Таны санхүүгийн боловсролд: Мөнгөө зөв зарцуулах нь

Төсөв зохиох

Мөнгөө зөв зүйлд зарцуулж, хуримтлал үүсгэхийн тулд төсөв зохиож, төсвийн дагуу зарцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, мөнгө санхүүгээ зөв удирдаж, амьдралаа ухаалгаар авч явахад тань төсөв чухал үүрэгтэй.

Төсөв нь таны олж буй орлого (жишээлбэл, цалин хөлс), мөнгөний зарцуулалт, хуримтлал, хадгаламжийн хэмжээг харуулдаг.

Олж буй орлогоосоо хэтрүүлж мөнгө зарцуулахгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрэв таны орлого хэрэгцээг тань хангаж хүрэлцэхгүй бол зээл авах шаардлага үүсдэг. Зээл авах нь зарим нэг зүйлийг худалдан авах боломж олгодог ч зээлийн хүүний нэмэлт зардал гарна. Түүнчлэн олсон орлогоосоо зээлээ төлж дуустал сар бүр зээлийн төлбөр төлөх шаардлагатай болдог.

Хэрэв таны зарлага орлогоос тань их байвал мөнгөө юунд зарцуулсан, мөн хэмнэлт хийх ямар боломж байгаа талаар бодож үзэх хэрэгтэй. Онцын шаардлагагүй зүйлсээс татгалзаж, хэмнэлт хийж чадвал (тухайлбал, түлш бага зарцуулдаг машин жолоодох, үнэтэй ресторанд хоол идэхээ болих гэх мэт) та орлогодоо тохируулан мөнгөө зарцуулдаг болно.

Мөнгө зарцуулахаасаа өмнө танд болон таны гэр бүлд юу хэрэгцээтэй байгааг тодорхойлоорой. Тансаг хэрэглээний зүйлс худалдаж авахаасаа өмнө чухал хэрэгтэй зүйлсээ худалдаж авах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хэрэгцээ ба хүслээ ялгаж сурах хэрэгтэй.

Хэмнэлт хийх боломжийг олохын тулд хэдэн төгрөгийг юунд зарцуулснаа бичиж тэмдэглэж заншаарай. Орлого, зарлагаа бүртгэхдээ тэмдэглэлийн дэвтэр, тооцоолол хийх хүснэгт, компьютерын бэлэн програм ашиглаж болно. Мөнгөө юунд зарцуулснаа мартахгүйн тулд өдөр бүр тэмдэглэх хэрэгтэй. Хэрэв танд баримт өгсөн бол баримтаа санамж болгон хадгалах хэрэгтэй. Шоколад, аяга кофе, бохь зэргийг бага гэлтгүй бичиж тэмдэглэх нь чухал. Учир нь, өдөр тутмын бага хэмжээний зарцуулалт сар, жилийн хугацаанд тооцож үзэхэд их хэмжээний дүнтэй болсон байдаг.

Зардлаа багасгаж, мөнгөө хэмнэхийн зэрэгцээ, орлогоо өсгөх боломжийг хайх хэрэгтэй. Орлогоо өсгөснөөр хуримтлал үүсгэх, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой болно.

Эх сурвалж: Санхүүгийн боловсрол

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.