Их хүмүүн, ижийдээ очих томилолтоо аваад үүрд явлаа
Үүрд дурсагдах хөшөө дурсгалаа
Үгээрээ босгож
Үзгээрээ сийлж үлдээсэн
Өнжүүлийн бор хүү, утга зохиолын ноён оргил, сод хүмүүн
Өвгөд дээдсийнхээ нутаг руу буйр сэлгэн бүр нүүлээ.

Их нутгаа, элгэн саднаа орхиж, ижийдээ үнсүүлэхээр үүрд мордлоо. Баярын өдрүүдэд тохиосон хачин их гунигтай мэдээ бараан үүлс адил нүүж байна. Хүн бүхэн халаглаж харуусаж байна. Хайран сайхан яруу найрагч хаврын сартай зэрэгцэж халин нислээ. Хайртай аав ээждээ очихоор, Өнжүүлийн хөх толгоддоо үүрд шингэхээр яарлаа.

Ингээд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавъяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн зарим шүлгүүдээс толилуулж байна.
 
Ижийг минь төрөх гээд ёолоход
Зуун цэцгийн дэлбээ тасарсан ч
Намайг төрөөд чарлахад
Мянган цэцэг цомирлогоо дэлгэжээ
Намайг төрлөө гэж
Дэлхийн жин нэмэгдээгүй ч
Би яахын аргагуй нэмэгдэхүүн
Би газар, тэнгэрийн хүү
Дуртгал маргааш хоёрын хэлхээ
Дуу нулимс хоёрын голтриг
Хоёр туйлыг холбосон уртраг
Төрөх үхэхийн дундах бодгаль
Гэрэл сүүдрийн цогц
Өөрийгөө элээж
Өрөөлийг ирлэж дуусах
Өнжүүлийн цэнхэр билүүний хэлтэрхий
Би
Дороо эргэлдэх өдөр шөнө
Нарыг жилдээ нэг тойрох
Газрын хаан
Намайг тэврэх гэж ярагдсан газрын шархыг
Нар алтан утсаар хөвөрдөхийн цагт Би хасагдахуун... хэмээн шүлэглэдэг сод яруу найрагч.

Ардын уран зохиолч 1944 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт төрсөн. Улмаар Худалдааны техникум төгсөж, 1973-1977 онд ЗХУ-ын Киноны дээд сургуульд Уран сайхны кино найруулагчийн мэргэжлээр суралцжээ.

МЗЭ-ийн хорооны Ардын үлгэрийн танхимын эрхлэгч, Нийтийн аж ахуйн үйлчилгээний соёлын ордны найруулагч, Монголын радиод сэтгүүлч, Улсын хүүхэлдэйн театрын даргаар ажиллаж байсан. Мөн 1992 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож соёл урлагийн олон арван хуулийн төслийг их хуралд өргөн барьж батлалцаж байв.
Яруу найргийн анхны түүврээ уран бүтээл туурвиснаас хойш 20 гаруй жилийн дараа "Уянгын тойрог" нэртэй хэвлүүлжээ.

Түүнээс хойш "Цагаан тэнхлэг", "Ангир уураг", "Гашуун өвс" зэрэг шүлгийн ном хэвлүүлж, 4000 мөр шүлэг бүхий "Тамгагүй төр", "Чимээгүй шөнө", "Бөртэ чоно", "Алтан шонхор" жүжиг туурвиж, "Бүлээн нурам", "Араатан" зэрэг кино, "Чи бидэн хоёр", "Үүлэн цэнхэр хангай", "Чамайг тойрон эргэлдэнэ", "Эр хүнийг хайрлаж яваарай" зэрэг олон дууны шүлэг нь дуунд дуртай ард түмний сонсох дуртай дуу болжээ.
 
"Боржигоны бор тал" зэрэг олон бүтээл нь дунд сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт орсон байна.  Тэрээр "Болор цом" яруу найргийн наадмын гурван удаагийн эзэн яруу найрагч билээ.
  
Боржигоны бор тал 
 
Санаа алдахад 
Эхийн сүү тагнайд амтагдаж 
Салхины үзүүр залгихад 
Агь хоолойд аргасан 
Боржигины бор тал минь Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог 
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь 
Таанын цагаан толгойноос өөр 
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь 
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл 
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь 
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь 
Торго шиг зөөлөн байсан чи 
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж 
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад 
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг 
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи 
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд 
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг 
Ботго нь үхсэн ингэний 
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг 
Чи л залгиж зовлонг нь хугасалж 
Чинэсэн хөхийг нь амирлуулсан 
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг 
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн 
Чиний шарх 
Зүрхний шархнаас хождож анина тал минь 
Тугалын бэлчээрээс эхлэн 
Тоглоом дэлгэсэндээ чи 
Намайг эрх болгосон 
Туулсан зуунуудын гашуун сургамжийг 
Хэлж зүрхлээгүйдээ чи 
Намайг гэнэн болгосон 
Газрын нүдэн булгийн чинь 
Хад цоолсон догшин цамнаа 
Намайг эрэмгий болгосон 
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой 
Хөх галын чинь урт улаан дөл 
Намайг бадрангуй болгосон 
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр 
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу 
Намайг уяхан болгосон 
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн 
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл 
Намайг хүн болгосон 
Байдуу мянганы уулсаа дууриан 
Толгойд буурад сууж 
Багадаа хөхсөн эхийн сүү 
Гадагшлахын цагт 
Шүлгээ би чам дээрээ 
Хүн улуу шиг орхиод 
Сүүдрээ дарж унахдаа 
Элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь хэмээн шүлгийг нь Монголын ард түмэн сайн мэднэ.


О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хуцаарай 2019-02-07 06:09:23
    Юун томилолт вэ. Доромжлоод байгаамуу?
  • Kkk 2019-02-07 02:13:33
    Шинийн нэгэнд үхэх ч сайн хүний шинж биш дээ
  • Болд 2019-02-06 18:20:11
    Байхад нь хайрахгүй явахад нь ухаарах юун Бид ийм л бна даа
  • БАТ & БАТ 2019-02-06 12:52:52
    УХААНТАЙ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ СУУТ УХААНТАН ХОВОРХОН ТѲРѲХ ТѲРМѲЛ АВЬЯАСТАЙ МОНГОЛЧУУДЫН БАХАРХАЛ БОЛСОН НЭГЭН БАЙЛАА !!!
  • ZOCHIN  2019-02-06 09:48:14
    SETGELD MINI OIRHON ,JINHENE GUNII YRUU NAIRAGCH BAIJDEE. MAGADGUI OLON OLON JILUUDED MONGOL HUMUUNII SETGEL ZURHEND UYATAI TIIM L HUN BJDEE. ....................