“Signature” үйлчилгээний шинэ нүүр царай тодорлоо
ХААН Банкнаас ирээдүйн амжилт өөд тэмүүлэгч, манлайлагч залуусын “нэрийн хуудас” болсон “Signature” үйлчилгээг нэвтрүүлснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрчээ. Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, салбар бүрт амжилттай ажиллаж буй манлайлагч, удирдагч эрхмүүдийн амьдралын хэв маягт тохирсон банкны энэхүү цогц үйлчилгээ өдгөө хэдийнэ олон нийтэд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг үйлчилгээ болж чаджээ.

Шинэ оны босгон дээр ХААН Банкнаас “Signature” үйлчилгээнийхээ шинэ нүүр царай буюу брэнд элчээр спорт, боловсрол, урлаг, иргэний нисэхийн салбарт амжилттай яваа, бусдад үлгэр дуурайл болсон залуусыг тодруулсныг олон нийтэд танилцууллаа. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, Морин хуурын чуулгын удирдаач, морин хуурч Н.Жигжиддорж, “МИАТ ХК”-ийн “Бойнг” агаарын хөлгийн дарга Б.Өнөбат, “Q Education group”-ийн ерөнхий захирал Ц.Алтансор нар 2019 онд “Signature” үйлчилгээний нүүр царайгаар сонгогдсон байна.



“Signature” үйлчилгээ хэрэглэгчдэдээ олон давуу талыг санал болгодгоос гадна хамтдаа бүтээх сайн үйлсэд уриалж, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахыг эрмэлздэг билээ. Тус арга хэмжээний үеэр, ХААН Банк “Signature” харилцагчидтайгаа хамтран 2019 оны турш “Лантуун дохио” ТББ-ын “Ид шидийн орон-2” төслийг дэмжин ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.



Мөн 2019 онд ХААН Банкны нийгмийн хариуцлагын хүрээнд “Signature” үйлчилгээнээс олсон орлогоос нийгэм улс оронд тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах томоохон ажлуудыг Цагдаагийн байгууллагатай хамтран хийхээр төлөвлөж буйгаа энэ үеэр мэдэгдлээ.

ХААН Банкнаас “Signature” үйлчилгээний харилцагчидтайгаа хамтран хэрэгжүүлэх эдгээр сайн үйлсийн ажлуудын тухай мэдээллийг цаашид шат дараалсан байдлаар тогтмол мэдээлэх болно.


 
Бид зогсолтгүй бүтээсээр....
Бусдад түгээх
  • gplus