Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрууд авлигад өртөх эрсдэлтэй гарчээ
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд С.Чинзоригтой өнгөрсөн долоо хоногт уулзаж, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас үзүүлж буй төрийн үйлчилгээг цахимжуулах талаар ярилцсан.

Уулзалтаар Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас үзүүлж буй гадаадын иргэн авч ажиллуулах зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулахаар шийдвэрлэжээ.

Учир нь зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах, урилга олгоход аж ахуйн нэгжүүд улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, нийгмийн даатгалын НД-7, НД-8 маягт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, иргэний лавлагаа зэрэг долоон төрлийн материалыг давхардуулж авдаг байна. Ингэснээр маш их цаас хуримтлагддаг аж. Зөвхөн 2018 онд гадаадаас ажиллах хүчин, мэргэжилтэн авах зөвшөөрлийг олгох, сунгах цуцлах болон урилга олгосон 943 боть архивын материал үүссэн буюу 235750 ширхэг цаас хуримтлагджээ.

Энэ нь тус салбарын ажилтнуудад зохиомол ажлын ачаалал үүсэх, иргэн, аж ахуйн нэгжид шат дамжлага ихтэй, хүндрэлтэй үйлчилгээ болж авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болж байна.
Гадаадаас ажиллах хүч авч ажиллуулах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой авлигын гэмт хэргүүд өмнө гарч байсан. Тухайлбал, тус газрын дэд дарга “Г” нь “гадаадаас ажилчин оруулж ирэх зөвшөөрөл гаргаж өгнө, ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлж өгнө” гэж амлаж, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн захирлаас 130 сая төгрөгийн хахууль авсан, мөн дэд даргаар ажиллаж байсан “Ц” нь албан тушаалаа ашиглан Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирсэн хятад ажилчдад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн бичгийг зориуд хуурамчаар гарган өгч, хятад ажилчдын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тушаах ёстой байсан 10 сая төгрөгийг хахуульд авсан гэх хэргүүд шүүхээр шийдвэрлэгдэж байсан юм. 

Мөн Авлигатай тэмцэх газраас хийгддэг “Шударга байдлын үнэлгээ”-г гурав дахь удаагаа зохион байгуулсан. Шудрага байдлын үнэлгээний дүнгээр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар нь 2015 онд 76.9 оноо, 2016 онд 72.1 оноо, 2018 онд 70.4 оноо тус тус авч жил дараалан буурч хангалтгүй үнэлэгдсэн.

Тус газарт 2018 онд газарт хийсэн авлигын эрсдлийн үнэлгээгээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар болон Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрууд авлигад өртөх эрсдэлтэй гарсан байна.
П.АНИР 
Оллоо.мн 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.