж төлөвшдөг
    103.229.121.155
    Мэдэгдсэн Хариулах
  • Ч.Туяа\Хэнтий\ 2018-12-16 06:25:54
    Хамгийн сайхан нь буруу юм хийж байгаа хүүхдийг хүний өөрийн гэхгүй хэлж, сургаж ирсний ачаар бидний үеийнхэн хүмүүжилтэй өссөн юм даа
    103.229.121.122
    Мэдэгдсэн Хариулах