“Буянт-Ухаа II” цогцолбор энэ сардаа багтаж ашиглалтад орохгүй нь
Түрээсийн орон сууц хөтөлбөр 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд 1500 айлын орон сууцыг ТОСК-иар дамжуулан хөдөө орон нутагт болон Нийслэлд түрээсийн орон сууцын санг бий болгосон юм.

Засгийн газрын тогтоолоор Төрийн орон сууцны корпорац /ТОСК/-иас хэрэгжүүлж буй “Буянт ухаа-II” хорооллын хоёрдугаар ээлж буюу 972 айлын орон сууц 2018 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох ёстой байсан ч тодорхой асуудлаас болж хойшилсоор жил өдий хүрчээ.

Оны өмнө салбарын сайд Х.Баделхан болон холбогдох албаны хүмүүс “Ирэх нэгдүгээр сардаа багтааж ашиглалтад оруулна” гэж мэдэгдэж, Засгийн газрын хуралдаанаар түрээслэх эсэх, эсвэл худалдаалах эсэхийг шийдэхээр хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй юм.

Одоогийн байдлаар барилгын ажил 90 хувьтай явж байгаа бөгөөд дотоод заслын ажил, гадаах тог цахилгааны асуудлыг бүрэн хийж гүйцэтгээгүй байгаа гэж албаны хүмүүс тайлбарлав. Тиймээс энэ сардаа багтааж ашиглалтад орж, айл өрхүүдийг оруулна гэдэг худлаа болж байгаа юм байна. Гэвч өрх толгойлсон эмэгтэй, өндөр настай, залуу хос гээд нийгмийн зорилтод бүлгийнхэн энэ байрыг хүлээсээр хүлээлтийн байдалтай байгаа юм. Иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд иргэд ч өөрт ашигтай боломж хувилбарыг хайсаар байна.

Тухайлбал, иргэдийн хувьд хямд өртөгтэй, чанартай түрээсийн орон сууцанд орчихвол цаашид 3-5 жил түрээслэж байгаад өмчилье гэсэн хүсэлтийг ТОСК болон салбар яаманд тавьж байгаа. Тиймээс энэ асуудлыг ч судалж цаашдаа гурван хувилбартай болгохоор ажиллаж байгаа ажээ. Мөн Засгийн газраас журам, тогтоолын төслийг боловсруулж байгаа ажээ.
 
Түүнчлэн "Буянт ухаа-II" хорооллоос гадна Орхон, Хөвсгөл, Дундговь, Говь-Алтай аймгийг хамарсан 1562 айлын орон сууцыг Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгаа юм. Эдгээр орон сууцны барилгын ажил дуусахаар Засгийн газар түрээсийн орон сууцны санд авах эсэхийг бас эцэслэн шийдвэрлэхээр болжээ.
 
Иргэдийн хүсэлт, материалыг хүлээж аваагүй байна
 
 
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар “Буянт-Ухаа II” хороолол цагаан сарын дараа буюу хавар ашиглалтад орно. Одоогоор дотор заслын ажил удааширсан, зогсонги байдалтай байна. Тиймээс  иргэдийн материал хүлээж авахгүй байгаа. Яагаад гэхээр түрээслүүлэх бэлэн орон сууц ашиглалтад ороогүй учраас. Тэгэхээр иргэдийн хүсэлтийг дахин авна. Зарим иргэний материалыг хоёр жилийн өмнө авсан байлаа гэхэд одоо зорилтот бүлэгт хамаарахгүй, боломжтой болсон байхыг үгүйсгэхгүй.

Тухайн цаг үедээ хамаарах зорилтот бүлэг гэсэн хүмүүс түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдана гэж заасан. Тухайн барилга маань ашиглалтад орсон тэр үед иргэдийг бүртгэнэ гэжээ.

Түрээсийн орон сууц ашиглалтад орсон тохиолдолд Засгийн газар дээрх барилгыг орон сууцны санд авах эсэхийг эцэслэн шийдсэний дараа иргэдийн хүсэлтийг цахимаар хүлээн авна гэсэн үг. Хөтөлбөрийн дагуу нийслэлд байгаа орон сууц нэг ам метр нь 6500 төгрөг, хөдөө орон нутагт 4000 төгрөг байхаар тогтоожээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.