Тусгай замын автобус явуулах төсөл нэгжийг тараах нь зүйтэй гэв

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.

BRT төслийн ажлын явцыг сонсов

Улаанбаатар хотын гол гудамж, замд их багтаамжийн автобусаар зорчигчдыг тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэн, хувийн тээврийн хэрэгслийн хэрэглээг бууруулах, түгжрэлийг багасгах, агаарын бохирдлыг бууруулах, хөрөнгө оруулалтын хүртээмжийг жигд хуваарилахаар  тусгай замын автобусыг үйлчилгээнд явуулахаар ажиллаж буй. Тус төслийг хэрэгжүүлэх нэгжийг 2017 оны тавдугаар сард байгуулсан юм.

Хуралдааны үеэр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү төслийн багийн үйл ажиллагааг шүүмжилж, "Төслийн баг хоёр жил ажил хийгээгүй хэрнээ цалин авсан. Уг нь энэ төслийг дэмжиж, ажлын явцыг нь түргэтгэх ёстой.Тиймээс нэгжийн ажилчдын гэрээг гурван сараар сунгана" гэсэн юм.

Чухам ямар шалтгааны улмаас төслийн ажлыг өнөөдрийг хүртэл эхлүүлээгүй, үүнд хэн буруутайг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан лавласан юм. Төслийн инженерүүд өнгөрсөн оны зургадугаар сард эхний ажлыг эхлүүлсэн боловч сонгон шалгаруулалтын улмаас удааширсан хэмээн тайлбарлав. Мөн Төслийг удирдах хорооны  бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь ч ажил удааширсантай холбоотой гэсэн юм.

Тэргүүлэгч Д.Мөнхжаргал төслийн танилцуулгыг сонсоод "Ажил эхлүүлэх боломж бий, эсэхийг судлаад боломжгүй бол зогсоох хэрэгтэй" гэсэн юм. Хуралдааны үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан "Төслийн нэгж чадамжгүйн улмаас гадаад, дотоодын санхүүжүүлэгч байгууллагын өмнө нэр нүүрээ барж байна. Нийтдээ 270 сая ам.долларын зээлийн эрх нээлгэчихээд өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй байна. Гэсэн хэрнээ жилд 400 мянган ам.долларын цалин авч байгаа. Төслийн удирдах хороо байгуулах шаардлагатай гэсний дагуу баталж өгсөн. Гэтэл таван сар өнгөрчихөөд байхад үр дүн алга. Хариуцсан ажлаа хийж чадахгүй бол өргөдлөө өгөх хэрэгтэй. Нийслэлийн ИТХ-ын Ажлын алба төслийн нэгжийн ажилтан албан хаагчид болон гадаад дотоодын байгууллагын төлөөлөлтэй уулзаж, цааш үргэлжлүүлэх боломжтой, эсэхийг судал" гэсэн юм.

Хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдийг дэмжинэ

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан фермер эрхлэгчид, тариаланчдыг нийслэлийн  ИТХ-ын Тэргүүлэгчдийн  журмын дагуу шагнаж, урамшуулдаг уламжлалтай. Энэ ажлын хүрээнд Тэргүүлэгчдийн хуралдаанаар  “Нийслэлийн тэргүүний фермер”, “Нийслэлийн тэргүүний тариаланч”-ийн шалгуур үзүүлэлтийг хангасан есөн фермер, хоёр тариаланчийг урамшуулахаар болов.  

"Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох нь зүйтэй"

Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслээс Авто замын тухай хуулийн 21 дүгээр заалтыг үндэслэн 2015 оноос авто зам ашигласны төлбөр авч эхэлсэн билээ. Өдгөө нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч авто зам ашигласны төлбөрт 10-60 мянган төгрөг төлж буй. Харин орон нутагт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх товчоогоор нийслэл рүү орохдоо 1000-5000 төгрөг төлж эхэлсэн юм.

Гэвч Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулсан тул төлбөр авах замын чиглэл, хувь хэмжээг орон нутгийн Засаг дарга бус, ИТХ-аас тогтоох болсон. Тиймээс 2015 онд гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийг хуульд нийцүүлэх өөрчлөх шаардлага гарчээ. Холбогдох албаныхан төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээгээр нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлахаар Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлсэн юм. Тэргүүлэгчид уг асуудлыг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхийг дэмжсэн юм. Ингэхдээ төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагатайг хэлсэн.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал жилээс жилд нэмэгдэж буй тул автомашины зохистой хэрэглээг нэвтрүүлэхийн тулд зам ашигласны төлбөрт өөрчлөлт оруулах нь зөв гэж Тэргүүлэгчид үзэж буй. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүүгийн хэлж буйгаар төлбөрийн хэмжээг нэмэх боломжтой гэнэ. "Орон нутгаас нийслэл рүү зорчигч тээвэрлэж буй бага, дунд, том оврын автобус шалган нэвтрүүлэх товчоогоор орохдоо хураамж төлдөггүй. Орон нутгаас нийслэлд ирж буй хүмүүсийг нийтийн тээврээр үйлчлүүлж, төлбөр хураамжийг давхардуулахгүй байхаар уг зохицуулалтыг хийсэн. Гэтэл өнөөдө үр дүн авчрахгүй байна. Үүнийг болиулах хэрэгтэй" гэж олонх Тэргүүлэгч санал нэгдсэн. Тиймээс Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт төлбөрийн хувь хэмжээг өөрчлөх судалгаа хийж, танилцуулах үүрэг өгөв.

Олон нийтийн цагдаа ажиллуулснаар автобусны зорчих хурд нэмэгджээ

Мөн энэ удаагийн хуралдаанаар "Минж нутагшуулах төслийн нэгж"-ийн бүтэц орон тоонд өөрчлөлт оруулахгүйгээр нийслэлийн Байгаль орчны газарт нэгтгэх асуудлыг хэлэлцэн, дэмжив. Тус нэгж нь төсвөөс жилд 340 сая төгрөгийн татаас авдаг ажээ. Ийнхүү нэгтгэснээр төсвийн зарлагын үр дүнг дээшлүүлж, зарим ажлын давхардлыг арилгаж буй давуу талтай. Түүнчлэн олон нийтийн цагдаа нарыг энэ оныг дуустал хөдөлгөөний хэв журам сахиулах ажилд үргэлжлүүлэн ажиллуулах тогтоол батлав. Өнгөрсөн оны долдугаар сараас авто замын ачааллыг бууруулах чиглэлээр олон нийтийн цагдаа нарыг ажиллуулж эхэлсэн. Үр дүнд нь хөдөлгөөний ачаалал буурч, Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчиж буй автобусны хурд нэмэгджээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.