Налайхын замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Налайхын замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов

 “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар сайд Я.Содбаатар Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

Үүнтэй холбогдуулан төслийн гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийг нь хангуулах үүрэгтэй Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулан байгуулахаар болов.

Төслийн гүйцэтгэгч “Синохайдро Корпорэйшн Лимитэд” компанитай арилжааны гэрээг яаралтай шинэчлэх, үүний дараа төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийг БНХАУ-ын “Экспорт-Импорт” банктай нэн даруй байгуулахыг холбогдох сайд нарт даалгалаа.

Налайхын замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын бэлтгэлийг өвлийн улиралд бүрэн хийх, барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхэлж, 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болголоо. Хугацаа богино учир 20.9 км замыг дөрөв хувааж нэг зэрэг тавьж эхлэхээр төлөвлөөд байна.

Барилгын ажил эхлэхээс өмнө замын трасст орсон цахилгааны шугам, гэрэлтүүлэг, холбооны кабель, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг зөөх, шилжүүлэх, хүчитгэх, хамгаалах, иргэдэд мэдээлэх, тэмдэг, тэмдэглэгээ байршуулах зэргийг хийж дуусгах юм.

Хотын захиргаа 2017 оны есдүгээр сард газрыг бүрэн чөлөөлсөн байна. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбар, нийт 180 обьектыг чөлөөлж, нөхөх олговорт нэг тэрбум гаруй төгрөг өгчээ.

Зам ашиглалтад орох хүртэл замын хойд талын шороон хэсгээр түр зам гаргаж, Налайх, Хонгор, Баянзүрхийн товчоо орчмын оршин суугчид болон нийтийн тээврийг хөдөлгөөнийг нэвтрүүлнэ. Мөн Улаанбаатар хотоос зүүн болон өмнө зүг явах, хот руу орох, дайран өнгөрөх тээврийн хэрэгслийг Төв аймгаар дамжин өнгөрүүлэхээр болжээ.

Налайхын зам нь Улаанбаатар хотыг зүүн болон өмнө бүсийн аймгууд, Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбодог гол гарц зам юм. 

Энэ замыг 1959 онд ашиглалтад оруулснаас хойш их засвар, шинэчлэл хийгээгүй учир чанар нь муудсан. Мөн ачаалал эрс нэмэгдсэнээс байнга осол гарч эрдэнэт хүний амь нас үрэгдэн, эд материалын хохирол учирч байна. 

Улаанбуудайн тонн тутамд 41000-45500 төгрөгийн урамшуулал олгоно

Дотоодын гурилын үйлдвэр, тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын I-III ангиллын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд 45500 төгрөг, IV ангиллынх бол 41000 төгрөгийн урамшуулал олгохоор болов.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 343.9 мянган га талбайд улаанбуудай тариалж, 428.6 мянган тонн ургац хураан авсан бөгөөд стандартын шаардлага хангасан 280 мянган тонн улаанбуудай нийлүүлсэн дүн гарчээ. Энэ нь дотоодын гурилын хэрэгцээг хангах хэмжээний нөөц бүрдсэн гэсэн үг юм.   

Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлыг улирал тутам дүгнэнэ

Засгийн газар 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан найман хувиар нэмсэн. Үүнтэй уялдуулан төрийн албан хаагчдыг хариуцсан ажилдаа эзэн болж, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилж байхыг шаардан ажиллаж байна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ыг хэлэлцэн баталлаа.

Одоогийн журмаар төсвийн шууд захирагчийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэж, менежерийн болон гүйцэтгэх албан хаагчийн гэрээг бүтэн жилээр дүгнэж байгаа. Үүнийг шинэ журмаар өөрчилж, хэрэгжилтийг улирал тутам, явцыг бүтэн жилээр дүгнэнэ. Ингэснээр үнэлгээ илүү бодитой болж, сайн ажилласан бол цаг тухайд нь урамшуулж, хангалтгүй бол хариуцлага тооцож байх юм.

Үүний зэрэгцээ төрийн албан хаагчдын ажлын тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшүүлэх, туршлагыг нь дээшлүүлэх, шатлан дэвшүүлэх, хөгжүүлэх, ажлын байранд сургах зэрэг боломж бүрдэж, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх хуулийн зорилт хангагдана.

Мөн хуралдаанаар “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, “Стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журам”-ыг хэлэлцэн баталлаа.

Товч мэдээ

-  Өнгөрсөн онд Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д 15550 иргэн санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргасан байна. 14557 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн дүн гарчээ. Иргэд ихэвчлэн төрийн бодлого, шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ, төсвийн талаар байр сууриа илэрхийлснээс гадна санхүүгийн дэмжлэг хүсч хандсан байна.

-  2018 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд иргэдээс 2512 өргөдөл, гомдол, санал, хүсэлт иржээ. Үүний 2408 /95,8 хувь/-ыг нь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд 10013 өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авч 9744 /97,3 хувь/-ийг нь хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ.

-  Монгол-Лаос, Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үр дүнг сайшааж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан ажиллахаар болов.

-  Мал, амьтны хяналтгүй, эмх замбараагүй шилжилт хөдөлгөөнийг хяналтад авах зорилгоор “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах журам”, “Отор, нүүдлийн зорилгоор аймаг дамжиж мал туух тууврын замын чиглэл”, “Мах бэлтгэлийн зорилгоор аймаг дамжиж туух тууврын замын чиглэл”-ийг батлав.

-   “Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Эквадор Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг”-ийг батлав. Ингэснээр хоёр улсын иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй, түүний дотор  манай иргэд Өмнөд Америкийн долоон улсад визгүй зорчих боломжтой боллоо. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tu 2019-01-24 07:28:36
    Omnoh zamiin ajlaa shalgaach tuslanguud n 20r grup tovchoonoos guitsetgelee avch chadahgui anil n uragshlahguibna
    164.0.17.252
    Мэдэгдсэн Хариулах
  • zamaan 11 sardaa bagtaagaad baribal sain 2019-01-23 10:18:53
    ene zam ch sinechleh bolson ali 1961 onii zam baih aa!!!hychtei hyrdtai ajilaasai daa!!!
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • ANHAAR ! 2019-01-23 08:57:38
    Yawgan hunii zam Duguin zam bas Nogoon baiguulamjtai baih estoi shuu Indra ta zurgaa sain bolowsruulj batluulaarai !!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Eronhii said Hurelsukhed 2019-01-23 07:59:43
    Nalaihiin zamiig dunduuraa ayulgui zuwas gargal Nars , Gazuur zereg modnuudiig dunduur ni suulgaj neg ongo uzemjteihen ZAM tawiulaarai Eronhii saidaa!!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах