Байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Байнгын хорооны хуралдааныг чуулганы чөлөө цагт зохион байгуулж болно” хэмээн заасан байдаг бөгөөд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдахаар товлоод байв. Хуралдаанаар олон улсын, нэн хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн талаар зөвшилцөхөөс гадна “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсохоор төлөвлөсөн болохыг Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулсан юм. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны ирц хүрээгүй хэдий ч “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү хэмээн Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагваас хүссэн юм.

    Монгол Улсын Их Хурлын дарга 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 57 тоот захирамж гарган “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмснээр нийт 13 гишүүнтэй болсон гэв. Тус ажлын хэсэг нийт 7 удаа хуралдсан бөгөөд гишүүдийн гаргасан санал, хэлсэн үг бүрийг тэмдэглэн дэд ажлын хэсгүүд дээр нэгбүрчлэн хэлэлцэж, санал, дүгнэлтэд тусгахыг хичээж ажилласан хэмээн Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва онцолж байв. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий таван дэд ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан байгуулж, ажиллуулсан байна. Дэд ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнд нам, эвсэл, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтнүүд багтжээ. Дэд ажлын хэсгүүд нийтдээ 37 удаа хуралдсан бөгөөд чиглэл чиглэлээрээ сайн ажилласан гэж дүгнэж буйгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва дурдлаа.

Ажлын дэд хэсгүүдийн тайланг 2018 оны 06 дугаар сард нэгтгэсэн хэдий ч нягтлах, тодотгох шаардлагатай хэмээн үзснээр 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр албан ёсоор хүлээн авчээ. Эдгээр тайланг нэгтгэн 2018 оны есдүгээр сард багтаан ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлж, саналыг нь авсан байна. Ажлын хэсгийн гишүүдийн дүгнэлт 2018 оны 11 дүгээр сард ирсэн бөгөөд санал, дүгнэлтүүдийг нэгтгэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр  ажлын хэсгийн тайланг эцэслэн боловсруулсан гэв. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргад тайлангийн хувийг хүргүүлж, уг тайланг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлт гаргасан аж. Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн ажлын хэсэг өнөөдрийг хүртэл хуралдаагүй гэдгийг ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва хэлсэн. Ажлын хэсгийн гишүүдийн ихэнх нь тайланд гарын үсэг зурахаа мэдэгдээд байгаа бол зарим нэг гишүүн нягтлах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа аж. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд багтсан эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, нам, эвслийн төлөөлөл хүрэлцэн ирээд байгаа бөгөөд Ажлын хэсгийн тайлан, санал дүгнэлтэд эдгээр төлөөллийнхөө саналыг бүрэн хэмжээгээр тусгасан гэж үзэж буйгаа тэрбээр төгсгөлд нь хэллээ.

    Ийнхүү Байнгын хорооны гишүүдийн ирц хүрээгүй тул хуралдааныг хойшлуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-03-05 08:00:48
    зориудаар ирээгуй нехдууд урвагч нар л байж таараа
    202.9.43.68
    Мэдэгдсэн Хариулах