Монголчууд сар шинийн баярт 845.1 тэрбум төгрөг зарцуулна

-Цагаан сар ба эдийн засаг-

 

Үндэсний статистикийн хорооноос Монголчууд цагаан сарын баярыг тэмдэглэхэд хичнээн төгрөгийн зарлага гаргадаг талаар тооцоолол хийжээ.
 

ЦАГААН САРЫН ИДЭЭ, ГАРЫН БЭЛЭГ


Цагаан сар тэмдэглэж буй айл бүр хүрэлцэн ирсэн ах дүү, төрөл садан, зочид, гийчдээ хүндэтгэн идээ ундаа бэлтгэж, ирсэн хүн бүрийн гарыг цайлгаж, өргөн дэлгэр тэмдэглэдэг сайхан уламжлалтай билээ. Цагаан сарын баярт зориулж бор болон цагаан гэсэн хоёр төрлийн идээ бэлтгэдэг бөгөөд бор идээнд бүхэл мах, бууз, банш, шимийн архи зэрэг ордог бол цагаан идээнд бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг зэрэг ордог байна. Иймд цагаан сарын идээ болон гарын бэлгийн нийт үнийг Үндэсний статистикийн хорооноос тооцож нийтэд мэдээлдэг, хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индексийн тооцоонд ашигладаг хэрэглээний сагснаас бүтээгдэхүүний нэр төрөл, зах зээлийн дундаж үнийг авч, тооцоолон доорх хүснэгтүүдэд харууллаа.




Нэг өрхийн бор идээний хэрэглээ дунджаар 419.0 мянган төгрөг болж байгаа бөгөөд үүний 59.7 хувийг хонины ууцны зардал эзэлж байна.



Нэг өрхийн цагаан идээний хэрэглээ дунджаар 277.1 мянган төгрөг байна.



ЦАГААН САРЫН БАЯРТ ЗАРЦУУЛАХ НЭГ ӨРХИЙН ДУНДАЖ ЗАРДАЛ


Тооцооллоор цагаан сарын баярт зориулж нэг өрхөөс идээний зардалд дунджаар 696.1 мянган төгрөгийн зардал гарах бөгөөд үүнээс 419.0 мянган төгрөг буюу 60.2 хувь нь бор идээний, 277.1 мянган төгрөг буюу 39.8 хувь нь цагаан идээний зардал байна. Харин гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8.0-18.0 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзвэл, нэг хүнд өгөх бэлгийн зардлыг тооцож, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзээд нэг өрх бэлэгт нийтдээ 780.0 мянган төгрөг зарцуулахаар байгаа юм.

Дээрх хоёр төрлийн зардлын нийлбэрээр буюу идээ болон гарын бэлгийн дүнгээр нэг өрх цагаан сарын баярт дунджаар 1.5 сая төгрөгийн зардал гаргахаар байна.
 

ӨРХИЙН ЗАРЛАГА


Үндэсний статистикийн хорооны “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа (ӨНЭЗС)” –гаар цагаан сарын баярын үед өрхийн сарын дундаж зарлагад дараах өөрчлөлтүүд гарч байна. Үүнд:

Нэг өрхөөс цагаан сарын баяр тэмдэглэхэд гардаг дундаж зардал 2017 онд 742.5 мянган төгрөг болсон нь өмнөх оноос 94.5 мянга буюу 14.6 хувиар нэмэгджээ.



Нэг өрхөөс цагаан сарын баяр тэмдэглэхэд гардаг дундаж зардлыг хот, хөдөөгөөр авч үзвэл, 2017 оны байдлаар хотод 764.3 мянган төгрөг, хөдөөд 703.0 мянган төгрөг байна.

Харин өрхийн тэргүүний насны бүлгээр авч үзвэл,
 

  • 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 464.0 мянган төгрөг,
  • 30-39 насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 591.9 мянган төгрөг,
  • 40-49 насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 680.2 мянган төгрөг,
  • 50-59 насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 856.6 мянган төгрөг,
  • 60-аас дээш насны өрхийн тэргүүнтэй өрхийн зардал 1094.3 мянган төгрөг байна.


Нэг өрхийн хүнсний дундаж зардлыг 2017 оны сар бүрээрх мэдээллээс харахад II сард хамгийн бага, VII сард хамгийн их зардал гаргадаг байна.


“Цагаан сарын баяр” тэмдэглэдэг 2 дугаар сард өрхөөс зарцуулж буй зардал нь бусад саруудаасаа өсдөг хүнсний зарим бүтээгдэхүүний хэрэглээг 2015 – 2018 оны 2 дугаар сарын байдлаар дараах зургаар харуулж байна.




ДҮГНЭЛТ


Монгол Улс 2018 оны 12 дугаар сарын байдлаар 895.1 мянган өрхтэй бөгөөд өрхийн тэргүүний насны бүлгээр авч үзвэл, 30 хүртэлх насны өрхийн тэргүүнтэй өрх (I) нийт өрхийн 11.8 хувь, 30-39 насны өрхийн тэргүүнтэй өрх (II) нийт өрхийн 26.6 хувь, 40-49 насны өрхийн тэргүүнтэй өрх (III) нийт өрхийн 24.8 хувь, 50-59 насны өрхийн тэргүүнтэй өрх (IV) нийт өрхийн 20.2 хувь, 60-аас дээш насны өрхийн тэргүүнтэй өрх (V) нийт өрхийн 16.6 хувийг эзэлж байна.
Цагаан сарын баярыг:

- Нэгдүгээр өрхүүдийн 25.0 хувь
- Хоёрдугаар өрхүүдийн 45.0 хувь
- Гуравдугаар өрхүүдийн 65.0 хувь
- Дөрөвдүгээр өрхүүдийн 85.0 хувь
- Тавдугаар өрхүүдийн 95.0 хувь өргөн дэлгэр тэмдэглэдэг гэж таамаглан тооцоо хийж үзэхэд 2018 оны 12 дугаар сарын байдлаарх 895.1 мянган өрхийн 64.0 хувь буюу 572.6 мянган өрх цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, нэг өрхөөс 1.5 сая төгрөгийн зардал гардаг гэвэл, идээ болон бэлэгт зориулж улсын хэмжээнд 845.1 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна.

Харин бэлгийн 80.0 орчим хувийг импортын бүтээгдэхүүн зочиндоо бэлэглэж байгаа нь Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөг гадагш гаргаж байна гэсэн үг.

Цаашид Монголчууд дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг цагаан сарын баярын гарын бэлэгт өргөн хэрэглэвэл дотоодын үйлдвэрлэл хөгжих, ажилгүйдэл буурах, төгрөгийн худалдан авах чадвар сайжрах зэрэг давуу талтай юм.





Х.Хулан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.