Улсын арслан Р.Пүрэвдагва сар шинийн барилдаанд анх удаагаа түрүүллээ
 
XVII Жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан Буянт-Ухаа дахь спортын ордонд болж өндөрлөлөө.

Өнөө жилийн сар шинийн барилдаан бөх сонирхогчдын таамагийг будлиулсан барилдаан болов.

Зургаагийн даваанаас их сонирхолтой болж, улсын аварга Н.Батсуурь улсын начин Э.Энхбатыг, улсын аварга С.Мөнхбат улсын харцага М.Бадарчыг давлаа. Мөн улсын арслан Р.Пүрэвдагва улсын аварга Ч.Санжаадамбыг, улсын арслан Ц.Содномдорж улсын начин Д.Анарыг давлаа.

Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж нар үлдэж, Улсын аварга Н.Батсуурь улсын арслан Р.Пүрэвдагвыг амлаж, улсын аварга С.Мөнхбат улсын арслан Ц.Содномдорж нар тунаж барилдсан билээ.

Харин хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд улсын арслан Р.Пүрэвдагва улсын аварга Н.Батсууриар долоо давж, түрүү булаалдахаар үлдэв.

Мөн улсын арслан Ц.Содномдорж улсын аварга С.Мөнхбатаар долоо давж, үзүүр түрүү булаацалдахаар болсон.

Ийнхүү наймын даваанд идэрхэн улсын арслан цолтой хоёр бөх түрүү, үзүүр булаалдаж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат “Бөх билэгт” дэвжээний бөх, Улсын арслан Р.Пүрэвдагва анх удаагаа түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, Улсын арслан Ц.Содномдорж мөн анх удаагаа үзүүрлэлээ.
 
Дээгүүр барилдаж их шөвөгт үлдэх болов уу гэж таамаглаж байсан Улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай нар дунд шөвөгт ч орж амжилгүй өвдөг шороодсон.

Дашрамд дуулгахад, Улсын аварга А.Сүхбатын нэрэмжит  ирээдүйн аварга шагналыг Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Лхагвадоржид гардуулж өгсөн бол “Улаанбаатар хивс” ХХК-иас олгодог Цахиур хагалах бөхийн шагналыг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат,  аймгийн хурц арслан Х.Цогтгэрэлд гардуулан өглөө.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-02-04 14:22:28
    ямар болхи бичдэг юм бэ цогтгэрэл хурц арслан биш шуудээ