Тойм: Экс Ерөнхийлөгч АТГ-т байцаалт өгч, эрх баригч нам гишүүдээ хөөв
Өнгөрч буй долоо хоногт улстөр болоод нийгэмд нэлээд хэд хэдэн онцлох зүйл өрнөв. Ингээд онцлох үйл явдлуудыг түүвэрлэн тоймлож байна.
 
Хувиар такси эрхлэгчдийг торгохгүй байх шийдвэрийг гаргалаа
 
Өнгөрсөн долоо хоногийн нэг онцлох үйл явдал бол Нийслэлээс гаргасан мулгуу шийдвэрийг Засгийн газар цуцалсан явдал байлаа. Тухайлбал, хувиараа такси эрхлэгчдийг 100 мянган төгрөгөөр торгож эхэллээ гэсэн мэдээлэл иргэдийг бухимдуулсан. Таксигаар ар гэрийнхээ амьдралыг залгуулдаг хүмүүсийг торгох шийтгэх маягаар халаас руу гар дүрж, амьдралд нийцээгүй шийдвэр гаргасан удирдлагуудыг иргэд шүүмжилж харааж байв.

Тэгвэл энэхүү шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас цуцласан билээ. Ерөнхий  сайд У.Хүрэлсүх “Ард иргэдийн халаас руу гар дүрж болохгүй. Тиймээс энэ шийдвэрийг цуцал” гэсэн юм. Ингэснээр хувиараа такси эрхлэгчид торгуулахааргүй болсон юм.
 
МАН гишүүдээ хөөв

МАН-ын нэр хүндийг газарт унагаж, “шороотой нь хутгасан” 60 тэрбумын хэргийг одоо ч эцэслээгүй, Авлигатай тэмцэх газар болон Тагнуулын ерөнхий газрын хамтарсан Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ.

Гэсэн ч эрх баригч намынхан энэ хэрэгт нэр холбогдсон УИХ-ын дарга асан М.Энхболд, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, түүний туслахаар ажиллаж байсан А.Ганбаатар нарт улс төрийн хариуцлага тооцож эхэллээ. Өөрөөр хэлбэл, хэдхэн хоногийн өмнө МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, төрийн өндөр албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр үнэлж, наймаалцахыг завдсан хэрэгт нэр холбогдсон Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намаасаа хөөх шийдвэрийг гаргасан байгаа юм.

Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууныг намынхаа шийдвэрийг дагаагүй гэх шалтгаанаар МАН-ын гишүүнчлэлээс хасчээ.
 
Хотын даргад С.Мөнхчулуун дахин нэр дэвшихээ мэдэгдэв

Хотын дарга асан С.Батболд үүрэгт ажлаа хүлээлгэж өгч, оронд нь НИТХ-аас хотыг удирдах шинэ даргаар С.Мөнхчулууны нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн байдаг.

Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хотын даргад нэр дэвшигч С.Мөнхчулууны нэрийг батламжлахгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдэгдсэн билээ.

Тэгвэл эл асуудалд НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өнгөрсөн мягмар гарагт байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд миний нэрийг батламжлахаас татгалзсан бичгээ ирүүлсэн байна. Надад утсаар мэдэгдсэн, бичгээ албан ёсоор гардаж аваагүй. Татгалзсан шалтгаан үндэслэлээ тодорхой бичээгүй болохоор надад ямар нэгэн байр суурь байхгүй. Гэхдээ би Хотын даргад дахин нэрээ дэвшүүлнэ" гэх тайлбарыг өгсөн юм.
Экс Ерөнхийлөгч АТГ-т мэдүүлэг өгөв

Өнгөрсөн баасан гарагт нэгэн мэдээлэл сошиал орчинд түймэр шиг дэгдэв. Тэр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн жиргэсэн жиргээ байлаа. Тэрбээр Тавантолгойн асуудлаар тайлбар мэдүүлэг өгөхөөр, гэрээсээ зангиагаа засаад, гутлаа тослоод гарсан юм. Тэгээд 17.00 цагийн үед АТГ-т очиж байцаалт өгчээ.

Тэрбээр байцаалт өгсний дараа сэтгүүлчдэд “Хуулийн байгууллагаас асууя, тодруулъя хэмээн дуудсан цагт ирж тайлбар, мэдүүлэг өгнө. Монгол Улсын хууль бол миний хувьд хамгийн том хүч. Хаана ч явж байсан Монгол Улсын хуулийн байгууллага асууж тодруулах зүйл байна, байцаалт өгөөч,  мэдүүлэг өгөөч гэвэл би хамгийн түрүүнд ирээд өгнө. Хуулийн байгууллагаас зугтаах шаардлага надад байхгүй. Яг ийм байдлаар бид хуульд хандах ёстой. 179 хуудас материалтай би танилцаагүй. Хавтаст хэрэг рүүгээ хийсэн байгаа. Харин Ерөнхийлөгчийг энэхүү 179 хуудас материалаа олон түмэнд ил болгоосой, хэвлэлийнхэнд ил болгоосой гэж хүсч байгаа. Тэр материалд нуух зүйл байх ёсгүй” гэсэн байр сууриа илэрхийлсэн.
 
13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийн ялыг хэвээр үлдээв
 
Одоогоос хоёр жилийн өмнө “Очир" төвд 13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон юм.

Шүүхээс шүүгдэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэр гаргаад байна. Шүүх хуралдаанд шүүгчээр Д.Мягмаржав, прокуророор О.Багшбаяр, өмгөөлөгчөөр О.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг, Р.Булгамаа, Г.Батбаяр, Х.Баасанжаргал, Б.Бат-Ерөөлт нар оролцсон аж.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрөгч арваннэгдүгээр сарын 23-нд гэмт этгээдүүдэд бүх насаар хорих ял оноосон. Харин  нар дээрх шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байсан бөгөөд шүүхээс анхан шатны шийдвэрийг нь хэвээр үлдээсэн юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine