Түүхэн айлчлалуудын дараа бид юу хийх ёстой вэ
Хоёр их гүрний тэргүүн манай улсад айлчлаад буцлаа. Эдийн засгийн хүндрэлтэй Монгол Улсын хувьд энэхүү айлчлалууд маш их ач холбогдолтой хэмээн албаныхан онцолж  байгаа. Мэдээж хоёр хөршийн айлчлал түүхэн ач холбогдолтой нь үнэн. Нөгөө талаас Монгол Улс хоёр хөрштэйгөө эдийн засгийн хамтын ажиллагаагаа шинэ төвшинд гаргасныг онцолж байна. Гэхдээ эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд Монголчууд их зүйл хийх шаардлагатайг анхаарах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл айлчлалын хүрээнд яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгож чадвал улс орны эдийн засаг сайжрах юм. Үүний дараа Монгол Улс жинхэнэ утгаараа хоёр хөрштэйгөө эдийн засгийн шинэ харилцаатай боллоо гэж ярьж тайлбарлаж болно. Нөгөө талаас хоёр хөршийн тэргүүн манай улсын төр засгийн удирдлагуудад “гэрийн даалгавар” өгөөд буцсан юм.  

Тухайлбал, БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалаар шийдсэн хамгийн гол асуудал нь  урд хөршийн нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэлэлцээр. Энэхүү хэлэлцээрийг хийснээр Монгол Улс далайд гарцтай болсон гэж ойлгогдсон. Гэхдээ энэхүү далайн гарцыг ашиглахын тулд бид нэн түрүүнд өөрсдийн нутаг дахь төмөр замаа тавих ёстой. Нөгөө нарийн өргөн царигийн асуудлыг шийдвэрлэх ёстой юм.  Дотооддоо төмөр замаа тавиагүй байж, гадаад улсаар дамжаад далайд гарна гэж ярих нь утгагүй.  

БНХАУ-ын даргын айлчлалын үеэр манай улсад тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Гэхдээ зүгээр олгочихгүй. Энэхүү зээлийг авахын тулд төслөө боловсруулах ёстой. Өмнө БНХАУ-аас манайд хэд хэдэн ч удаа хөнгөлттэй зээл олгохоор яригдаж байсан ч авч чадаагүй нь бидний хөшүүн, удаан байдалтай холбоотой.  Эндээс бид нэг тэрбум ам.долларын зээл авч чадах уу гэдэг нь цэвэр бидний хөдөлмөрөөс шалтгаалах гээд байна гэж ойлгож болохоор байна.  

Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин айлчлалаа "Монгол Улстай олон талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр бид тохиролцлоо" хэмээн дүгнэсэн. Харин манай улс ОХУ-д бараа бүтээгдэхүүнээ гаргаж, улмаар мөнгө олох боломжийг нээсэн айлчлал боллоо гэж дүгнэж байгаа. Тодруулбал, мах махан бүтээгдэхүүний экспорт. Энэ талаар В.Путин “ОХУ-ын стандартын шаардлагыг хангаж чадвал Монголын мал, махан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр импортлон авах боломжтой” гэсэн хариултыг өгсөн.

Харин манай улсын малын мал, махан бүтээгдэхүүн олон улсын стандартын эрүүл ахуйн шаардлагыг хангах ёстой. Шүлхий, байгалийн голомтот халдварт өвчин жил бүр л гардаг. Эрүүл ахуйн шинжилгээ, малын гэрчилгээ, бүртгэл, ээмэгжүүлэлт гээх бүхий л зүйл дутуу дулимаг л байгаа. Энэ бүх асуудлыг шийдвэрлэж, мал, малын махаа олон улсын стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан төвшинд бэлтгэн нийлүүлэх даалгаврыг Путин ерөнхийлөгч үлдээжээ.

Мөн хоёр улсын хооронд хийгдсэн гэрээ, хэлцлүүдийн үр дүнд хоёр талын худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Ингэхдээ харилцан ашигтай, тэнцвэртэй гадаад худалдааг эрхэмлэнэ гэж буй. Одоогоор манай улсын экспорт тун хангалтгүй байгаа. Өнгөрсөн онд ердөө 60 орчим сая ам.долларын бүтээгдэхүүнийг хойд хөршид экспортолсон байна. Харин хойд хөршөөс 1.5 тэрбум ам.долларын импорт хийсэн. Тэгэхээр Монголын тал цаашдаа яриа, хэлцлүүдийг ажил хэрэг болгох, экспортоо нэмэгдүүлэх даалгавартай үлдэж байна.
Товчхондоо бол хоёр улсын төрийн тэргүүнүүд айлчиллаа гээд Монгол Улсад ямар ч өөрчлөлт гараагүй. Харин өөрчлөлт гаргаж болох боломжит саналууд, баримт бичгүүд дээр гарын үсэг зурж ажил эхлүүлэх тууз хайчиллаа.  Жинхэнэ өөрчлөлтийг авчирч, эдийн засгаа өөд татахын тулд Си Зиньпин, В.В.Путин нарын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх шаардлагатай болж байна.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine