УИХ-ын шинэ дарга тодорч, салбарын сайдуудыг томилсон долоо хоног

Нохой жилийн сүүл гахай жилийн тэргүүнд улстөрийн хүрээнд нэлээн өөрчлөлт шинэчлэл, үйл явдал өрнөж дуусав.

Тухайлбал, УИХ-ыг шинэ дарга удирдахаар болж, хоёр яамны сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, орных нь сайдыг томилов. УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар тушаал дэвшиж, өөрийнх нь албан тушаалын халааг гишүүн Л.Оюун-Эрдэнэ “өвлөж” авав.


Мөн эрүүгийн хэрэгт холбогдсон Д.Дорлигжавыг батлан даалтад гаргасан бол нийгмийн хүрээнд нэлээд ноцтой хэдэн үйл явдал болсны нэг нь алба хааж байсан цэрэг хил давж амиа алдсан золгүй явдал байлаа.

Ингээд нохой жилийн сүүлчийн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Намрын чуулган хаалтаа хийв



УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган өчигдөр /2019.02.02/ хаалтаа хийлээ.

Намрын чуулганы ажлыг дүгнэж, УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын чуулган олон улсын парламентын дэвшилтэт зохион байгуулалтыг нэвтрүүлэн ажиллаж байна. УИХ-ын ээлжит чуулган завсарлах нь амралт биш юм. Монгол Улсын Их хурал байнгын ажиллагаатай. Тодорхой хугацаанд чуулж, завсарлаж байх Үндсэн хуулийн зохицуулалттай. Тиймээс чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Монгол Улсын хууль тогтоомжийг тайлбарлан таниулж ажиллах үүрэгтэй. Мөн ажлын хэсгүүд ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудад сайтар бэлтгэх хэрэгтэй” хэмээгээд “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болно” гэсэн юм.

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган ажлын 88 өдөр чуулж, бие даасан 5 хууль баталж, 25 хуульд нэмэлт өөрчлөлт оруулуулж, 13 зээлийн гэрээ хэлэлцээр соёрхон баталж, 3 хуулийг хүчингүйд тооцож, нийт 46 хууль, УИХ-ын тогтоол хэлэлцэн, баталж ажилласан байна.

Харин улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан 9 удаагийн чуулган тасалдсан ч шаардлагатай хуулиудыг хугацаанд нь хэлэлцэн, баталж ажиллажээ.

УИХ-ыг Г.Занданшатар удирдана




Улс орныг, ард түмэнтэй нь удтал чилээлгэж хүлээлгэсэн УИХ-ын дарга М.Энхболд албан суудлаасаа бууж, ажлаа хүлээлгэн өгсөн онцгой үйл явдалтай долоо хоног байлаа.

Ингээд өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын шинэ даргаар томилох асуудлыг хэлэлцэв. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулав. Санал хураалтад 75 гишүүнээс 63 нь оролцож, 60 гишүүн буюу 95.2 хувийн саналаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг дэмжсэн.

Мөн Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолыг 96.9 хувь нь дэмжиж, түүнд УИХ-ын тамга тэмдгийг дэд дарга Л.Энх-Амгалан гардуулан өглөө.

Шинэхэн дарга Г.Занданшатар "Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна. Ард түмэн энэхүү эрх мэдлээ сонгосон төлөөлөгч, гишүүдээрээ дамжуулж эдлэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд тусгасан. Иймээс та бид ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, дуу хоолойг илэрхийлэгч элч төлөөлөгч нь байх Үндсэн хуулийн суруь зарчмыг дагаж мөрдөх учиртай. Дараах гурван асуудалд анхаарал тавина.

Шударга бус байдал, хуулийн хэрэгжилтийг хангах талаар хяналт шалгалтын дэд хороо байгуулах ажлыг дэмжиж ажиллана. Парламентын засаглал, ардчиллыг хэрэгжүүлэхийн төлөө гишүүдтэйгээ хамтран ажиллах болно" хэмээв.

Сайдуудыг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Б.Энх-Амгаланг томилох асуудлыг хэлэлцэв.

Томилгооны саналаар гишүүдийн 71.2 хувь дэмжсэн юм. Ингээд  УИХ-ын гишүүн  Б.Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдад  дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 96.7 хувь нь дэмжсэнээр  Зам, тээврийн хөгжлийн сайдаар Б.Энх-Амгалан томилогдлоо.
 
Мөн УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ё.Баатарбилэгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилов.
 
ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг томилов




УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томиллоо.

Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар томилогдсонд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, шинэ даргад тамгыг нь гардуулан өглөө.

Мөн Ерөнхий сайд шинээр томилогдсон сайд нартаа баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Д.Дорлигжавыг батлан даалтад гаргалаа

Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарт холбогдох хэргийг өнгөрсөн сард  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, шүүгдэгчдийг тус бүр нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн.

Харин Нийслэлийн прокурорын газраас Д.Дорлигжав нарыг үргэжлүүлэн цагдан хорих санал шүүхэд ирсэн юм. 
Энэ дагуу үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнгөрсөн баасан гарагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс Д.Дорлигжав нарыг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан байна.

Алга болсон цэрэг Тувад амиа алджээ

Увс аймгийн Баруун туруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг АКА буутай, сумтай морио унаж алга болсон хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд гарсан.

Тэгвэл алга болсон цэрэг хоёрдугаар сарын 1-ний өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Тувагаас нас барсан байдалтай олджээ.

Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газраас тодруулахад “Цэрэг амиа алдсан хэргийг олон улсын хууль, гэрээ хэлэлцээрийн дагуу шалгадаг учраас мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэлэхдээ “Цэрэг амиа алдсан мэдээлэл байгаа. ОХУ-ын тал шалгана” гэсэн тайлбарыг өглөө. Өөрөөр хэлбэл, тухай цэрэг ОХУ-ын Тува хотын нутаг дэвсгэрээс амиа алдсан байдалтай олдсон учраас олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу ОХУ-ын тал энэ хэргийг шалгаж байгаа юм байна. 

Амиа алдсан цэрэг Завхан аймгийн Асгат сумын харьяат В бөгөөд эцэг, эх нь Увс аймагт очсон байгаа ажээ.

Д.Чойжамц хамба гахай жилийн өнгийг гаргалаа




Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр гарч буй гахай жилийн өнгө, зурхайн талаар мэдээлэхдээ “Ахмадуудад их ээлтэй, залуу үед дундаж, нялхаст хатуу жил болно гэж зурхайд буужээ. Нялхас гэдэг нь хоёр талтай. Бага балчир хүүхдээс гадна өөрийн гэсэн тогтсон бодолгүй, оюун санаа, ухамсар нь нялхаараа байгаа хүн нялхаст орно.

Цаг агаарын хувьд хур элбэтэй ч мөндөрөөс болгоомжил гэж буужээ. Засаг төрийн хувьд хямралтай байна гэж зурхайд буусан байна билээ. Аливаа зүйлийг эв зохицлоор шийддэг тул хямралыг эв зохицлоор эерүүлэх боломжтой. Ёс зүй гэдэг зүйл манай нийгэмд ус, агаар мэт хэрэгтэй байна.

Ардчилал нэрийн дор юу ч хийж болох мэт сэтгэж байгаа нь нийгмийг эмх замбараагүй, ёс зүйгүй болгож байна. Хоорондоо ярилцахдаа хов, хочоор ярилцах биш ёс зүйг баримталж байх нь чухал юм. Урвуулагч хэмээн шороон гахай жил гэдэг нь аливааг хааш нь ч урвуулах боломжтой гэдгийг ёгтолж хэлсэн утгатай. Муу, муухай зүйлийг сайн руу урвуулна гэсэн утгатай гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн гахайн жилийн өнгийг тольдов.

Иргэдэд НӨАТ-ын мөнгийг олголоо


Иргэдийн дансанд өнгөрсөн 2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг шилжүүлж эхэлсэн. Тодруулбал, нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн юм.

Өчигдөр орой 22:00 цагийн байдлаар 724624 иргэнд 103.* тэрбум төгрөг шилжүүлжээ.  Гэхдээ дансны шилжүүлэг хараахан дуусаагүй байгаа ч өнөөдөртөө багтааж дуусгана гэсэн юм.

Өнгөрсөн 2018 оны НӨАТ-ын буцаан олголтод нийт 808 мянга гаруй иргэнд 120 орчим тэрбум төгрөгийг буцаан олгоно.

Монголбанк нэгдсэн журмаар арилжааны банкуудад байршсан иргэдийн дансанд урамшууллын мөнгийг шилжүүлдэг. Банкаар нь ялгаж үлдээх боломжгүй дарааллын дагуу хийдэг учраас тодорхой хугацаа шаардах нь аргагүй юм.

О.Гэрэлт
olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗАМ ТЭЭВЭР 2019-02-12 04:42:17
    АВТО ТЭЭВЭР БҮР ДАМПУУРЛАА...60 ТЭРБУМААР АМЬСГАЛСАН АЖИЛГҮЙ ӨНДӨР ЦАЛИНТАЙ ҮЛ МЭДЭГЧ АВИЛГАЧИД...
  • Монгол зурхай 2019-02-06 15:18:17
    Хошногоны яр амины яр болжихуй гэжээ.
  • zochin 2019-02-03 11:55:41
    МОНГОЛ УЛС ИНГЭЖ ДООШОО ОРОХ ГЭЖ ДЭЭ