Б.Ганхуяг: 2019 он Дэлхийн зах зээл дээр шинэ бизнесийнхээ түүхийг нээсэн, хөгжлийн жил байх болно
-2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өрөө бүрэн барагдуулж дууслаа-

"Эрдэнэс тавантолгой" ХК-иас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 2015 онд Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд хувийн хэвшилд шилжихээр яригдаж байсан “Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн  жилүүдэд эерэг үзүүлэлттэй ажиллаж буй нь яах аргагүй олны анхаарал татаж буй.
 
Тус компани нь түүхэндээ 45,8 сая тонн нүүрс олборлож, нийт хугацаанд 4,6 их наяд төгрөг буюу 2,1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаас 2017, 2018 онуудад 3,1 их наяд төгрөг, үүнээс 2018 оэд 1,99 их наяд төгрөгийн орлоготойгоор 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлж дуусгажээ.

Зөвхөн 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж, төлөвлөгөөг 2,1 дахин давуулан биелүүлсэн байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Өнгөрсөн 2016 оны нэгдүгээр улиралд "Чалко" компанид нэг тонн нүүрсийг 24.97 ам.доллар нийлүүлж байсан бол 2017 оны 1-р улиралд 59.33 ам.доллар, 2018 оны 2-р улиралд 61.0 ам.доллар, 2019 оны 1-р улирлаас 63.32 ам.доллар болгож нэмэгдүүлснээр үнийг 2 5 дахин өсгөсөн үзүүлэлт гаргалаа.

Цанхийн баруун уурхайн 2016 оны 1-р улиралд 23.2 ам.доллар байсан үнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар 71.25 ам.доллар болгон нэмэгдүүлж, коксжих нүүрсний 20 гэрээ, исэлдсэн нүүрсний 7 гэрээг тус тус байгуулсан нь өндөр үр ашигтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлсэн. 2018 оны 8 дугаар сарын 26-нд ордын нөөцийн нэгдсэн тайланг ЭБМЗөвлөлөөр баталгаажуулж, блокийн аргачлалаар 5.1 тэрбум байсан нөөцийг 6.3 тэрбумд хүргэн тооцуулснаар Жорж стандартад шилжсэн дүнгээр найман тэрбум тонн буюу түүнээс дээш хэмжээний нөөцтэй байх боломжтойгоор шийдвэрлүүлээд байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газраас компанийг олон улсын зах зээлд IPO гаргах үүргийг өгснөөс хойш ордыг ашиглах ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж, дэд бүтцийн төслүүд (НБҮ, усан хангамж, төмөр зам, авто зам, Цахилгаан станц)-ийг хөдөлгөх тооцоо, судалгааг хийж, зарим ТЭЗҮ-ийг батлуулахад бэлэн болгож, олон улсын 4 зөвлөх, нэмэлтээр санхүүгийн байгууллага, шинжээчидтэй хамтрах ажлуудыг зохион байгуулах зэргээр төслийн нэгдүгээр шатанд хийсэн ажлын тайланг УИХ-д мэдээлж, танилцуулахад бэлэн болсон.

Түүнчлэн компанийн засаглалыг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг бий болгох зорилгоор Эрдэмтдийн зөвлөл, Олон нийтийн зөвлөлийг дэргэдээ байгуулж Төрийн бус байгууллагуудтай бүх түвшинд хамтран ажилласан байна.
Мөн 2018 оны 5 дугаар сард байгуулагдсан "1072 хувьцаа мэдээллийн төв"-өөр дамжуулан давхардсан тоогоор 1.25 сая иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 500 мянга гаруй иргэд үнэт цаасны дансаа нээлгэсэн” гэсэн юм.
 
Өнгөрсөн онд уурхайчдынхаа цалинг нэмэгдүүлжээ

Тус компани нь 2018 онд ажилчин, уурхайчдынхаа цалинг 21 хувиар ХАБ-ын нэмэгдлийг 30 хувиар, шөнийн нэмэгдлийг 50 хувиар тус тус өсгөж, урамшуулалт болон үндсэн цалингийн санг нэмэгдүүлж, хүүхэд асарч буй эхчүүдэд cap бүр тэтгэмж олгодог болсон гээд нийгмийн асуудалдаа ахиц гарагсан. Одоо бизнес төлөвлөгөөгөө гаргана.  

Улмаар нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээг байгуулж. сургууль, цэцэрлэг, зам талбай ногоон байгууламж зэргийг байгуулахаар болсон бол Улаанбаатар хотод Тавантолгойн ордын нүүрсийг нийлүүлж, сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтад өгөөд байна. Түүнчлэн боловсролын салбарт нь анхаарал хандуулж ажиллана.

Мөн 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах "Азийн хүүхдийн наадам"-ыг ивээн тэтгэхээр болсон талаараа мэдээллийн үеэр онцолсон юм.
 
Дэд бүтцийн төслүүдээ санхүүжүүлж, хөдөлгөнө

Ингээд энэ онд хийх ажлынхаа талаар Б.Ганхуяг дарга үргэлжлүүлэн "Энэ ондоо дэлхийн зах зээл дээр өрсөлдсөн шинэ бизнесийн түүхийг нээсэн хөгжлийн жил болгоно.

Дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөнө. Гашуунсухайтад зогссон ажлуудыг санхүүжүүлж үргэлжлүүлэн явуулна. Одоогоор 70 гаруй хувьтай явж байна. Нүүрс баяжуулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлээ бүрэн шинэчилж барилгын ажлыг нь эхлүүлнэ. Ус хангамжийн асуудлаа шийдвэрлэнэ. Усны мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагчтай хамтарсан байгаа. Тавантолгойн төмөр замын шинэ гарц төсөл дээр анхаарал хандуулан ажиллаж байна.

Мөн Тавантолгой Хангимандал чиглэлийн төмөр зам, нүүрс тээвэрлэлтийн орчин нөхцлийг бууруулах гэх мэт томоохон төслүүдийг гурван төрлөөр санхүүжүүлнэ. Эхний төслийг нь компанийн дотоод нөөц, санхүүгийн чадамжаар бүрдүүлнэ. Хоёрдахыг нь  Засгийн газраас өгсөн чиг үүргийн хүрээнд олон улсын зах зээл дээр хөрөнгө босгож санхүүжүүлнэ. Гуравдахыг нь хөрөнгө оруулагчтай хамтран ажиллана.  Бүх нөхцөл бололцоо бүрдсэн байгаа. Бидний ажил урагшаа явна.

Мөн энэ ондоо 1072 хувьцаагаа амь оруулна. Харин нэг хувьцаагаа хэдэн төгрөгөөр үнэлэх вэ гэдгээ удахгүй тодорхой болгоно. Түүний дараа тэр саналаа салбарын яам болон Засгийн газарт хүлээлгэж өгнө.

Уурхайн хөгжилд томоохон ахиц гарсан жил байх болно. 100 мянган хүнтэй хот байгууллахаар ажлыг төлөвлөж дууссан. Парк шинэчлэл хийнэ.

Эцэст нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улаанбаатарын утааг бууруулахад оролцож, Тавантолгойгоос сайн чанарын нүүрсийг авчирч сайжруулсан түлш болгож тараана. Ирэх тавдугаар сараас түүхий нүүрс оруулахгүй. Тодотгож хэлвэл, нийслэлд түүхий нүүрс оруулахгүй сайжруулсан шахмал түлшээр  хангана. Боловсрол, соёл, нийгмийн асуудалд ахиц гаргасан жил байх болно.

Хувьцаат компанийн үр ашиг чухал. Манайх 2,5 сая хувьцаа эзэмшигчтэй, 486 компанитай, 85 гаруй хувийг нь төр эзэмшдэг. Компанийн засаглал болон ил тод байдлын талаар ч өнгөрсөн онд маш сайн ажилласан. Цаашид манай компани хөгжинө, хүн бүр оролцсон, хүртээмжтэйгээр хөгжих болно.

Бид олон улсын зах зээл дээр гарч дэлхийн ижил түвшинд гарч өрсөлдөх боломжийг бүрдүүлж чадсан. Одоо гадаад дотоодод ямар нэгэн өр байхгүй харин компанид авлага бий. Мөн нүүрсний үнийн бодлогоо жил ирэх тусам бууруулаагүй. Харин ч өсгөж ирсэн. Цаашид нүүрсний нөөцөө ч өсгөнө. Санхүүгийн балансаа сайн барина.  Ингээд олон улсын зах зээлд гарсан, томоохон төслүүдээ хөдөлгөсөн, нийгмийн хариуцлагаа ухамсарласан жил байх болно гэдэгт итгэж байна" гэлээ.
 
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • О.Сэлэнгэ  2019-01-09 13:36:08
    Ганхуяг танд амжилт хүсье та угаасаа эрч хүчтэй бидний бахархал болсон хүн бид бүгд эцэсээ хүртэл итгэж байна. Та бол монгол залуу
  • bi 2019-01-09 09:45:28
    Төрийн энэ их үймээн самууны хажуугаар сайхан мэдээ сонсох таатай байна..Ард иргэд хувьцааныхаа ашгийг хүртэхийг маш их хүсэж байгаа.Амжилт хүсье.
  • зочин 2019-01-09 05:50:09
    oboo doo