Баянзүрх, Налайх дүүрэгт  80 шахам тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийж байна

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, сонгогдсон тойрогтоо хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын томоохон ажлуудын явц байдалд анхаарал тавин ажиллаж буйгаа мэдээллийнхээ эхэнд онцлов.

Энэ онд нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэгт улсын төсвийн болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 80 шахам тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан мэдээлэлдээ дурдаад зарим томоохон барилга байгууламжийн явц байдлын талаар товч танилцуулав. Тухайлахад, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Амгалан” дулааны цахилгаан станц энэ онд ашиглалтад орсноор хотын дулааны хэрэгцээний 25 хувийг дангаараа хангаж, нийслэлчүүдийн ая тухтай амьдрах таатай боломж дээшилнэ. Мөн энэ онд ашиглалтад орох 3 дугаар төрөх эмнэлгийн барилгын ажлын явц 90 орчим хувьтай байна.

Дүүргийн хэмжээнд барихаар төлөвлөгдсөн замын бүтээн байгуулалтын ажлын явц ч сайн байгаа. Баянзүрхээс хотын төв рүү чиглэсэн болон Шар хадны эцсээс Улиастай, Дүнжингарав-Улиастай чиглэлийн замын ажил төлөвлөгдсөн хугацаандаа 70-80 хувийн явцтай байгаа. Богд уулын араар Яармагийн гүүрээс Баянзүрхийн товчоо хүртэлх 17.2 км замыг ашиглалтад оруулснаар нийслэлийн авто замын ачаааллыг бууруулахад чухал ач холбогдолтой болсныг тэрбээр хэллээ.

Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн тухайд Баянзүрх дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн цэцэрлэгийн 11 барилга баригдаж байгаагаас 5 барилга нь энэ онд ашиглалтад орсноор тус дүүргийн 5 хорооны эцэг эхчүүд 150-200 хүүхэд хүлээн авах шинэ цэцэрлэгтэй болно. Мөн ирэх онд тус дүүргийн 3 хороонд бага сургууль-цэцэрлэгийн шинэ цогцолбор ашиглалтад орно гэдгийг дурдав.

Дараа нь хэвлэлийн бага хуралд оролцсон нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн Засагт даргын орлогчид орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар дүүрэгтээ хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцын талаар танилцуулсан юм.

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт “Энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус дүүрэгт 5.4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр батлагдсан. Энэ ажлыг дүүргийн иргэдийн саналд тулгуурлан хийж байгаа”, Налайх дүүргийн Засаг даргын орлогч Ч.Одонхүү “Манай дүүрэгт нийтдээ 18.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөгдсөн. Бүх ажлын тендер зарлагдаж, ажлын явц 70-80 хувьтай байгаа” гээд бүтээн байгуулалтын зарим ажлын явц байдлын талаар товч танилцуулав.

Мөн Улсын Их Хурлын гишүүний зөвлөх С.Амарсайхан хэлэхдээ, гишүүн тойрогтойгоо нягт уялдаатай ажиллаж, бүтээн байгуулалтын ажлын явц байдалтай газар дээр нь танилцан мэдээллийг дүүргийн иргэд сонгогчдод шуурхай хүргэхэд анхаарч ажиллаж байгаа. Энэ үүднээс Баянзүрх дүүргийн хамгийн алслагдсан 11 дүгээр хороо буюу “Ургах наран” хорооллын иргэдэд интернэтийн үйлчилгээ хүргэх ажлыг “Монголын цахилгаан холбоо” компанитай хамтран эхлүүлээд байгаа гэдгийг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-10 04:14:10
    Налайхад очоод Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалт яриад байх нь хир тохиромжтой вэ, Сурвалжлагаас Налайхад хийгдсэн ажлынх нь талаар олж харсангүй
    202.70.41.130
    Мэдэгдсэн Хариулах