Б.Лхагвасүрэн: Гадаад валютын нөөц сүүлийн зургаан жилийн дээд хэмжээнд хүрсэн

“Нейшнл ньюс корпорэйшн” компаниас эрхлэн зохион байгуулдаг “Bloomberg finance forum” хоёр дахь удаагаа боллоо. Уг форумаар валютын ханшийн тогтвортой байдал болон түүний зохицуулалт, мөнгөний бодлогын орон зай, төлбөрийн тэнцэл, төсвийн зарлага, хөрөнгө оруулалт зэрэг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, Төв банк болон олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөл, зарим эдийн засагч, бие даасан шинжээч оролцсон юм. Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцогчдын асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэж байна.

-Арилжааны банкуудын актив өнөөдөр ямар хэмжээнд байна вэ. Түүний дотор иргэдийн хадгаламжийн хувь хэмжээ өсч байгаа юу?

-Банкны салбарын актив хөрөнгө өсөхөд харилцах хадгаламж хоёр их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлж байна. Энэ нь санхүүгийн салбарт итгэх иргэдийн итгэл хэвээр гэдгийг харуулж байгаа юм. Мөн банкуудын тайлангаас үзэхэд пассивын 30 гаруй хувь нь ам.доллар байгаа нь гадаад худалдаа, хөрөнгө оруулалт талдаа идэвхтэй байна гэж харагдана. Гэвч миний бодлоор ам.долларын зээлийн хүү төгрөгийнхөөс арай бага байдаг учраас компани, аж ахуйн нэгж энэ төрлийг илүү сонирхдог зүй тогтол байдаг. Хоёрдугаарт, эдийн засаг сэргээхээр аж үйлдвэрийн түүхий эд, эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэх нь нэмэгдэж байна.  Үүнтэй уялдаж импорт өсч байгааг ганцхан тооноос харахад, энэ оны III улирлын байдлыг өнгөрсөн онтой харьцуулахад нэг тэрбум ам.доллараар өссөн. Үүний 70 гаруй хувь нь тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө байгаа бол 30 хувь нь хэрэглээний зүйл байгаа бөгөөд нийт 350 сая ам.долларын импорт хийжээ. Ерөнхийдөө макро эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байхад ам.долларын ханш огцом хөдлөх суурь шалтгаан байхгүй гэж Монголбанк үзэж байна.

-Өнгөрсөн сард валютын ханш хурдтай өссөн шүү дээ. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Арваннэгдүгээр сард валютын ханш хөдөлсөн нь экспортын 80 гаруй хувийг эзэлдэг уул уурхайн бүтээгдэхүүн, түүний дотор 50-аас дээш хувийг бүрдүүлдэг нүүрсний экспортод тодорхой хэмжээний саатал гарч, нэвтрэлт багассанаас гадаад худалдаанд хүндрэл учирлаа гэж олон нийт харж байна. Гадаад талдаа АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмж, худалдааны бодлогод огцом өөрчлөлт гарсан. Ам.долларын бодлогын хүү сүүлийн арваад жил 0.5 хувьтай байсныг нэг жилийн дотор ойр ойрхон нэмж, одоо 2.25 хувьтай болгосон нь ам.долларын эрэлтийг зөвхөн Монголд биш дэлхий даяар нэмэгдүүлэх шалтгаан болж байна. Гэхдээ Монголбанкны зүгээс хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу ханшийг тогтвортой байлгах үүднээс нийлүүлэлт хийж ирсэн. Оны эхнээс 1.2 тэрбум ам.долларын нийлүүлэлт хийгээд байна. Одоо Монголбанкны гадаад валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар байгаа нь сүүлийн зургаан жилийн дээд хэмжээнд очсон учраас валютын ханшийн огцом савлагаа үүсэх нөхцөл байхгүй гэж үзэж байгаа юм.

-ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үргэлжлэх эсэх талаар эргэлзээтэй мэдээлэл гарч байна. Энэ талаар тодорхой хариулт өгнө үү?

-2016 оны улсын төсөв ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байсан бол өнгөрсөн оных бараг 10 хувийн алдагдалтай байлаа. Ирэх оных хоёр их наядын алдагдалтай байхаар баталсан ч энэ нь ДНБ-ий 5.6 хувьтай тэнцэхээр байгаа юм. Үүнийг ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” -ийн хүрээнд байж болох юм гэж зөвшөөрч байна. Бид ч төсвийн алдагдал тогтворжиж байна гэж харж байгаа. Гэхдээ ДНБ-ий 20 хувийг бүрдүүлж буй улсын секторт гарах мөнгө нь их болчихоод 80 хувийг үйлдвэрлэдэг хувийн хэвшилд очих мөнгө багасчихаад байна. Энэ нь төсөв, мөнгөний бодлогын хослолыг зөв байлгая гэхээр мөнгөний бодлогод орон зай хомс байгааг харуулдаг.

ОУВС-гийн “Өргөтгөсөн сан­хүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд энэ онд 850 сая ам.доллар орж ирэх ёстой ч одоогоор 300 саяын санхүүжилтийг хийсэн. Он гараад ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар манай улсад олгох санхүүжилтийн хуваарийг гаргахаар ярилцаж байна. Дэлхийн банк санхүүжилтийг олговол, Японы Засгийн газрын зээл олон улсын байгууллага Жайкагаар дамжин орж ирэх байх. ОУВС-гийн ажлын хэсэг манайд ажиллаж “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн зургаа дахь шатны санхүүжилтийн дүнг гаргаж, Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хийх ёстой ажлаа гүйцэтгэж, эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг зохих түвшинд барьж байгаа гэх эерэг дүгнэлт хийсэн болохоор хөрөнгө оруулалтад татгалзах зүйл байхгүй болов уу гэсэн хүлээлттэй байна.

-2019-2021 онд эдийн засгийн хямрал нүүрлэж магадгүй гэж судлаачид таамаглаж байна. Үүнд бид хэр бэлтгэлтэй байгаа вэ?

-ОУВС-гийн уулзалтын үеэр эдийн засгийн огцом өөрчлөлт болох магадлал өндөр байгааг мэдээлж байгаа. 2008 оноос хойш 10-аад жил өнгөрч, цаг хугацааны хувьд дараагийн хямралын мөчлөг ойртож байгааг эдийн засагч, судлаач, шинжээчид хэлж байна. Дэлхий дахинд ийм хямрал болж, доргио үүсвэл улс орноо хэрхэн хохирол багатай авч гарах талаар Монголбанкнаас бодож төлөвлөж, бэлтгэл хангахад анхаарч байгаа. АНУ-аас эхэлж, Европоор дамжин Азид нөлөөлсөн 2008 оны хямралын үед дэлхий нийт маш том сургамж авсан. Үүнийг зөөлрүүлэх арга зам, туршлага бидэнд бий гэж олон улсын эдийн засагчид хэлж байгаа. Манай улсын хувьд ч ОУВС-гийн хөтөлбөрийн дагуу арилжааны банкуудын активын судалгааг хийсэн. Тухайн тайланд чанаргүй зээлийн хэмжээ нийт активын 12 хувьд хүрсэн нь хамгийн дээд хэмжээ болсон байдаг. Тодруулбал, 2016 он болон өнгөрсөн оны хагас жилийн тайланд тулгуурласан зээлийн чанарын үнэлгээ буюу эрсдэлийн сангийн хамгийн муу үнэлгээг харуулж байгаа юм. Оны эцэс хүртэл арилжааны банкууд активын чанарын үнэлгээнд гарсан үзүүлэлтийн дагуу өөрийн хөрөнгийн  хүрэлцээг ханга­хуйц нөөцтэй болчихвол дараагийн хямралыг даван туулах боломжтой гэж тооцож байна.

-Алтны олборлолтод 2.5 хувийн татвар ногдуулж байгаа. Хуулийн энэ заалт цааш үргэлжлэх үү. Энэ өөрчлөлт хэр үр дүнтэй байсан бэ?

-Алтны рояалтитай холбоотой заалтыг 2014 онд тухайн хуульд нэмэлтээр оруулж, одоо хэрэгжүүлээд явж байна. Уг нь өмнөх хуульд, алт олборлогч нь алтаа тушаахдаа рояалти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувиар тооцож, дээр нь өсөн нэмэгдэх татварыг төлдөг байхаар заасан байсан. Алтны ханш 1200-1300 ам.доллар, түүнээс дээш байвал дөрвөн (4.0) хувийг өсөн нэмэгдэх татвараар төлөх ёстой юм. Гэтэл тухайн үед алт тушаалт эрс буурч, хууль бусаар хил давуулах гэсэн оролдлого эрс нэмэгдсэнтэй холбогдуулан 2014 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-аас шийдвэр гаргаж, алт тушаахдаа 2.5 хувийн татвар төлдөг байхаар хуульчилсан. Энэ хуулийн заалт багагүй үр дүнг өгч, Монгол банкинд жилдээ хоёр тонн гаруй алт тушаадаг байсан бол хуулийн өөрчлөлтийн дараа өнгөрсөн онд 20 тонн алт худалдаж авсан. Энэ жилийн арванхоёрдугаар сарын эхээр алт тушаалт дээрх хэмжээнд хүрч, үлдсэн хугацаанд дахин нэг тонноор нэмэгдэх байх гэж бодож байна. Хуулийн энэ өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Энэ заалтыг хүчингүй болговол ямар эрсдэл үүсч болохыг хэлж мэдэхгүй байна. Монголбанкны хувьд сүүлийн хэдэн жил тогтсон энэ жишгийг хадгалах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. 2.5 хувийн рояалтигаар улсын төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. УИХ-аар ярьж байгаа шиг рояалтиг хоёр дахин нэмэгдүүлэхэд 100 тэрбум л болох юм. Ингэж нэмбэл алт олборлогч компани, аж ахуйн нэгж, иргэд маань хуучин арга барилдаа шилжиж, татвараас зайлсхийх, алт тушаалт багасах, хууль бусаар гадагш гаргахыг завдах гээд сөрөг үр дагавар үүсч магадгүй гэж болгоомжилж байна. Тиймээс одоо мөрдөж байгаа хуулийн заалтыг дунд хугацаандаа гурван жилээр ч юмуу сунгах хэрэгтэй байх гэж Төв банк үзэж байгаа юм.


Эх сурвалж: Монголбанк

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганаа 2018-12-19 09:04:41
    Хуцалгүй ханшаа буулгаач. Тогтвортой байвал ард түмэн тайван амар ажилаа хийнэ шүү дээ.
    64.119.18.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-12-19 08:53:49
    Xanshaa anxaarmaar baina. USD tiim baixad RMB, Euro xeviin bailgamaar baina
    66.181.180.103
    Мэдэгдсэн Хариулах