Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увсын Зүүнговьд 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 16 см, Хяргасд 15 см, Хөвсгөлийн Хатгалд 15 см, Улаан-Уулд 14 см зузаан цастай байна.
Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларсан. Зарим газраар өдөртөө нэмэх градус хүрч дулаарсан. Тухайлбал 19-нд Өвөрхангайн Арвайхээрд +2, Хархоринд +3 градус, Архангайн Цэцэрлэгт +1 градус, дулаан байсан байна. Шөнөдөө мөн хүйтний эрч сулавтар долоо хоног байлаа. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -35...-42 градус, Хүрэн бэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25...-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр газраар -18...-23 градус, бусад нутгаар -21...-26 градус хүйтэн байв.
Салхины тухайд 7 хоногийн сүүлчээр говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 20 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд цас ороогүй байна. Хугацааны эхээр хүйтэрч Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-32 градус, бусад хэсгээр 23-28 градус, өдөртөө хугацааны дунд үеэр хүйтний эрч суларч 8-10 градус, бусад хугацаанд 10-15 градус хүйтэн байв.
Эх сурвалж: ЦУОШГ