Шанхай хотод консулын газар нээж ажиллуулна
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл-ийг хэлэлцэв. Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх саналаа хятадын талд дипломат шугамаар тавьж, урьдчилсан байдлаар зөвшөөрсөн хариу аваад байгаа аж.
Монгол Улсын гадаад харилцаа улам өргөжин хөгжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн эдгээр улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигдаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, аялал жуулчлалын төв болсон, 700 орчим монгол оюутнууд суралцдаг Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх шаардлагатай байгаа аж.
Дэлхийн хамгийн их хүн амтай хотын нэгд тооцогддог Шанхай хот нь БНХАУ-ын төв Засгийн газарт шууд харьяалагддаг 4 хотын нэг бөгөөд БНХАУ төдийгүй бүс нутаг, олон улсын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, далайн тээврийн төв, Хятадын Засгийн газраас далайн эргийн нээлттэй бүс хэмээн зарласан эх газрын өндөр хөгжилтэй хот юм. Шанхай хот 25 сая оршин суугчтай, хүн амынхаа тоогоор Хятадад нэгдүгээрт, дэлхийд тавдугаарт эрэмбэлэгддэг аж.
БНХАУ-д зорчиж буй гадаадын жуулчдын дийлэнх нь, мөн олон улсын үзэсгэлэн яармагт оролцох зорилгоор гадаадын олон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчид Шанхай хотод зочилдог тул тус хотод гадаадын 70 гаруй улсын Ерөнхий консулын газар байрлаж, өөрийн орны иргэдийн эрх ашгийг хамгаалах, үзэсгэлэн яармагт оролцоход нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн судалгаа хийх, дамжин өнгөрөх тээврийн харилцааг хөгжүүлэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэдэг байна.
Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг шинээр нээснээр тус хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятадын болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж нээгдэх юм байна.
Шанхай хот дахь Ерөнхий консулын газрыг 3 орон тоотой байхаар төлөвлөж, тус газрыг нээх, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой зардлыг 2019 оны төсөвт суулгаж, батлуулсан гэдгийг сайд тодотголоо.
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжив.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.