“Спэйшл майнз” хэнд, ямар өр төлж лицензтэй талбайгаа ашиглуулдаг вэ?

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт Цагаан цахирын ордоос алт олборлодог “Спэйшл майнз” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг 2018 оны гуравдугаар сард, уурхайн үйл ажиллагааг мөн оны долдугаар сард зогсоож байсан байдаг.

Шалтгааныг нь олон түмэн мэднэ.

2018 оны гуравдугаар сарын 5-ны өдөр уурхайд тэсэлгээ хийсний улмаас баяжуулах үйлдвэрт цианит алдагдаж хоёр хүн хордож, Улаанбаатарт ирж эмчлүүлсэн байдаг. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус аймагт ажиллах үеэр хүртэл яригдаж, аймгийн Засаг дарга Г.Батжаргал цианитад хордсон гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан баримт бий.

Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Баянхонгор аймгийн удирдлагуудын гэнэтийн шалгалтыг “Спэйшл майнз” ХХК-ийн уурхай, баяжуулах үйлдвэрт хийсэн байдаг. Шалгалтын дүгнэлтийг дөрөвдүгээр сарын 15-нд аймгийн ИТХ-д танилцуулах  тэр шалгалтаар баяжуулах үйлдвэрийн бутлуурын төхөөрөмжийг хэд хоногийн дараа бусад тоног төхөөрөмжийг лацадсан байна. Учир нь үүнээс 20 гаруй хоногийн өмнө баяжуулах үйлдвэрийн үй ажиллагааг зогсоох аймгийн Засаг дарга Г.Батжаргалын захирамж гарсан байгаа юм.

Дараа нь 2018 оны долдугаар сард Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мөн л гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтаар уурхайд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц олон зөрчил, дутагдал илэрсэн тул үүнийг арилгах, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан байна. Энэ бас л баттай ноттой баримттай үйл явдал болсон байдаг.

Энэ нэг асуудал. Харин энэ бүхний дараа “Спэйшл майнз” ХХК-ийн уурхай, баяжуулах үйлдвэр эргээд нээгдэхэд тус компани Баянхонгор аймгийн удирдлагуудтай маш сайн тохиролцоо хийж чадсан байдаг. Хамтын ажиллагаанд нь их өөрчлөлт орсон байгаа юм.

“Спэйшл майнз” ХХК-ийн ашиглалтын талбайд алт ухдаг байсан 42 нөхөрлөл “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” ТББ-д харьяалагддаг болов. Тэдний олборлосон хүдрийг “Хонгорын хүдэр” ХХК-д боловсруулдаг болсон.

Ингээд Баян-Овоо сум, “Хонгорын хүдэр” ХХК, “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” ТББ гэдэг гурван тал тойроод хоёр хоёроороо Хамтран ажиллах гэрээ байгуулдаг. Бас Баян-Овоо сум, “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” ТББ, “Спэйшл майнз” ХХК дээрх маягаар хоёр хоёроороо гэрээ байгуулна.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Д.Батбаатар, тус сумын Уранхайрхан II багт үйл ажиллагаа явуулдаг “Хонгорын хүдэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Дашцэрэн нарын 2018 оны эхээр байгуулсан нэг гэрээ байгаа юм. Гэрээнд “…”Хонгорын хүдэр” ХХК-тай Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Ашигт малтмалын тухай, Татварын тухай болон бусад холбогдох хууль, эрх зүйн актуудыг хэрэгжүүлэх, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хуваарилах, нөхөн сэргээх, орон нутгийн засаг захиргааны өмнө хүлээсэн үүргээ мөрдөн хэрэгжүүлэх, ард иргэдэд нээлттэй сумын хөгжлийг дэмжих талуудын хоорондын харилцааг зохицуулахад гэрээний зорилго оршино” гэжээ. Мөн “…Өөрийн эзэмшлийн талбайг бусдад түрээслүүлж ашиглуулсан тохиолдолд аливаа асуудлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч бүрэн хариуцна”, “…Баяжуулах үйлдвэрийн ажиллагсдын орон нутгаас ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх, сумын ажилгүй иргэдийг арга зүйгээр ханган ажиллуулах, нийт ажилчдын 30 хувиас доошгүй иргэн сумаас авч ажиллуулах” тухай заалт оруулсан байна.

Түүнчлэн “Хонгорын хүдэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Золбаяр, “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Отгонбаатар нар бас гэрээ байгуулжээ.

Түүндээ “…Энэхүү гэрээгээр “Алтны хүдэр боловсруулах бичил үйлдвэр”-ээр үйлчилгээ авч буй “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” ТББ-ын нөхөрлөлүүдийн олборлосон хүдрийг боловсруулах, үүнтэй холбоотой бүхий л асуудлыг зохицуулахад оршино” гэсэн байна.

Ийм маягаар гурав гурваараа хоёр талд тойроод гэрээлчихсэн Цагаан цахирын ордод үзэж тарж байна гэсэн үг.

Өнгөц харвал зүгээр л Хамтран ажиллах гэрээг Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, “Спэйшл майнз” ХХК, “Хонгорын хүдэр” ХХК, “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” ТББ хооронд байгуулан ажиллаж байгаа байдал харагдана.

Тэгээд ч “Спэйшл майнз” ХХК 2018 онд гэхэд Мандалхайрхан багийн 1-12 ангийн 220 сурагчийг иж бүрэн хичээлийн хэрэгслээр хангасан. Уурхайнхаа 173 ажилтны 110 орчмыг Баянхонгор аймгийн төв болон Баян-Овоо сумын иргэдээс бүрдүүлсэн. Баян-Овоо сумын I багт гүний худаг, 10 өвөлжөө барих хөрөнгө оруулалтыг шийдсэн. Энэ мэтчилэнгээр орон нутагт хангалттай хэмжээний хөрөнгө оруулалтыг хийдэг байна.

Гэтэл дээрээс нь өөрийн ашиглалтын талбайд “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” ТББ-д нэгдсэн 42 нөхөрлөлийн 400 орчим бичил уурхайчныг ажиллуулж, тэдний олборлосон хүдрийг өөрийнхдөө бус “Хонгорын хүдэр” ХХК-д боловсруулах эрх олгосон нь анхаарал татна. Эндээс “Спэйшл майнз” хэнд, ямар өр төлж лицензтэй талбайгаа ашиглуулдаг вэ гэдэг асуулт тавигдана. Мөн “Спэйшл майнз” ХХК жилд 400 орчим кг алт олборлох төлөвлөгөө өгч, түүнийгээ л олборлосон тайлан мэдээ гаргадаг. Гэтэл тэдний ашиглалтын талбайгаас олборлолт хийж байгаа “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” ТББ-ынхан мөн л 400 орчим кг алт олборлодог байгаа юм.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 111 2019-01-15 02:17:20
    Молекул Батбаярын бэлтрэгүүдийн эзэмшлийн уурхай.