Н.Ургамалсувд: 9.7 хувийн инфляцийн 5.4 нэгж хувийг гурван төрлийн бүтээгдэхүүн бүрдүүлсэн

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувдтай ярилцлаа.

-Энэ онд цалингийн өсөлт болон төсвийн зардалтай холбоотойгоор инфляци өсөх хүлээлттэй байгаа талаар Монголбанкны тайланд дурдсан байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

-Цалингийн өсөлттэй холбоотойгоор эрэлтийн шалтгаантай инфляци өсөхөөр хүлээгдэж байгаа. Харин нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн өсөлтийг бид харьцангуй бага байхаар төсөөлж байсан боловч нэлээд өслөө. Тухайлбал, 12 дугаар сард Улаанбаатар хотын инфляци 9.7 хувьтай гарсан. Үүний дийлэнх хувийг гуравхан нэр төрлийн бараа тайлбарлаж байгаа. Хамгийн их буюу 2.4 нэгж хувийг нь хатуу түлшний үнийн өсөлт тайлбарлаж байна. Мөн махны үнэ нэлээд өссөнөөр, нийт өсөлтийн 1.7 нэгж хувийг тайлбарлаж байна. Түүнчлэн шатахууны үнэ нийт өсөлтийн 1.3 нэгж хувийг тайлбарлаж байгаа юм.

Ингээд тооцвол гуравхан нэр төрлийн бараа Улаанбаатар хотын нийт 9.7 хувийн инфляцийн 5.4 нэгж хувийг бүрдүүллээ. Тэгэхээр мөнгөний бодлогоор нийлүүлэлтийн шалтгаантай инфляцид хариу үйлдэл үзүүлэх үү, үгүй юу гэдгийг ирэх гуравдугаар сард болох мөнгөний бодлогын хорооны хурлаар шийдвэрлэнэ. Үүний тулд эхлээд инфляцийн төсөөллөө шинэчлэх ёстой. Эрэлтийн шалтгаантай инфляцийн төсөөллийг гаргахын тулд бидэнд нийт эрэлтийг хэмждэг ДНБ-ий өсөлтийн гүйцэтгэл 2018 оны эцсийн байдлаар гарсан байх шаардлагатай. Дараа нь эрэлтийн шалтгаантай инфляцийг хэмжих боломжтой болно. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн тухайд ялангуяа шатахуун, махны үнэ бидний хүлээлтээс давж өсөөд байгаа. Тухайлбал, махны үнэ сар орчмын өмнөхтэй харьцуулахад бидний төсөөлж байснаас 13 нэгж хувиар давж өсөөд байна. Хатуу түлшний үнэ өнгөрсөн онд хамгийн өндөр буюу 65 хувиар өссөн байгаа. Энэ бол өмнө нь гарч байгаагүй үзүүлэлт.

-Улаанбаатар хотын инфляци хоёр оронтой тоо руу ойртож байгаа учраас мэдээж тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байх. Яг ямар арга хэмжээ авах боломжтой вэ?

-Нийлүүлэлтийн шалтгаантай инфляци үүсэхэд тухайн шалтгаан түр зуурын шинжтэй байна уу, эсвэл байнгын шинжтэй байна уу гэдгийг бид шинжилдэг. Тэгэхээр хатуу түлшний хувьд маш өндөр хувиар өсч, инфляцийн өсөлтийн хамгийн их хувийг тайлбарласан. Яагаад өссөн бэ гэдэг шалтгааныг харахаар Засгийн газраас түүхий нүүрсийг хэрэглэхгүй байх, Улаанбаатар хотод оруулж ирэхгүй байх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор ард иргэд түүхий нүүрсний нөөц бүрдүүлж эхэлсэн гэж бид таамаглаж байгаа. Тэгэхээр хатуу түлшний үнэ эргээд төдийлөн буурахгүй байх эрсдэлтэй байна. Махны үнэ бас өсч байгаа. Үүнд цагаан сарын нөлөө бий. Өөрөөр хэлбэл, цагаан сарын үеэр махны эрэлт нэмэгддэг. Үүнээс гадна махны экспортын нөлөө байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ-д наймдугаар сараас эхлэн гахайн ханиад гарсан, үүний цар хүрээ нь нэмэгдэж байгаа. Одоогийн байдлаар 22 муж улсад нь гарчихаад байна. Тэгэхээр Хятадын зүгээс мах импортлох эрэлт нэмэгдэж байгаа. Энэ маань манай дотоодын үнэд нөлөөлөх эрсдэлтэй байна. Махны үнийг цаашид тогтворжуулахад Засгийн газар, холбогдох яамны зүгээс махны экспортод тодорхой зохицуулалт хийх шаардлагатай. Мөн нөөцийн махыг бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. 

-Цаг үеийн нөлөөллийг авч үзвэл та цагаан сарын нөлөөллийг дурдлаа. Үүнээс гадна томуугийн дэгдэлт тодорхой хэмжээнд нөлөөлөл үзүүлж байх шиг байна. Иймэрхүү нөлөөллийг хэрхэх вэ?  

-Сая дурдсан гурван бүтээгдэхүүнээс гадна хувцас, эм тариа, сүү, сүүн бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцид нөлөөлсөн. Эмийн тухайд мэдээж, хүйтний улиралд ханиад, томуу их гарч байгаатай холбоотойгоор үнэ нь өссөн байх. Эмийн бүтээгдэхүүний үнэ жилдээ хоёр удаа өсөх хандлагатай байдаг. Тэгэхээр өвөл өсдөг өсөлтөөрөө явсан. Харин сүү, сүүн бүтээгдэхүүний хувьд улирлын шинж чанартай нийлүүлэлт буурсантай холбоотойгоор үнэ нь өссөн.

-Дотоодын банкуудын дунд хийсэн түүвэр судалгаагаар энэ оны эцэст инфляци 7.6 хувьтай гарна гэсэн хүлээлт байна. Энэ тоо хэр бодитой байх бол?

-Бид өнгөрсөн 11 дүгээр сард хамгийн сүүлийн төсөөллөө хийсэн байгаа. Тэр төсөөллөөр оны эцсийн инфляци найм гаруй хувьтай байхаар байсан. Нэг, хоёрдугаар улиралд инфляци төдийлөн буурахгүй. Яагаад гэвэл махны үнийн бууралт инфляцид нэлээд хүчтэй нөлөөлнө. Тэгэхээр махны үнэ хэзээ буурдаг вэ гэхээр нойтон махны нийлүүлэлт нэмэгдсэн үед буурдаг. Тэгэхээр хэрвээ зуншлага сайн байвал тавдугаар сараас л нойтон махны нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн үг. Хэрвээ зуншлага муу байвал долоодугаар сараас л нэмэгдэх боломжтой. Тэгэхээр бид өнгөрсөн оны эцэст энэ оны инфляцийг төсөөлөхдөө 8 орчим хувьтай байна гэж үзэж байсан. Гэвч үүн дээр нэг шинэ хүчин зүйл нэмэгдэж байгаа нь юу гэхээр махны экспортын эрэлт нэмэгдээд байна. Манай улсын мал аж ахуйн салбарын онцлог гэвэл жилийн дөрвөн улирлын туршид мах нядалгааг хийх боломжгүй байдаг. Өвөл малын тарга тэвээрэг маш бага байдаг. Тийм болохоор хавар мал нядалгаа хийдэггүй. Тийм ч учраас зунаас эхлэн нойтон махны нийлүүлэлт нэмэгддэг. Тэр хүртэл махны үнийн бууралт ажиглагдахгүй байх магадлалтай. Тэгэхээр Засгийн газрын хувьд нөөцийн махны бүрдүүлэлтэд анхаарахаас гадна махны экспорт дээр тодорхой зохицуулалт, квот тогтоох шаардлагатай. Яагаад гэвэл зун нойтон махны нийлүүлэлт нэмэгдсэн ч гэсэн экспортын эрэлтийг хангаж чадахааргүй байна. Өөрөөр хэлбэл, манай улсын хувьд нойтон махны нийлүүлэлт нэмэгдэх хугацаа нь ердөө зуны гурван сар л гэсэн үг. Тийм учраас махны экспортын бодлогоо тэр хугацаатай уялдуулж хийхгүй бол махны үнэ цаашид ч өсөх эрсдэл байна. 

-Бид богино хугацааны төсөөллийг ихэвчлэн ярилаа. Тэгвэл инфляцийн урт хугацааны төсөөлөл ямар байх бол. Урт хугацаанд инфляцийг тогтвортой байлгахад бодлогын ямар шийдэл хэрэгтэй вэ?

-Бид маш богино буюу ирэх хоёроос гурван улирлын инфляцийн төсөөллийг гаргахад жишээ нь махны экспортын бодлогод ямар өөрчлөлт гарах вэ. Махны нөөц бүрдүүлэх бодлогод ямар өөрчлөлт орох вэ гэдэг нь хамгийн чухал байдаг. Төв банк мөнгөний бодлогын шийдвэрийг гаргахдаа улирал тутам мэдээллээ шинэчилж, төсөөллөө өөрчилж байдаг. Төсөөллийг шинэчлэх явцад суурь хүчин зүйлүүдээс гадна бодлогын зохицуулалтуудын нөлөө ороод ирэхээр их хүндрэл учруулдаг. Тэгэхээр манай Засгийн газар, бодлогын яамнаас ийм түвшинд нөөцөө бүрдүүлж чадвал, эсвэл экспортын квотыг ийм түвшинд барьж чадвал инфляци ингэж өөрчлөгдөнө гэдэг байдлаар л төсөөллийг хийж байгаа юм. Тэгэхээр инфляцийн төсөөллийн тодорхой бус байдал ирэх хоёр, гурван улиралд ихээхэн нэмэгдэх магадлалтай байна.

-Мөнгөний бодлогын шийдвэрийн хэрэгжилт дээр төв банк одоогийн байдлаар хэр сэтгэл хангалуун байгаа вэ. Ерөнхийдөө бодлогын шийдвэр зургаан сарын дараагаас зах зээлд нөлөөллөө үзүүлдэг гэдэг шүү дээ?

-Мөнгөний бодлогын шийдвэр нэг жилээс дээш хугацаанд эдийн засгийн бодит секторт нөлөөллөө үзүүлж эхэлдэг. Тэр нөлөөлөл дуусах хугацаа нь гурван жил хүртэл үргэлжилж байгаа юм. 2018 онд гаргасан шийдвэрүүдийн  нөлөөлөл голчлон 2019-2020 онд гарч байгаа.  Тийм ч учраас бид Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцийн зорилтоо гурван жилээр тавьж өгдөг. Тэгэхгүй бол бидний бодлогын зорилтын үр дүн гараагүй байхад, өөр бодлогын зорилт тавигдах магадлалтай. Энэ нь бодлогын нийцгүй байдлыг үүсгэнэ шүү дээ. Тэгэхээр Мөнгөний бодлогын нөлөөлөл, бодлогын хэрэгжилтийн уялдаа, бодлогын төлөвлөлт, шийдвэр гаргалтын процесс, түүний хэрэгжилтийн нийцтэй байдлыг хангахын тулд мөнгөний бодлогын зорилтыг зайлшгүй гурван жилээр төлөвлөх шаардлагатай юм. Тэгэхээр өнгөрсөн оны бодлогын шийдвэрүүдийн нөлөөлөл энэ оноос гарч эхэлнэ.

-Ярилцсанд баярлалаа.


Эх сурвалж: Монголбанк

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.