Д.Чойжамц: Ахмадуудад ээлтэй, залууст дундаж, нялхаст тааруу жил болно
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.

Д.Чойжамц “Монголчуудын хамгийн их хүндэтгэлтэй ханддаг баяруудын нэг сар шинийн баяр болж байна. Гарч буй XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн мэндийг та бүхэндээ дэвшүүлье.

Бидний цагаан сар бол Монголын уламжлал, соёл, тусгаар тогтносон Азийн цээжин дээр ийм нэгэн сайхан улс байдаг гэдгийг илтгэсэн сайхан баяр юм. Цагаан сарыг олон зууны турш тэмдэглэж ирсэн. Биднийг өөрийн гэсэн соёлтой, уламжлал болсон зан заншилтай улс гэдгийг илтгэн харуулдаг, түүхийг сануулдаг сайхан баяр. Өөрөөр хэлбэл, цагаан сар түүхийн эх сурвалж.

Шороон урвуулагч гахай жил гарч байна. Энэ жилд орчлон ертөнцийн хөдөлгөөн, одон гаригийн хоорондын харилцаа холбоо, хүмүүс, сав шимийн ертөнцийн хоорондын шүтэн барилдлагын холбоогоор Азийн ард түмэн зурхай зурж, жил сар хүмүүсийн аж амьдралын төлөв байдлыг зурдаг уламжлалтай.

Зурхай нь Арабаас гаралтай, Энэтхэгээр дамжин Монголд ирсэн уламжлал юм. Үүнийг мухар сүсэг эсвэл хүний зохиол мэтээр ойлгож болохгүй. Энэ бол хүн төрөлхтөний одон гаригийг танин мэдэж, тэдний шүтэн барилдлагыг холбоог мэдэх гэж оролдож, судлаж шинжилсний үндсэн дээр тоон үзүүлэлтээр хүний амьдрал ахуй, байгаль дэлхийн өөрчлөлтийг зурдаг явдал юм.

Энэ жилийн зурхайд шинэ жилдээ хэд хэдэн юмыг анхааруулан сануулсан байна. Шим ертөнц буюу хүн талаасаа ахмадуудад ээлтэй, залууст дундаж буюу сайн талруугаа, нялхаст тааруу жил болно. Нялхас гэдгийг би хоёр янзаар ойлгож байгаа. 

Нялхас гэдэг нь хуучин хэлээр нэг талаар нялх хүүхдийг хэлдэг бол нөгөө талаар аливааг өөрийн толгойгоор боддоггүй, бодлогогүй, хүнийг даган дуурайж, юу руу ч хамаагүй ордог хүнийг нялхас гэж нэрийддэг.

Иймд энэ жил өөрийн бодол сэтгэлтэй, үнэн үү зөв үү, буруу зөвийг магадлаж, шинэжилж явбал сайхан амьдрах юм болов уу гэж бодогдсон. Учир нь энэ нийгэм гэдэг урагшаа ахиж, дэвшиж байж бидний амьдрал сайн, сайхан болдог учиртай.

Буруу зөвийг ялгалгүй, хаашаа хамаагүй давхиад байвал энэ нийгэм, хүн ард минь юунд ч орж болох ийм гачаал байдаг. Тиймээс үнэн зөвийг ул суурьтай, мэдлэгийн үндсэн дээр дүгнэж, эрдэмтэн мэргэдийгээ дагаж үнэн бодит чиглэлийг авч цаашаа хөгжих учиртай юм.

Дээрээс нь цаг агаарын хувьд энэ жил хур бороо элбэгтэй боловч мөндрөөс болгоомжил гэсэн байна.

Газар тариалангийн орнууд, ялангуяа малчид нилээд анхаарч байхад гэмгүй. Ер нь олон жилийн магадлалаа харахад нилээд дөхүү байдаг шүү дээ.

Засаг төрийн хувьд дээд талаар жаахан хямралтай байна. Хямрал гэдэг эв зохицол алдах хэрэг шүү дээ. Бид үүнийг сэтгэл зүрхэндээ бодож, ийм зүйл болохгүйн төлөө зүтгэх ёстой, зурхай гэдэг хувьсан өөрчлөгддөг шинж чанартай учраас бие биетэйгээ зохицож, найрсаж, эвлэн байж, үнэн зөвөө олж яваасай.

Үүн дээр хоёр зүйл бодогдож байгаагийн нэг нь ёс зүй гэдэг зүйл манай нийгэмд гарцаагүй хэрэгтэй болсон. Тэр ёс зүйг баримтлахгүйгээр нийгэм урагшлахгүй байна гэдэг ил болж. Ардчилал эрх чөлөөг буруу ойлгож, юуг ч хийж болдог мэтээр бодож буй нь нийгмийг ихээхэн бужигнаантай болгодог шиг. Тиймээс ёс зүйг ихээхэн дээдлэн, хуулиа сайн дээдлэж, хов хоч, янз бүрийн харлуулсан зүйлд итгэхээсээ илүүтэй хуулиа дээдлээсэй.

Хуулиа сайн сахь. Хууль эрхзүйт төртөй улс гэдгээ санаарай. Хоорондоо хов живээр ярих биш, ёсзүйтэй ярьж ойлгооцдог байгаасай.

Урвуулагч гахай жил гэхээр хүмүүс жаахан цэрвээд байх шиг. Энэ бол муу нэр биш юмаа. Ёгт нэр. Урвуулна гэхээр хааш нь ч урвуулж болохыг хэлнэ. Жишээлбэл, саараас сайн руу урвуулж болно доо.

Тиймээс энэ үгэн дээрээс амьдралаа сайн сайхнаар авч явж болно гэдэг утга харагдаж буй. Аливаа зүйл шүтэн барилдлагын хүчин дээр оршин тогтнодог болохоос хэзээ ч хөдлөшгүй гэдэг зүйл атом молекул, эд эсээс бүтсэн ертөнцөд байхгүй, байнгын хувьсалд байдаг учир сайнд урвуулж болно. Ямар сайн сайхан зүйлийн үр тарина түүнийгээ л хүртэж авна шүү дээ.

Зурхай яаж зурагдсан ч бурхны шашинд яригддаг үйлийн үрээр өнгөрсөн үедээ ямар сайн сайхан зүйл хийсэн, ямар муу муухайг хийсэн түүнийхээ үрийг л амсдаг шүү дээ.

Тиймээс урд талын жилүүдэд олон сайхан зүйл бүтээн бий болгосон тул түүн дээрээ суурилж сайн зүйл дээр суурилж, сайн сайхан зүйлээ авч урагшилбал энэ жил сайхан л болно. Бурхан багшаа шүтэж, өөрийнхөө итгэл сүсэг бишрэлээр буянаа хурааж, жаргалтай сайхан амьдраарай" гэлээ.
 
О.Гэрэлт
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen  2019-01-31 15:03:35
    Gutsaa guts
    182.160.36.193
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-31 10:14:22
    Нусаан гоожуулдаг хамбын худал үнэнийг цаг хугацаа харуулна. Хүлээх л үлдлээ
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-31 09:26:39
    Гахай жил залхуу хойрог, шудрага бусд халтай жил байх болов уу.
    139.5.216.157
    Мэдэгдсэн Хариулах
  • мнгл 2019-01-31 09:09:52
    дүрэндээ итэгцсэн гар
    124.158.107.35
    Мэдэгдсэн Хариулах