Долоо хоногийн онцлох үйл явдлууд

Халаа сэлгээ томилгоо үргэлжилсэн бас нэгэн долоо хоног өнгөрч байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг даргаар С.Амарсайхан томилогдлоо. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт улс оронд болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Хотын даргаар С.Амарсайханыг сонголоо

Гурван сар шахмын хугацаанд эзэнгүй байсан Улаанбаатар хот өнгөрсөн долоо хоногт шинэ даргатай боллоо. Тодруулбал өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт НИТХ-ын ээлжит хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг сонголоо. 

Санал хураалтад НИТХ-ын  45 төлөөлөгч оролцсоноос 56.8 хувийн саналаар С.Амарсайханыг Улаанбаатар хотын захирагчаар сонгосон юм. Улмаар лхагва гарагт  Ерөнхий сайд У.Хүрэлсүх хотын даргыг батламжлав. 

Засгийн газрын долоон санг татан буулгав

Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар Засгийн газрын долоон тусгай санг татан буулгах шийдвэр гаргав. Тодруулбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдэлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, ОУ-ын хамтын ажиллагааны сан, Боловсролын дэмжих сан, агаарын бохирдлын эсрэг санг татан буулгах юм. 

Харин Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, ЖДҮХ санг нэгтгэх шийдвэр гаргасан байна. Мөн Улсын авто замын сан, боловсролын зээлийн сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэх гурван сангийн үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж үзжээ. 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 15 санг хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм.

21.3 мянган иргэний тэтгэвэр нэмэгдэх боломжтой хуулийн төсөл санаачлав

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарын 12 гишүүн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачилж, өргөн барилаа.

Хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн буюу бага тэтгэвэр авч байгаа эхчүүдийн тэтгэврийн хэмжээг бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх зохицуулалтыг тусгажээ.

1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах насанд хүрээгүй ч 4-өөс дээш хүүхэдтэй эхчүүд, улсад 27-гоос дээш жил ажилласан эмэгтэйчүүд, улсад 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд тэтгэвэрт гарсан билээ.

Улмаар дараа нь гарсан бусад хууль тогтоомжоор нөхөн олговор, хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах болсон ч тэтгэврийн хэмжээ нь харьцангуй бага тогтоогдсоор ирсэн юм. Тухайлбал, 1997 оны хоёрдугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдийн 87.5 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэврээс бага тэтгэвэр авч байна.

Тиймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийг дор хаяж бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ.

Ингэснээр өдгөө амьд сэрүүн байгаа 21.3 мянган иргэний тэтгэвэр 50.000-70.000 төгрөгөөр нэмэгдэх юм байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр О.Амартүвшин сонгогдов

МҮХАҮТ-ын их хурал өнөөдөр өглөөний 05 цагт  Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн даргаа томиллоо. Дөрвөн жилд нэг удаа болдог их хурлаараа танхимынхан Ерөнхийлөгч, Танхимын дарга, МҮХАҮТ-ын орлогч дарга, Танхимын Ерөнхий нарийн бичгийн даргаа томилдог.   

Өнөө жил МҮХАҮТ-ын ерөнхийлөгчид МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар нэр дэвшин өрсөлдөж, О.Амартүвшин олонхийн санал авчээ.

“Эко алтан заамар” компанийн уурхайд ноцтой осол гарлаа

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн уурхайн хөрс цөмөрсөн ноцтой осол пүрэв гарагт гарлаа. Ослын улмаас таван хүн нас барсан бол гурван хүн нурангинд дарагдсан байдалтай байна. ОБЕГ-ын аврах бие бүрэлдэхүүн ослын газар ажиллаж үргэлжлүүлэн ажиллаж байна.

"Эко Алтан Заамар" ХХК нь 2014 онд байгуулагдсан уул уурхайн төсөл хэрэгжүүлэгч компани юм. 

 

П.АНИР 

Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.