Б.Авид: Нүүрсний нөөцөө түшиглээд химийн аж үйлдвэрийг хөгжүүлье
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж,  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор, академич Б.Авидыг урилаа.

-XXI зуунд мэдлэгт суурилсан эдийн засаг бүхий улс орон хөгжлөөрөө тэргүүлж байна. Мэдлэгт суурилсан эдийн засаг гэдгийг тухайн орны үйлдвэрлэлийн түвшингээр тодорхойлно. Түүн дотор экспортын бүтээгдэхүүнд мэдлэг хир шингэсэн бэ гэдэг хэмжээгээр дүгнэнэ.

Мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж тухайн улсын өрсөлдөх чадвар нь сайжирна. Манай улсын хувьд дан ганц түүхий эдийн экспортоор хол явахгүй гэдэг нь харагдаад байна. Мэдээж мэдлэгт суурилсан эдийн засаг руу тийм амархан, хурдан шилжиж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хууль, эрх зүйн орчин, шинжлэх ухаан, технологийн болон үйлдвэрлэлийн салбар бэлэн болж байж эдийн засгаа хөгжүүлнэ л дээ. Мэдлэгт суурилсан эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр олон янзын санаа, бодол байгаа.

Дэлхийн бүх хөгжих гэж байгаа улсууд нэг л завин дээр байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, бид өрсөлдөгчид. Бүгд хөгжих гэж хичээж байгаа. Бидний хувьд ухаалаг гар утас үйлдвэрлээд Америк, Солонгостой өрсөлдөж одоохондоо чадахгүй. Гэхдээ тэр завин дээр бидний хөгжлийн орон зай байх ёстой. Манай улс сэргээгддэг болон сэргээгддэггүй ашигт малтмал, түүхий эдээр маш баян. Тиймээс энэхүү баялгийг өндөр технологийн аргаар боловсруулснаар гарч ирэх юм. Нэмүү өртөг шингэсэн манай орны онцлогтой бүтээгдэхүүн гаргаж чадвал өрсөлдөөнд хүчтэй орж чадна.

Түүхий эдийг боловсруулна гэдэг амархан биш. Манайд угаасаа үйлдвэрлэл муу хөгжсөн. Манай улсад ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд заавал гаднаас нэмэлт бүтээгдэхүүн хэрэгтэй болдог. Тэгэхээр ямар нэгэн суурь, эхлэлийн үйлдвэр байх ёстой. Тэр нь химийн аж үйлдвэр юм. Химийн аж үйлдвэр буюу суурь үйлдвэр нь байвал бусад үйлдвэрийг ямар ч байдлаар хөгжүүлж болно.
 

Нефтиэс нүүрс нь илүү боломжтой

-Химийн аж үйлдвэр яагаад хэрэгтэй вэ. Хамгийн энгийн жишээгээр хэлэхэд малын гаралтай түүхий эдийг химийн бодисгүйгээр боловсруулж чадахгүй. Уул уурхай, газар тариалан, хөдөө аж ахуй гээд маш олон салбарт импортын химийн бүтээгдэхүүнийг ашиглаж байна. Хэдийгээр химийн бодис хортой, байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэдэг ч химигүйгээр амьдрал явахгүй. Тэгэхээр байгаль орчинд ээлтэй орчин үеийн үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй. Үүний тулд суурь болгож химийн аж үйлдвэртэй болмоор байгаа юм. Тэгвэл химийн аж үйлдвэр нь нүүрс эсвэл нефть дээр түшиглэнэ. Манай оронд нефтийн нөөц тийм их биш. Харьцангуй бага. Энэ бага нөөцөө бид тодорхой хэмжээнд ашиглаж эхлэх гэж байна. Гэхдээ түлш, шатахууны асуудлыг л шийдэх хэмжээнд үйлдвэрлэл явах байх.  Дээр нь нэмээд битум гаргаж магадгүй. Харин химийн аж үйлдвэрийн нөөц болж чадахгүй.

Тиймээс энэ үйлдвэр дээр нэмээд нүүрсэнд суурилсан химийн аж үйлдвэрийг байгуулъя. Манай орны төвийн болон зүүн бүсэд асар их хэмжээний хүрэн нүүрс бий. Энэхүү их хэмжээний хүрэн нүүрсийг бүгдийг нь ашиглаж чадахгүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр химийн  аж үйлдвэрт ашиглах боломжтой. Ахмад эрдэмтэд ч ярьдаг. Монгол Улсад химийн аж үйлдвэр хөгжих зориулалтаар асар их хүрэн нүүрс байдаг гэдэг юм.

Нүүрсэн дээр суурилсан үйлдвэр нь хоёр чиглэлээр хөгжих боломжтой. Нэг нь коксжуулах, нөгөөх нь хийжүүлэх үйлдвэр байна. Манайд Тавантолгойд сайн коксждог нүүрс бий. Тэр нүүрсийг ашиглаад коксжуулах үйлдвэр бариад гарсан коксоор нь төмрийн хүдрээ боловсруулж цэвэр ган, төмрийг экспортод гаргах зам байна.  Төмрийн хүдрээ, нүүрсээ түүхийгээр нь гаргахгүй нэг гарц нь яах аргагүй энэ.

Дараагийнх нь нүүрсийг хийжүүлэх үйлдвэр юм. Хийжүүлэлт нь илүү өргөн хэрэглээтэй. Нүүрсийг хийжүүлээд нийлэг хий гаргаж авна. Нийлэг хий гаргаж авбал их олон янзаар ашиглаж болно. Устөрөгч гаргаж аваад азотын бордоо хийх боломжтой. Манай улс зэсийн асар их нөөцтэй. Гэхдээ зэс хайлуулах үйлдвэр барьж чадахгүй олон жил болж байна. Эдийн засгийн, тогтвортой бодлогын зэрэг олон шалтгаан байгаа ч нэг чухал зүйл нь зэс хайлуулах үйлдвэрээс гарах хүхэрлэг хийг яах вэ гэдгийг шийдэж чадахгүй байгаа юм. Тэгвэл хүхэрлэг хийгээрээ хүхрийн хүчил хийгээд нүүрснээс гаргаж авсан устөрөгчтэй нийлүүлж азотын бордоо хийж болно.

Нийлэг хийгээр нефтиэс гаргаж авснаас хамаагүй цэвэрхэн түлш, шатахуун үйлдвэрлэж болно.  Төрөл бүрийн химийн бодис гаргаж “Оюутолгой”, “Эрдэнэт” гэх мэт томоохон үйлдвэрүүддээ ашиглаж болно. Материалын шинжлэх ухаан маш их хөгжиж байгаа энэ зуунд вакум цонхныхоо хуванцрыг хүртэл өөрсдөө хийчих боломж байна шүү дээ. Хамгийн гол нь суурь үйлдвэр нь байхгүй учир бусад нь урагшлахгүй байгаа юм.

Химийн аж үйлдвэрийн дараагийн том ач холбогдол нь цахилгаан эрчим хүч. Ердийн уламжлалт нүүрс түлдэг станцаас хоёр дахин үр ашигтай. Хий шатааж байгаа учраас байгаль орчинг бохирдуулахгүй. Ер нь энэхүү суурь үйлдвэрээс салбарлахгүй, ашиглахгүй салбар гэж байхгүй. Дэлхий дахинд машины үйлдвэрлэл улам хөгжиж цахилгаанаар, устөрөгчөөр явдаг машинууд хүчээ авч байна. Тэр устөрөгчийг гаргаж авах эх үүсвэр нь нийлэг хийний үйлдвэр байгаа юм.

Хоёр дахь шатны үйлдвэрлэлийн эдийн засгийн тооцооллыг хийх хэрэгтэй

-Суурь үйлдвэрээ байгуулчихвал цаашлаад олон салбарт ашиглаж болно. Дээр хэлсэнчлэн төмрийн хүдэр, зэс, нүүрсэндээ суурилсан хэдхэн сайн үйлдвэр барьчихвал Монгол Улсын хөгжилд боломж байна шүү. Зөвхөн монгол хүний толгойгоор л хөгжинө гэж бид ярьж байна л даа. Энэ үнэн. Гэхдээ мэдээллийн технологийн хөгжлөөр л гэхэд Энэтхэгтэй өрсөлдөнө гэдэг юу л бол. Тиймээс арвин байгаа байгалийн нөөцөнд тулгуурласан хими дээр суурилсан аж үйлдвэр нь илүү ойрхон байх гэж би бодоод байгаа юм. Нөгөө талаас байгаль орчны байдлаа бодоод цөөхөн тооны маш найдвартай орчин үеийн үйлдвэр байгуулах хэрэгтэй. Монгол Улсын хэрэглээ ч бага. Хятадад бол замбараагүй ихийг байгуулаад эргээд хаягдлаа даахгүй болж байна. Тиймээс цөөн тооны, гурав дөрөвхөн үйлдвэр байхад улсын эдийн засаг босчих боломжтой. Хүрэн нүүрс ирээдүйд түүхийгээрээ хэр удаан явах нь ойлгомжгүй байгаа шүү дээ.

Нүүрсийг боловсруулах асуудал олон жил яригдсан. Голдуу түлш, шатахууны чиглэлээр яригдаж байсан. Химийн үйлдвэр хөрөнгө оруулалт их шаардана. Тиймээс зарим компанийн боловсруулсан томоохон төслүүд олигтой урагшлаагүй зогссон байгаа. Мэдээж маш том төсөл, том ажил болно. Гэхдээ зоригтойгоор хийх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт их шаардана гээд суугаад байвал өөр гарц бүр байхгүй харагдаад байна.

Нүүрсийг боловсруулах эхний үе шат нь адилхан. Эхлээд нийлэг хий гаргана. Гарсан нийлэг хийгээ юу болгох вэ гэдгээс хамаараад хоёр дахь үе шатны үйлдвэрийн асуудал яригдаж байгаа юм. Эхний шатны үйлдвэрийн эдийн засгийн тооцоолол бол манайд хийгдчихсэн. Нүүрсийг нийлэг хий болгосноор ямар боломжууд байгааг тооцоолчихсон гэсэн үг. Харин одоо хоёр дахь шатны үйлдвэрийн тооцооллыг хийх хэрэгтэй байна. Дуртай юмаа үйлдвэрлээд экспортод гаргана гэж байхгүй шүү дээ. Олон улсад ямар орон зай байгааг тооцох хэрэгтэй. Хоёр дахь шатны үйлдвэрлэлээр бид юу хийх вэ гэдгээ, эдийн засгийн ашиг шим нь ямар байх вэ гэдгийг тооцоолох ёстой. Жишээлбэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэд нийлэг хийнээс байгалийн хий үйлдвэрлэх төсөл ТЭЗҮ нь хийгдчихсэн явж байгаа. Энэ бол зөвхөн нэг чиглэл нь юм.  Манай улсад химийн бүтээгдэхүүний хэрэглээ муу учир нарийн тодорхой мэдээлэл хомс байдаг. Манай улс ямар бүтээгдэхүүн импортолдог вэ гээд бодоод үзэхээр уул уурхайд тэсэлгээний материалаас эхлээд маш олон бүтээгдэхүүн хэрэглэж байна.

Газар тариаланд бордоо их орж ирж байна. Түлш шатахууныг тэрбум тэрбум доллараар худалдаж авч байна. Экспорт импортыг харьцуулбал импорт хамаагүй их. Орон зай байх л учиртай. Тиймээс нарийн тооцоо хийх ёстой.  Манай хөрш гүрнүүд Монгол Улсад химийн аж үйлдвэр хөгжөөсэй гэж бодохгүй л байх. Химийн аж үйлдвэр нь хөгжсөн улс бие даасан, хүчирхэг болно л доо. Миний бодлоор Монгол Улс маш их хэмжээгээр байдаг хүрэн нүүрсэндээ суурилсан химийн аж үйлдвэрийг хөгжүүлж байж л урагшилна, дагаад маш их боломжууд гарч ирнэ. Тэр бүгдийг ашиглах ёстой гэдгийг л дахин хэлье.

 “Зууны мэдээ” сонин
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin  2019-05-30 08:31:27
    boox dajgui shuu zaaval xiix xeregtei. bidend bolomj bgaa toriig tuxnuuleed uildveree xugjuulexed dajgui goy uls bolox nee
    202.55.188.44
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-03-04 02:59:37
    Avilgachid naadahiig chine hugjuulehgui gatsaana
    66.181.180.91
    Мэдэгдсэн Хариулах