Хогны уут өөрөө 60 жилийн настай хог
Хогны уут өөрөө хог болно. Хог болсоор ч байна. Гялгар уут нь байгаль дээр 60 жил амьдрах чадвартай хог юм. Өнгөрсөн жил 3 тэрбум төгрөгөөр хогийн уут хийсэн бол энэ жил 4,5 тэрбум болгоод өсгөөд оруулаад ирсэн ч эсэргүүцэлтэй тулгарсны хүчинд 2,7 тэрбумаар баталсан. Нийтдээ төсвийн 5,7 тэрбум төгрөгөөр 60 жилийн настай хог хийж байна.

Нийслэлийн хэмжээнд 340 мянган өрх айл байдаг гэсэн статистик бий. Гэр хороололд 60.6 хувь нь, орон сууцанд 39.4 хувь нь амьдарч байна. Гэр хорооллын айлуудаас нэгдүгээрт үнс, хоёрдугаарт ахуйн чанартай шингэн хог (халуун) ихээр гардаг. Үүнийг хогийн ногоон уутанд хийх ямар ч боломжгүй байдаг тухай гэр хорооллоор явж газар дээрээс нь мэдэж авлаа. Тэгвэл орон сууцны айлуудын 80 гаруй хувь нь хүнсээ авахдаа дэлгүүр, супермаркетаас хогоо хийх ууттай болчихдог байна. Ингэхээр бодит амьдрал дээр хогийн ногоон уутны хэрэгцээ алга. Манай хэсгийн ахлагч “Хэрэгцээгүй байсан ч хэрэглэ, хэрэглэхгүй бол торгоно гэж айлгасан шүү хүү минь” хэмээн нэгэн эмээ аминчлан ярив. Үнэхээр торгох шийтгэл байгаа юм байна. Хэрэглээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэн торгох гэнэ. Ардчилсан нийгэмд албадлага хэрэглэх нь хүчин.

Би ч гэсэн хоггүй цэвэрхэн хотод амьдрахыг мөрөөддөг залуу хүн. Уут тарааж хогтой тэмцэх биш хог хаях сэтгэлзүйтэй тэмцэх нь чухал. Сэтгэлгээг өөрчлөхгүйгээр нийгмийг өөрчлөх боломжгүй байдаг. Тавхан алхамын цаана хогийн сав байхад л залхуураад хогоо гудманд хаядаг, том жийпнүүд цонхоо онгойлгоод хогоо чулуудчихдаг байдлаа л хамгийн эхлээд засах ёстой. Машин нь тоосгүй ч тархи нь тоостой нөхдүүдийн тоосыг соруулах хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орны залуучуудын сэтгэхүйд гудманд хог хаяг, ер нь хог хаяна гэдэг ойлголт байхгүй, “Хогоо хогийн саванд хийнэ” л гэдэг ганцхан ойлголттой. Бид ч ийм л ганц ойлголтой болох хэрэгтэй. 1945 оны “Матар” сэтгүүлд нус цэр, хогоо хамаагүй хаяхгүй байх, олны дунд хамраа ухахгүй байхыг сануулсан соёлын довтолгоо хошин хэлбэрээр явж иржээ. Тэр цагаас хойш 70 жил өнгөрчихөөд байхад бид асуудлаа шийдэж чадаагүй л байна. Солонгос айл бүр хогоо уутанд хийж хаядаг ч түүнийгээ худалдаж авдаг. Америк айлуудын гадаа хогны сав байх бөгөөд хогоо төрөлжүүлээд хийчихдэг. Франц улс манай ногоон уутыг дуурайсан гэж хотын мэр санаатай хэлсэн үү, санамсаргүй алдсан уу ямар ч байсан олон зуун жилийн суурин иргэншилтэй Парис хот нүүдэлчин манайхаас дуурайсан гэвэл онигоо болох биз ээ.

Төсвийн 5,7 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотод нэн тэргүүнд шаардлагатай байгаа дараах зүйлийг шийдэх боломжтой. Монгол улс хүнээ өсгөх бодлого баримталдаг ч хүүхдүүдээ асрах цэцэрлэг, төрөх, эмчлэх эмнэлэг нэн хүрэлцээгүй байна.

Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас нийслэлд 90-100 мянган хүүхэд гэртээ цоожлуулан үлдэж байна. Тэд бусдын адил цэцэрлэгт явах эрхтэй. Аав, ээж, ах эгч хэн нэгэн нь тэднийг гэртээ сууж асрах болдог учраас ажил хийх боломжгүй болдог. Гэртээ үлдэж буй хүүхдийн тоотой тэнцүү ажилгүйчүүд нийгэмд бий болж байна гэсэн санаа. Тэгвэл 5,7 тэрбум төгрөгөөр гэртээ үлдэж байгаа 3000 хүүхдийг цэцэрлэгт явуулах боломж бүрдэх байв. Хүүхэд харах үйлчилгээ хэлбэрээр шийдчихвэл үүнээс ч олон мянган хүүхэд цэцэрлэгт явж, тэднийг харж буй эцэг эхчүүд ажил хийх боломж бүрдэх байв. Цэцэрлэгт явдаг нэг хүүхдэд улс жилд 1.2-1.4 сая төгрөг зарцуулдаг хэрнээ явж чадахгүй байгаад нь нэг ч төгрөг өгдөггүй.



Хүүхдийн эмнэлэг манай улсад нэн ховорт тооцогддог. Байгаа хэд нь ачааллаа дийлэхгүй, маш хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Мөнгөгүй л бол эмнэлэгийн тусламж авч чадахгүйд хүрч байгаа нь нууц биш. Тэгвэл хогны тэрбумуудаар дор хаяж 250 ортой хүүхдийн эмнэлэгтэй болчих боломж байв. Доорх зураг тайлбаргүйгээр та бүхэнд үнэнийг хэлнэ.

Өөрийн твиттер (@munkhjargal_j) хуудсаар дамжуулан 3 дугаарын сарын 18-ны өдөр “Хогны уут өөрөө хог болсоор, Хогны уут хийж буй тэрбумуудаар хүүхдийн эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг барья” жиргээг одоогийн байдлаар 300 хүн дэмжиж RT, FAV дарсан байна.

Санал асуулга нэрээр хогны ногоон уутыг үргэлжлүүлэн тараах тухай шийдвэр гаргалаа. Энэ санал асуулгад маш олон хүн эргэлзэж байгаа. Надаас санал аваагүй, саналаа өгсөн ч дэмжээгүй гэх нь дийлэнх олонх байгааг анзаарсан бичээч би өөрийн 5000 найзтай файсбүүк хуудас, 4000 дагагчтай твиттерээр дамжуулан нээлттэй, ил тод судалгаа авлаа. 9000 гэдэг тоо бага мэт боловч дахин жиргээ хийсэн тоог харвал давхардсан тоогоор 200 мянган хүнд хүрчээ. “Санал асуулгад оролцсон 300 хүний 87 хувь нь надаас хогийн уутыг үргэлжлүүлэн тараах тухай санал асуулга аваагүй гэсэн бол санал асуулгад оролцсон гэж хариулсан хүмүүсийн 94,5 хувь нь тараахыг дэмжээгүй гэсэн хариултыг өгчээ” Бодит байдал үүнтэй хол зөрөхгүй байгаа гэдэгт бат итгэлтэй байна.

Энэ оныг салбарын яам нь эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан байна. Төр засаг хогны уут хийх мөнгөөрөө ирээдүйгээ дэмжвэл маш олон хүн баярлах болно. Талархан хүлээн авах болно. Хоёрхон сарын дотор л монгол улсын иргэн 14 мянгаар нэмэгдэж байхад хүүхдийн эмнэлэг, цэцэрлэгийн асуудал хойшид улам л тулгамдсан асуудал болно. Тулгамдсан асуудлаа түрүүлээд шийдчихмээр байна Хотын даргаа!

Улс төр судлаач Ж.Мөнхжаргал @munkhjargal_j
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tsengelmaa 2015-05-19 03:07:18
    ih sonin ym aa yagaad ingev
  • энхээ 2014-12-06 09:13:26
    хогны уутаар бизнес хийдэг Батүүл болимоор ба өөрийнхөө хөрөнгөө аривжуулж бгаа юм хог даахгүй уутаар яадаг юм ард түмэнд хог хийх уут олдно,
  • zochin 2014-05-09 05:38:35
    ulaanbaatar hotod hog haygdal asuudal bolchood eniig shinechleliin zasgiinhan busad ornii shildeg turshlagaar shiideh gej hognii uut vnegvi taraaj ylgan angilaj surgahaar ajillaj baigaag er ne ene setgvvlch oilgoj bna uu hen negnii zahialgaar iim nowshiin