Хөвсгөл, Архангай аймгууд хамгийн олон мал тоолуулжээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны нөхцөл байдлыг өчигдөр/01.15/ танилцууллаа. Ингэхдээ Монгол улсын мал сүргийн тоо толгойн талаар мэдээлэл өгсөн юм. 

Улсын хэмжээгээр 2018 оны эцэст 66.5 сая мал, үүнээс 3.9 сая адуу, 4.4 сая үхэр, 459.7 мянган тэмээ, 30.6 сая хонь, 27.1 сая ямаа тоологджээ.

Малын нийт тоо өмнөх оноос 240.3 мянга, үүнээс адуу 229 толгой, тэмээ 25.6 мянга, хонь 444.5 мянгаар тус тус өсөж, үхэр 7.6 мянга, ямаа 222.4 мянгаар буурчээ.

Нийт мал сүрэгт 2018 онд хонь 46.0 хувь, ямаа 40.8 хувь, үхэр 6.6 хувь, адуу 5.9 хувь, тэмээ 0.7 хувийг эзэлж байна.

Малын тоо 2018 оны эцэст өмнөх оноос зургаан аймагт, таван төрлөөр өсчээ. Үүнд Хөвсгөл (412.6 мянга), Дорнод (320.0 мянга), Хэнтий (235.6 мянга), Дундговь (233.0 мянга), Дорноговь (145.5 мянга), Увс (45.4 мянга) аймгууд орж байна.

Хөвсгөл (5710.4 мянга), Архангай (5482.0 мянга), Өвөрхангай (5461.3 мянга), Хэнтий (4644.9 мянга), Төв (4582.4 мянга) аймгууд хамгийн олон мал тоолуулж, 2018 онд малын тоогоор тэргүүлж байна.

Малтай өрхийн тоо 2018 оны эцэст улсын хэмжээгээр 230.9 мянга болж, 169.7 мянган өрх нь мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг малчин өрх байна. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй малчид 2018 оны эцэст 288.7 мянга болж, 16 хүртэлх насны малчид 0.3 хувь, 16-34 насны малчид 33.0 хувь, 35 наснаас тэтгэвэрт гарах хүртэлх насны малчид 54.2 хувь, тэтгэврийн насны малчид 12.5 хувийг тус тус эзэлж байна.

Малтай өрхийн тоо өмнөх оноос 0.8 хувиар, 500 хүртэлх малтай өрхийн тоо 0.9 хувиар, 500-гаас дээш малтай өрхийн тоо 0.5 хувиар өссөн байна.

Улсын хэмжээгээр малтай нэг өрхөд ногдох малын тоо 2018 онд дунджаар 286 болж, өмнөх оноос 2 (0.7%)-оор буучээ. Малтай нэг өрхөд 17 адуу, 19 үхэр, 2 тэмээ, 132 хонь, 117 ямаа ногдож байна. Өмнөх оноос малтай нэг өрхөд ногдох хонь 1-ээр өсөж, ямаа 2-оор буурч, харин адуу, үхэр, тэмээний тоо өөрчлөлтгүй байна.

Малтай өрхийн 33.4 хувь нь 100 хүртэл, 20.1 хувь нь 101-200, 28.8 хувь нь 201-500, 13.1 хувь нь 501-999, 4.7 хувь нь 1000-аас дээш тооны малтай байна.

Хонин толгойд шилжүүлснээр хадлан, бэлчээрийн 100 га талбайд ногдох малын тоо 2018 онд 99 толгой болж, өмнөх оноос өөрчлөлтгүй байна. Энэ үзүүлэлт Орхон аймагт 653, Улаанбаатар хотод 475, Дархан-Уул аймагт 335, Архангай аймагт 283, Булган аймагт 229 болж, улсын дунджаас 130-554 толгойгоор их байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.