Японы театрт “дүүлэх” Монгол балетчин

Амьдралын анхны гараа, алдаа оноо хүсэл мөрөөдлөө олсон ягаан байшиндаа тэрээр ирэх дуртай. Ирэх бүртээ аавыгаа дагаж ирээд тоглодог байсан жижигхэн өрөө, оюутан болоод бэлтгэлээ хийдэг байсан 406 тоотдоо ороход өнгөрүүлсэн амьдрал, мэргэжлийн бүжигчин болохын төлөө хөдөлмөрлөж явсан хөлснийх нь үнэр одоо ч үнэртэх шиг болдог ажээ.

Аав, хүүгийн эсрэгцэл

Хэдийгээр өнөөдөр их наран улс руу хүлгийн жолоо залсан ч төрөлх театртаа, аавынхаа бүжиглэж байсан бүжгэн жүжигт гоцлож, хүсэл мөрөөдлийг нь биелүүлээд, монгол үзэгчидтэйгээ уран бүтээлээрээ уулзаад буцаж буйдаа сэтгэл нь тун хангалуун байгаа нь лавтай. Энэ хүн бол Японы урлагийн ууган, тэргүүлэх компани “Маки Асами”-гийн гоцлол бүжигчин О.Лхагвасүрэн юм. Хилийн чанадад монгол бүжигчний авьяас чадварыг гайхуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа эгэл бүжигчний амьдралын түүх сонирхолтой байх нь лавтай.

2007 оноос Японы театрт бүжиглэх болсон О.Лхагвасүрэнгийн хувьд жил бүр эх орондоо ирэхийг эрмэлздэг ч уран бүтээлд байнга оролцож амждаггүй ажээ. Харин өнгөрсөн есдүгээр сард амралтаараа ирэхэд нь УДБЭТ-ын уран бүтээлчид “Спартак” балетад гоцлох санал тавьжээ. Мэдээж энэ л театрт унаж босч хүн болсны хувьд төрөлх театртаа бүжиглэнэ гэдэг монгол хүний хувьд юутай ч зүйрлэмгүй сайхан санал. Мөн хэдийгээр уран бүтээлийн арвин туршлагатай ч Хачатуряны “Спартак” балетад өмнө гоцлож байсангүй. Тиймээс өөрийгөө сорих, ямар уран бүтээлч вэ гэдгээ харуулах том боломж гэж хүлээж авчээ. Гэхдээ О.Лхагвасүрэнгийн хувьд энэ балетын тухай мэдлэг, хүүхэд насанд нь үлдсэн гэгээн дурсамж бий. Учир нь түүний аав гавьяат жүжигчин С.Отгонням гуай тус балетын эсрэг дүр болох Красс гүнгийн дүрийг бүтээж байжээ. Харин хүү нь өдгөө Ромын эсрэг боолын бослогыг удирдагч Спартакын дүрийг бүтээлээ. Энэ дүр гоцлосноор тэрээр аавынхаа нэгэн үеийн мөрөөдлийг биелүүлсэн нь энэ юм. О.Лхагвасүрэн тус балетын тухай “Спартак балетыг манай уран бүтээлчид1984 онд анх тавьсан байдаг. Түүнээс хойш үе үеийн шилдэг гоцлоочид энэ бүтээлд авьяас чадвараа сорьсон. Миний хувьд эх орныхоо театрт олон жилийн дараа гоцлосондоо сэтгэл хангалуун байна. Багадаа аавыгаа Класс гүнгийн дүр дээр ажиллаж байхад ирж үздэг байсан. Тухайн үед өөрийгөө бүжигчин болно гэж боддоггүй байсан учир жаахан хайхрамжгүй байж. Аавыгаа бэлтгэл хийж байхад тайзны ард, урдуур жижиг хэрэглэл, сэлмийг нь бариад театрынхны хүүхдүүдэй тоглоод гүйдэг байж билээ. Харин өөрөө гол дүр бүтээх болоход аав минь их тусласан” гэсэн юм.



Урлагийн удам тасардаггүй
 

Урлагийн удам тасардаггүй ажээ. О.Лхагвасүрэнийн аав гавьяат жүжигчин С.Отгонням УДБЭТ-д 40 гаруй жил гоцлол бүжигчнээс эхлээд сургагч багш хүртэл хийж байсан юм. Энэ хугацаандаа театрт тоглосон бүхий л уран бүтээлд оролцсон нэгэн үеийн туршлагатай уран бүтээлч юм байна. Хүү нь анх театрт орчихоод аавтайгаа хамт тайзнаа олон удаа гарчээ. Эхлээд аав нь гоцлож хүү нь туслах дүр бүтээдэг байсан бол цаг хугацаа өнгөрч, эр өсч эсгий сунахад хүү нь гоцлож, аав нь туслах дүр дээр ажиллах болов. Нэг бүтээлд аав хүү болж тоглосон бол дараагийн бүтээлд өшөөт дайснууд болох нь бий. Аавынхаа дарга нь болж, тайзан дээр зандрах нь энүүхэнд. Бүр аавыгаа бороохойдож хүртэл тогложээ. Тайзнаас буучихаад аавыгаа харахаас жаахан эмээж байсан тухайгаа тэрээр дурсамж дэлгэн ярилаа. Ийнхүү төрөлх театртаа ажиллаж байсан тэр гэгээн өдрүүд, аавтайгаа тоглож, ааваараа заалгаж, алтан үеийнхнээс сурч явсан цаг хугацаа нь өнөөдөр дэлхийн тайзнаа дүүлэн нисэх, чадварлаг, авьяастай бүжигчин болох суурийг нь тавьж байсныг тэрээр хожим ухаарчээ. Аав нь хүүгээ Японд очих болоход харамласангүй. Харин хүсэл мөрөөдлөө биелүүлж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, Монголын сонгодог урлагийн нэрийг өндөрт өргөж яваарай гээд духан дээр нь үнэрлээд явуулсан гэдэг. Тэрээр аавынхаа захисан тэр л захиасыг санаж, тайзан дээр гарах бүртээ “Би монгол хүн учир чадах ёстой” гэж өөрийгөө хурцалдаг гэж байв.

“Чи Д.Алтанхуягаас сайн уу”

О.Лхагвасүрэн Японы “Маки Асами” компанид ажиллаж буй гурав дахь монгол бүжигчин юм.Түүнээс өмнө монгол бүжигчдийн шанг татсан хүн нь балетчин Б.Дашцэрэн ажээ. Түүний дараа гавьяат жүжигчин Д.Алтанхуяг бүжиглэдэг байжээ. О.Лхагвасүрэнг 2007 онд шалгаруулалтад орохыг Б.Дашцэрэн ах нь зөвлөжээ. Компанийн удирдлагууд ч түүнээс олон зүйл асуусан гэдэг. “Чи хэдэн настай вэ”, “Алтанхуяг шиг сайн уу” гээд л. Хэд хэдэн удаа шалгалт авч, ярилцлага хийсний эцэст тэрээр компанитайгаа гэрээ байгуулж чаджээ. Японы сонгодог урлагийн анхдагч, тэргүүлэх компани “Маки Асами” 64 жилийн түүхтэй. Японд төдийгүй дэлхийн олон оронд хүрч уран бүтээлээ хүргэдэг ажээ. О.Лхагвасүрэнгийн хувьд одоогоор ганцаараа гадаад бүжигчин гэнэ. Гэхдээ компанийн удирдлага, уран бүтээлчид нь түүнийг гадаад гэдгийг бараг мартсан гэхэд болно. Залуу бүжигчид ч түүнийг монгол хүн гэж мэддэггүй. Тоглолтын үеэр танилцуулгыг нь хараад л “Та монгол юм уу” гэж гайхдаг гэж байв. Арлын Японд 12 жил ажиллаж, амьдарч байгаагийн хувьд япон хэлийг төгс эзэмшиж, гэрийг нь гийгүүлэх бүсгүйгээр япон эмэгтэйг сонгожээ. “Маки Асами” компани орчин үеийн бүжгийн арга барилыг тусгасан рояал дэгтэй. Ер нь Японы урлагийн компаниуд өөр өөрийн онцлогийг харуулсан дэгтэй байдаг юм байна. Монгол бүжигчний хувьд эх орондоо орос школ эзэмшсэн. Гэхдээ оюутан байхад нь багш нар орон орны дэг сургалтын тухай хангалттай мэдлэг олгосон тул түүнд хүндрэлтэй зүйл гарсангүй. Харин ч хоромхон хугацаанд ур чадвараа гайхуулж, гоцлол бүжигчин болж дэвшсэн гэнэ. О.Лхагвасүрэн 12 жилийн хугацаанд тайзнаа тавигдсан бүхий л уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн туршлагатай бүжигчин юм. Түүнээс “Шадар гурван цэрэг”, “Парисын дарь эхийн сүм”, “Дон Кихот”, “Нойрссон гүнж” бүтээлүүдийг онцолж болохоор. Монгол бүжигчин маань “Парисын дарь эхийн сүм” жүжгийн ламын дүр мэргэжлийн өндөр ур чадвар, тэсвэр тэвчээр шаардсан тухай ярьж байсан юм. Энэ дүр дээр ажиллахад хүн бүхэн их хүнд, хэцүү дүр болохыг сануулжээ. Эхлээд хөдөлгөөний дэс дарааллаа сурчээ. Ийнхүү эхний бүтэн бэлтгэл хийхэд бүжгэн жүжгээ дуусгаж чадахгүй болтлоо цуцсан гэнэ. Гэхдээ нэгэнт л энэ мэргэжлийг эзэмшсэн тул хөл нь чичирч, хөлс нь дусалж байсан ч ард нь гарна гэж бодоод хичээсэн гэдэг. Харин тоглолтын дараа найруулагч түүнд тусгайлан баяр хүргэхэд өөрийн эрхгүй нулимс унагажээ.

“Ирээдүйн балетчин өсч байгааг үгүйсгэхгүй”

Балетчин О.Лхагвасүрэн япон гэргийтэй гэж дээр цухас дурьдсан. Түүний гэргий Накагава И Кү мөн л балетын гоцлооч. Гэргийгээ анх “Маки Асами” театрт бүжигчнээр орох үед нь сэтгэл алдарчээ. Адилхан уран бүтээлч тул бие биенээ ойлгож, хамгийн үнэнч зөвлөгчөөс гадна шүүмжлэгч нь байж чаддаг гэнэ. Гэргий нь монгол хоолонд их дуртай. Амралтын өдрөөр гэр бүлээрээ бууз, хуушуур, цуйван гээд монгол хоол хийж иддэг тухайгаа дурсч байсан юм. Монголд ирэхээрээ тэд үндэсний дээлээр гоёж, үзэсгэлэнт газруудаар аялах дуртай гэнэ. Хосууд нэг охинтой. Эцэг хүний хувьд охиноо монгол гэх сэтгэлтэй, аавынхаа эх орны тухай мэдлэгтэй болгохыг хүсдэг ажээ. Охин нь дөнгөж гурван настай хэрнээ урлагийн өндөр мэдрэмжтэй гэсэн. Аав, ээжийгээ дуурайж дасгал хийхийг нь харахад гэрт нь ирээдүйн балетчин өсч байгааг үгүйсгэхгүй гэж  боддог болсон тухайгаа хуучилж байв. Гэхдээ заавал балетчин бол гэхгүй өөрийнх нь хүсэл мөрөөдлийг харгалзана гэж боддог ажээ.

Циркчин болохыг мөрөөддөг байв

О.Лхагвасүрэн айлын ганц хүү. Аав нь балетчин, ээж циркчин байжээ. Тэрээр эхлээд циркчин болохыг мөрөөддөг байж. Гэвч хувь тавилан түүнийг балетын урлаг руу хөтөлсөн аж. Багаасаа их хөдөлгөөнтэй, дуулж бүжиглэх сонирхолтой хүүхэд байжээ. Нийтлэлийн баатар маань багадаа “Хунт нуур” бүжгэн жүжгийн олны хэсэгт гарч байснаа мартдаггүй гэнэ. Гуравдугаар үзэгдэл дээл хатан хааны нөмрөгийг бариад тайз руу гарч. Тоглолтын үеэр уйдаад байсан учир босоод явчихаж. Уг нь үзэгдэл дуусахад эргээд нөмрөгийг нь бариад явах ёстой юм. Ийнхүү хүүгийнхээ хийсэн алдаанаас болж аав нь сайн донгодуулаад амжжээ. Тэрээр 43 дугаар сургуульд нэгдүгээр ангид элсч, дөрөвдүгээр ангиасаа Хөгжим бүжгийн коллежид оржээ. Ийнхүү Монголынхоо нэрийг дэлхийн тайзнаа дуурс­гаж яваа бүжигчний амьдралын хуудсыг сөхсөн энэ удаагийн тэмдэглэлээ энд хүргээд жаргаая. Балетчин О.Лхагвасүрэн эх орондоо “Спартак” балетад бүжиглэхийн тулд үндсэн ажлаа орхиод ирсэн. Эргэж очоод шууд бэлтгэлдээ орно гэж ярьж байсан юм. Магадгүй тэрээр өнөөдөр онгоцноос буугаад үүргэвчээ үүрээд шууд бэлтгэлийн заал руугаа ч явж магадгүй хүн. Учир нь сонгодог урлаг түүнийг ингэтлээ өөртөө дурлуулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zaluu mini bayar hyrgye!Baletiin yrlag b 2019-04-03 08:43:53
    Manai zaluuchuud chadaltai onchlog chanaryyd ikhe bii!bainga l syralchaj hicheedeg yum syy!!!!hyn sain syralzaj nerd garsan ch chag hygazaa bainga emne ni bainh...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-02-26 02:15:59
    баяр хүргэе. Монгол хүн гэдгээрээ бахархаж яваарай. Хань япон байх хамаагүй, та нар амьдралаа сайхан бүтээж, нэг гэр бүл болж чадсан нь аз жаргал. Амжилт хүсье....
    202.179.27.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Yapon Jingeriin al doloogch 2019-02-25 21:23:10
    Yapon Jingeriin al doloogch yum biz dee.
    139.78.246.112
    Мэдэгдсэн Хариулах
    • Mongol hyn agyy?... 2019-04-03 08:45:45
      chi bitgii hyz!!!hen ch bis mal baij?....
      148.60.92.227
      Мэдэгдсэн Хариулах
  • Ах 2019-02-25 13:49:31
    Мундаг залуу байна, амжилт хүсье!!! Биеэ тоож онгирч л болохгүй шүү!!! (Япон хүүхнүүд монгол залуучуудад их дуртай юм билээ!)
    64.119.19.49
    Мэдэгдсэн Хариулах
  • tanii yran byteeld amjilt hysej sain sai 2019-02-25 12:39:46
    Bayarlalaa,ene bol bidnii baharhal Baletchin Lhagbasyren dee!!amjilt hysej Mongolchyydiin dyyriin dyychid byjigchidiin gaihamsigiin neg besren sytegchidiin talb...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-02-25 08:00:54
    Хүний нутагт сайн яваа нэгэн чинь эх орныхоо нэрийг сайнаар дуудуулж байгаа. Харин чи
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Yapon Yashkatai suusn yum biz dee 2019-02-25 01:35:34
    Ene bas neg Yapon Yashkatai suusan zaluu bainaa. Ene Hakuho bolon busad sumochid geed budg Yaponi jingeriin doodoh unssen yumnuud bainaa. Ug n Mongoltoigoo suuj...
    139.78.246.112
    Мэдэгдсэн Хариулах
    • Бүү атаарх 2019-11-08 02:03:01
      Энэ муу хэлээд бгаа д нь монгол ч олдохгүй салбарууд бгаа даа хаха
      122.201.24.197
      Мэдэгдсэн Хариулах
      • Алдаа үгийн  2019-11-08 02:04:17
        Халтарууд бгаа лөө
        122.201.24.197
        Мэдэгдсэн Хариулах