Ж.Сүрэнчимэг: Ханиадыг уламжлалт болон физик эмчилгээгээр эмчилвэл илүү үр дүнтэй
Манай улсад томуугийн А хүрээний H1N1 вирус хурдацтай эргэлтэд орж, том хүн, хүүхдүүд өвчилж байгаа учраас дүүргийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэн талаар мэдээлсэн билээ.

Нийслэлчүүдийн хувьд тулгамдаж байгаа гурван асуудал байна. Тухайлбал, утаа, түгжрэл, ханиад томуу байгаа юм. Гадуур өндөр тунгаар халуурдаг ханиад их байгаа энэ үед эмнэлгийн эмч нар эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх, мөн томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар байнга зөвлөгөө өгч байна.

Хүйтний улиралд асаргааны хүүхдүүдээ хэт дулаалж, хэт дааруулахгүй байх, олон хөлийн газраар авч явахгүй, ханиад томуутай хүнтэй ойр байлгахгүй байх, хүүхдээ хамаагүй хүнд үнсүүлэхгүй байхыг, амин дэмээр баялаг хоол хүнс байнга өгч байхыг зөвлөсөөр байна. Эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдлаас болж хүүхэд нь амархан өвчилж байгааг ч шүүмжилсэн байна.

Ер нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдэд эм тариа хийхээс илүүтэй физик, уламжлалт эмчилгээг хавсарч хийвэл хурдан эдгэж байгаа талаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Ж.Сүрэнчимэг ярьсан билээ. Ингээд түүнтэй ярилцлаа.



-Танай эмнэлгийн хүүхдийн тасаг ачаалал ихтэй байна. Ханиад томууны улиралтай холбоотой байх?

-Тийм. Манайх 75 ортой бөгөөд өнөөдрийн байдлаар бараг 190 гаруй хүүхэд сахиурын хамт хэвтэн эмчлүүлж байна. Ачаалал нэмэгдсэн учраас кордиортаа ч авч байгаа. Ханиад хүндэрч, хатгаа болсон хүүхдүүдийг бидэнд буцаах эрх байхгүй.

Гэхдээ бид зохицуулалтыг маш сайн хийж байгаа. Амралтын өдрүүдэд 2-3 эмч ажиллаж байна. Мөн орны асуудлыг тодорхой хувиар зохицуулж нэмэлтээр гаргаж байна.

-Ирж байгаа хүүхдүүдийн хувьд ханиад томууны ямар өвчлөлтэй ирж байна вэ?

-Уушгины хатгаа, мөгөөрсөн хоолойн бөглөршилттэй хүүхдүүд их ирж байна. Өндөр халуурна, хордлогонд орно, таталт өгнө гэх мэт. Хүүхдүүд хүнд хэлбэрийн өвчлөлтэй орж ирж байгаа нь үнэн.

-Ханиад томууны үед физик эмчилгээг хавсарч хийвэл илүү сайн үр дүнтэй гэж яриад байсан?

-Тийм. Манай эмнэлгийн удирдлагууд хүүхдийн өвчлөл нэмэгдэж ихсэнгүүт физик эмчилгээг хүүхдүүдэд зориулж сайн хийж байгаа. Амралтын өдрүүдэд физик эмчилгээний эмч сувилагч нар амралтгүй ажиллаж байна. Физик эмчилгээгүйгээр эмчилгээ явахгүй. Яагаад гэвэл вирусийн үүсгэгчтэй өвчин тул бөглөршилт, агшилтыг физик эмчилгээгээр уушгийг цэвэрлэж онгойлгож байна. Манайх зөгийн балтай татлага, зүү төөнүүр, утлага гээд бүх эмчилгээг хийдэг.

-Танай эмнэлгийн хүүхдийн тасаг хэчнээн ажилтантай вэ?

-Манайх найман эмч, сувилагч асрагтайгаа нийлээд 30 гаруй хүн бий. Одоогийн байдлаар нэмэлтээр эмч, сувилагч нар ажиллаж байгаа бөгөөд нийтдээ 50 гаруй хүн байна.  Мөн сувилагч нараа амралтын өдөр болон бусад өдөрт ээлжилж ажиллуулдаг. Гэхдээ л энэ ачаалалтай үед хүн хүч хүрэхгүй байгаа шүү.

-Өвчлөл ихтэй энэ үед эцэг эхчүүдэд хандаж юу гэж зөвлөх вэ?

-Амьсгалын замын өвчин учраас амьсгалын замаар халдварлана. Ханиад хүрчихээд гадуур их явж халдаах тохиолдол их бий. Ханиад хүрсэн бол эмчид хандаж, хөнгөн үедээ гэрээрээ эмчлэх ёстой. Бүр хүндэрсэн бол тохиолдолд мэргэжлийн эмч, эмнэлэгт яаралтай хандаарай. Мөн өөрсдөө дур мэдэн эмчилгээ хийж болохгүй. Хүнээс ам дамжин ярьж сонссоноо хэрэгжүүлж эмчилгээ хийж байгаа нэрээр улам хүндрүүлдэг гэмтэй. Хүүхдэд ханиадны шинж тэмдэг илэрэнгүүт олон хүнтэй газар аваачиж, ойртуулахгүй байх ёстой. Эцэг эхчүүд өндөр тунгаар халуурахаас нь айгаад бушуухан эмнэлэгт аваад ирдэг. Гэтэл өөр өөр үүсгэгчтэй өвчинтэй хүмүүсийн дунд ороод ирэхээр нэмж халдвар авдаг. Дөнгөж халдвар эхэлж байгаа үед гэрээр нь эмчилгээ хийх нь зохистой. Амин дэмээр баялаг хоол хүнс өгч байхыг зөвлөе.
 

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгу 2019-01-09 09:18:39
    Грипп монгод л вирусыг физик эмчилгээгээр эмчилдэг юм байхдаа.Грузид гуржид 10 гауй хун гриппээс ухээд бна.Физик эмчилгээ гэж мэдэмхийрч байгаад хундруулэв дээ!...
    80.83.234.89
    Мэдэгдсэн Хариулах